-Философийн ухааны доктор Б.Батчулууны ээлжит нийтлэлийг хүргэж байна.-
ЭНЭ БОЛ ТЭДНИЙ ЭХЛҮҮЛСЭН ДАЙН БИШ
Таних, танихгүй нь хамаагүй хоёр хүн зөрөөд өнгөрөхдөө эелдэг, боловсон ёсны үүднээс “Хай” (англи хэлтэй орнуудад), “Хэй, хэй” (шведүүд) хэмээн инээмсэглээд өнгөрдөг бол израильчууд “Шолоом” гэх юм билээ. Тэгэхээр энэ хүнд үед тэдэнтэй “Шолоом” хэмээн мэндчилье.
2023 оны аравдугаар сарын эхээр Израильд болж байсан хөгжмийн наадмын үеэр араб алан хядагчид довтолж (Хамасынхны хэлж буйгаар 5000, израйльчуудын мэдэгдсэнээр 3000-гаад пуужин харваж), Израилийн болон гадаадын хэдэн зуун хүнийг хөнөөж, мөн хэдэн зуун хүнийг барьцаалав. Израильчууд яах ёстой байсан юм бэ? Тэд хариуд нь хийх ёстой юмаа хийсэн, хийж ч байна. Монголчуудын хэлдгээр, “Хорхой хүртэл биед нь хүрэхэд атирдаг”.
1972 оны Мюнхэнийн Олимпийн үеэр 10-аад араб алан хядагч Израилийн тамирчдыг автомат буугаар шүршиж, амь насыг нь бүрэлгэсэн. Израильчууд хариуг нь сайн барьсан. Тэр үеийн Израилийн эмэгтэй Ерөнхий сайд Голда Мэйир Моссадынхандаа үүрэг өгч, 3-4 улсад тархан нуугдсан тэднийг шил даран мөрдөж, мөшгин байж “агнасан” байдаг. Тэр үед Израилийн тагнуулын байгууллага болох Моссадыг АНУ-ын ТТГ, Зөвлөлтийн КГБ-тэй эн зэрэгцэхүйц хүчирхэг байгууллага гэж ярьдаг байв. Нөгөө арваад террористоос АНУ-ын ТТГ-т үнэт мэдээлэл өгч, тэдэнтэй холбоотой ажиллах ам тангараг өгсөн 1 бил үү, 2 нь амьд үлдсэн гэдэг. Тэгэхээр улс-оронд нь халдаж, алан хядлага үйлдэж, хэдэн зуун хүнийг хөнөөж, хэдэн зуун хүнийг барьцаалсан Хамасынхан хариугаа авах ёсгүй гэж үү.
Хамасынхан “израйльчууд биднийг хавчиж байна, төр-улсаа байгуулахад саад хийж байна” хэмээн байнга гомдоллож, алан хядах үйлдэл хийдэг. Өөрсдөө эхэлж дайн өдөөчхөөд хариуг нь өгөхөөр олон улсад хандаж, уйлан донгодоод байдаг шалчигнуур зантай хүмүүс юм. Энэ дайныг эхлүүлсэн Хамасын толгойлогчид бол нөхцөлгүй баян хүмүүс гэж байгаа шүү дээ. Өөр улс оронд маш тансаг орд харштай, нөгөө үзэн ядаад байдаг Барууны орнууддаа үр хүүхдээ амьдруулж, сургууль соёлд нь явуулна (тэд нь ч тэндээ зүгээр байж чадахгүй бас л аав нар шигээ жирийн мусульманчуудыг элдэв үйл ажиллагаанд өдөөн турхирч, мөнгө цаасаар тэтгэчхээд, ар талд нь амиа хоохойлоод сууж байдаг болов уу). Энэ дайныг өдөөсөн Хамасын удирдагчид шархтсан болж, эмнэлгийн тэргээр Газын зурвасаас зугтан гараад Йордан, Саудын Араб зэрэг оронд орогносон аж. Тэгээд Иран, Орос зэрэг оронд очиж мөнгө төгрөг, зэвсэг гуйн, элдэв худал мэдэгдлийг мэдээллийн хэрэгслээр цацаад явж байна. Босгосон мөнгөнөөсөө өөрсдөдөө асар ихийг авч үлддэг учраас тийм баян болсон биз. Палестины арабуудын хууль ёсны удирдагч Махмуд Аббасын уурлаж, бачимдаад байгаа нь аргагүй шүү дээ, өөрсдөө дайн эхлүүлж, ард түмнээ цусан балчигт үлдээчхээд, гадаад руу зугтаад алга болчихдог. Хамасынхан Махмуд Аббасаа Газын зурвасаас шахан гаргаж, өөрсдөө тэнд засаглалаа тогтоосон хүмүүс, тэгээд байж байгаа царай нь энэ.
1948 онд НҮБ-аас жүүдүүд болон Палестины арабуудад газар өгч төр-улсаа байгуулахыг зөвшөөрсөн, жүүдүүд тэр дороо л дэлхийн өнцөг булан бүрээс цуглаж, төр-улсаа байгуулсан. Харин арабууд улсаа байгуулж чадахгүй хоорондоо хэмлэлдэж, будилсаар байж хоцорчхоод, одоо израйльчуудыг үзэн ядаж байна. Хүн гэж сонин араншинтай амьтан, чаддаггүй зүйлийг нь өөр хүн хийчхээр атаархал гэгч аюултай манан дунд орж явчихна. Жүүдүүд бусдын чадаагүй олон зүйлийг хийж, бүтээж чадсан үндэстэн. Үүгээрээ олон үндэстний атаархлыг төрүүлдэг.
Хаа сайгүй анти-семитизм. Европ, АНУ-д багагүй тархсан энэ үзлийн уг үндсэнд атаархлын элемент багагүй байх шиг. Монголд ч бас анти-семитистүүд байдаг гэх. Энэ ч бас юу вэ, ёстой арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлагсдыг хоосон даган дуурайж, хэдэн мянган жилээр хавчигдан гадуурхагдаж, зовж шаналсан үндэстнийг хялайна гэдэг. Үнэндээ, Монголд анти-семитизм орших түүх, ёс заншил, шашны үндэс байхгүй.
Жүүдүүдийг үзэн ядахтай холбоотой нэг бяцхан дурсамж санаанд орлоо. 1999 оны үед би вээр УБИС-д декан байхдаа хэдэн турк оюутанд “Монголын нийгэм, улс төрийн байдал хийгээд сэтгэлгээ” гэсэн тойм хичээл арваад цаг орсон юм. Цөөн оюутан даа, 7-8 байсан санагдана. Нэг удаа би тэднээс асуулаа, “Яагаад мусульманчууд жүүдүүдийг тэгтлээ их үзэн яддаг юм бэ?” гэж. Тэд авсаар хариу хэлсэнгүй, жаахан хулмагнаад, нэг нэг рүүгээ хараад л. Би хэллээ “Хариулахад эвгүй байгаа бол хэрэггүй дээ, уг нь ямар ч хариулт байсан би та нарыг хэл ам, хэрэг төвөгт оруулахгүй л дээ” гэв. Тэгсэн нэг нь асууж байна, “Та Талмудыг уншсан уу?” гэж. Намайг “Үгүй” гэхэд нөгөөх маань “Түүн дээр жүүдүүд өөрсдийгөө Бурхны сонгосон үндэстэн гэсэн байдаг юм” гэж хэлэв. Эндээс муслимүүд мөрдлөг хийхдээ “Жүүдүүд өөрсдийгөө Бурхны сонгосон үндэстэн гэж бичсэнээрээ бусад үндэстнийг Бурхан сонгоогүй, харин жинхэнэ үндэстэнд (ө.х. жүүдүүдэд) туслуулахаар илгээсэн үндэстэн гэж үзсэн” аж. Би хожим нь “Талмуд”-ыг харсан л даа. Иймэрхүү үг үсэг, өгүүлбэр, бүх л улс-үндэстэнд байдаг. Тэр тусмаа манайд одоо хэр “Монголчууд бол мөнх тэнгэрт ивээгдсэн, дэлхийд хамгийн суут, хамгийн тэнгэрлэг хүмүүс, бусад үндэстэн бидний дэргэд юу билээ” гэж ирээд авч өгдөг хүмүүс зөндөө л байдаг. Мусульманчууд сүржгэнэээд, эмзэглээд буй тэр зүйл бол “аман зохиол” маягаар исламын ард түмнүүдийн дунд яригдаж ирсэн уламжлал шиг санагдсан. Анти-семитист үзэл тархах нэг том шалтаг болсон Сионы мэргэдийн протокол ч гэсэн, яг жүүд хүмүүс зохиосон эсэх нь тодорхойгүй зүйл юм билээ, тэр ч бүү хэл дэлхий нийтэд жүүдүүдийг үзэн ядуулахын тулд анти-семитист үзэлтнүүд өөрсдөө зохиогоод тараасан гэх верс ч байдаг. Лав л сионизмыг үндэслэгч Теодор Хэрцлийн намтрыг харж байхад дэлхийг эзэгнэх тухай санаатай тааралддаггүй.
Өнөөгийн Израиль бол маш хүчирхэг улс. Шинжлэх ухаан, техник, технологийн хувьд төдийгүй зэр зэвсэг, цэрэг дайчдынх нь байлдах чадвар, эх орон, улс үндэстнээ хамгаалах урам зориг, ёс суртахууны хувьд (энэ дайныг эхлэнгүүт дэлхийн өнцөг булан бүрд янз бүрийн ажлаар явж байсан израйльчууд, ялангуяа залуус нутаг руугаа яаран буцсан байгаа юм) хэлэх юм үнэндээ байхгүй. Сири Ливан, Иран, Египет зэрэг улс ивээлдээ авч хөхиүлэхгүй бол Хамас, Хезболлахын энэ хэдэн террорист юу юм бэ? Тэр ч бүү хэл, арабын Йордан Ирак, Сири, Ливан, Саудын Араб, Иемен, Египет гэсэн 7 улс бүгд нийлж дайраад ч тэр жаахан Израилийг дийлж байгаагүй. Израиль, Монголын нэг томоохон газар нутагтай сумын дайны орон зайд оршин буй улс-орон шүү дээ. Арабын орнууд Израилийг устгах гэж 1948, 1968, 1969 онд гурван ч удаа дайн хийсэн байх.
Угтаа, Хамасын өдөөсөн энэ удаагийн дайн Украиныг эзлэн түрэмгийлэх гэж Путины өдөөсөн дайны зүй ёсны үргэлжлэл болж харагдаад байгаа юм. Хаа хамаагүй хоёр зүйлийг холболоо гэж бүү бодоорой. Путины эхлүүлсэн дайн дэлхий дээрх ад зэтгэрүүдийг сэрээж, тэдэнд урам зориг өгч, өдөөн турхирч, энэ бүх муу ёрын үйлдлийн эхлэлийг тавьж өгсөн хэрэг. Ойрхи Дорнод дахь Хамас, хэзболлахчууд, Африкт сэрээд Оросын далбааг барьчихсан дэлгүүр хоршоо, машин тэрэг шатааж яваа авантюристууд, Хойд Солонгос, Иран дахь хүний эрх, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийг зөрчигчид Путиныг Украин руу халдан довтолсны дараа асар их урам зориг авсан. Нэг том милитарист гүрэн дэргэдээ буй жижиг орныг халдан довтолж болж байна, НҮБ, АНУ болоод дэлхий нийт яаж ч чадахгүй юм байна, энэ дэлхий дээр зөв, буруугийн ойлголт алга, хүч хэрэглэсэн нь зөвдөж, тэр ч бүү хэл зарим том гүрнүүд энэ дайнаас улс төр (Хятад), эдийн засаг (Энэтхэг), цэрэг-зэвсэг (Хойд Солонгос, Иран), дипломат бодлогын (Өмнөд Африк, Бразиль) хожоо гаргах юм байна гэж ойлгов. Муу ёрын логик гэж энэ шүү дээ.
ЖҮҮД НАРЫН ТУХАЙ ТОВЧ
Жүүд хэмээн бичээд байгаа нь Ринчен гуайг дагаж буй хэрэг. Jew гэсэн англи бичлэг, дуудлагыг Ринчен гуай жүүд хэмээн буулгасан шиг байгаа юм. Оросууд болохоор голдуу еврей гэх бөгөөд манайд ийнхүү бичсэн нь олонтоо тааралддаг. “Ховрой” хэмээн монголчилсон нэр ч тааралддаг санагдана, андуураагүй бол 1950-60-аад оны 1001 шөнийн үлгэр зэрэг номуудад. Мөн хэбрю гэдэг нэршилтэй холбоотой болов уу.
Жүүдүүд, тэд дэлхийн хүн амын 1%-иас ч цөөн, тийм атал Нобелийн шагналтны 22%, нэр хүнд бүхий Их сургуулиудын профессоруудын 24%, дэлхийн шатрын аваргуудын 40%, дэлхийн тэрбумтнуудын 25%, Оскарын шагналтнуудын 22%-ийг (Д.Бүжинлхам, Цойлогсод номоос эшлэв) эзэлж байна. Энэ бүхэн гайхаж, бахархмаар факт, баримт биш гэж үү? Үнэхээр, бахархам баримт, гэтэл бахархах нь байтугай атаархаж, атаархлаасаа болж хорсож, үзэн яддаг хүмүүс олон байдаг ажээ.
Хүмүүс Израилийг дан ганц жүүдүүдийн улс гэж бодоод байдаг шиг байдаг. Хүн амын 20-иод хувь нь араб болоод бусад үндэстэн бүрдүүлдэг юм билээ. Домгоор гэх үү, түүхээр ч гэх үү, жүүд болон арабууд эх өөртэй ч, эцэг нэгтэй угсаатнууд гэдэг (Абрахамын эхнэр болон зарц эмэгтэйн үр хойчис).
Жүүдүүд маш их сүсэг бишрэлтэй үндэстэн. Энд тэнд явахдаа ийм шашинлаг хүмүүстэй тааралдаагүй, ортодокс жүүдүүд нь гудамжаар алхаж явахдаа хүртэл номоо гараа барьчихсан, уншлагаа уншиж явах юм билээ.
Сүсэг бишрэлээс гадна их овсгоо самбаатай, ухаалаг, хөдөлмөрч хүмүүс. Аль Зөвлөлтийн үеийн яриа юм даа, Зөвлөлтийн олон үндэстнүүд дотроос армянуудыг их овсгоо самбаатай, хөдөлгөөнтэй гэдэг. “Нэг армян байгаа газар 3 орос хийх юм аа олж яддаг бол нэг жүүд байгаа газар 5 армян хийх юмаа олж чаддаггүй” гэсэн онигоорхуу яриа байдаг. Энэ бол жүүдүүдийн овсгоо самбаа, арга ухаан, хөдөлмөрч чанарыг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Ийм чанар нь тэднийг бусад үндэстнээс хялайх нэг шалтгаан болдог болов уу.
Жүүдүүдийн эсрэг геноцид бүр 2500 жилийн тэртээгээс Египетийн Рамзес хаанаас эхлээд (энэ үед иудэизмын их зөнч Мозес жүүдүүдийг Египет дэх их хядлагаас авч гарсан гэдэг, израильчуудын анхны энэ Их нүүдлийг түүхэнд Экседэс-Exodus хэмээн нэрлэдэг), дундад зууны үед бүхий л Европоор нэвт шувт дамжин, 19-р зууны төгсгөлөөр Орос, Польшид ид гаарсан байдаг. Эдгээрээс хамгийн аймшигтай нь 1930-40-өөд онд Гитлерээс Германд явуулсан жүүдүүдийг “Хоморголон устгах бодлого”. Гэхдээ аль нь ч тэднийг устгаж чадаагүй юм. Тэд бол хүн төрөлхтний бүхий л түүхийн турш энэ мэтийн гал усны гашуун зовлонг үзэж туулж, тэсэж давж гарч ирсэн үндэстэн.
Түүхийн бүхий л үед ийм зовлон зүдүүрийг туулж ирсэн, одоо чаддагсан бол өөрсдийг нь бүр мөсөн устгах хүсэлтэй улс үндэстнүүдийн дунд ганцаар оршсоор буй энэ үндэстэн “орших, эс оршихуйн” дилемтэй тулгарсны хувьд энэ мэтийн дайнд ёстой ясаа цайтал үзэлцэх биз ээ, тэгэхээс ч өөр аргагүй. Нөхцөл байдал тэдэнд “ҮХ ЭСВЭЛ УСТАЖ АЛГА БОЛ” гээд байгаа юм чинь. Эх орон, төр-улсаа байгуулах гэж зовж шаналж ирсэн түүх нь тэдний сүлд дуунд маш тод илэрдэг. Хэбрү хэлээр бол “Хаттиква” (англиар “The Hope”, монголоор “Итгэл найдвар”) хэмээх 19-р зуунд зохиогдсон энэ ая дуу жүүдүүдийн төрөлх Израиль нутаг, Сион ууландаа эргэн очиж, төр улсаа байгуулах 2000 жилийн итгэл найдварыг нь илэрхийлдэг.
ТӨГСГӨХ ЦӨӨН ҮГ
Жүүдүүдийг ойлгож, өрөвдөж, тэдэнд хүндэтгэлтэй хандах хэд хэдэн шалтгаан байна. Юуны түрүүнд, тэд бол дэлхий дээр хамгийн их хавчигдаж, зовж шаналж, алуулж хядуулсан үндэстэн. Гэсэн хэдий ч хэл, соёл, шашин шүтлэгээ огт гээгээгүй хүмүүс. Хэл гэдэг бол нэг хил хязгаарын дотор хамтдаа байж, байнга тэр хэлээр харьцаж байж л амьд байдаг зүйл. Бусад үндэстний дунд төрөлх хэлээрээ яривал адлуулж, мөрдөгдөж, хавчигдан гадуурхагдаж, бүр хэлмэгдэж байсан атлаа дэлхийн хаана ч байсан хэдэн мянган жилийн турш хэлээ хадгалсаар ирсэн үндэстэн бол тэд. Соёлын хувьд ч яг адил. Шашин шүтлэгтээ гайхалтай үнэнч, энэ нь ч жүүдүүдийг жүүд хэвээр үлдэх гол хүчин зүйл болсон. Тэд хэр барагтай сүсэг, үндэс угсаагаа солино гэж байхгүй. Мэдээж, цөөн тохиолдол байдаг л байх, жишээ нь, Карл Марксын эцэг Генрих Маркс иудэйн шүтлэгээ сольж, христийн шашинтан (протестант бил үү, католик) болсон байдаг.
Тэдэнд хүндэтгэлтэй хандах өөр бусад шалтгаан, дээр дурдсан баримтууд. Дэлхийн хүн амын дунд тийм цөөхүүл, тэгээд дээр нь үргэлж хавчигдан гадуурхагдаж байсан атал ингэж их амжилт үзүүлсэн үндэстэн өөр байдаг гэж үү! Нобелийн нэг шагналтны нээлт гэхэд хүн төрөлхтөнд хэчнээн их ач тусаа өгсөн байдаг билээ!
Энэ бүхнээс гадна энэ хүмүүст хүндэтгэлтэй хандах хувийн гэмээр нэг шалтгаан байна, либертари үзэлтэй холбоотой. Либертарианизм нь үзэл-онол болж төлөвшсөн 20-р зуунд энэ үзлийн 5 том төлөөлөгч байсны 3 нь жүүд хүн байв (эднээс Хайк, Фридман хоёр Нобелийн шагналтай).
Ер нь, жүүд гэр бүл, жүүд ээжүүд либертари аж төрөх ёс, ёс заншил, онол-сургаал, ёс зүйг уламжлал маягаар амьдрал ахуйдаа хэрэгжүүлсээр ирсэн байдаг. Жүүд хүүхдийн гэр орон, ээжээсээ хар багаасаа авдаг хүмүүжил, зан заншлын зах зухаас дурдвал:
- хүний хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх (цаад өргөн, том утгаараа laissez faire зарчим),
- өөрийн үзэл бодолтой байхад нь саад хийхгүй байх (бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандах, ө.х. хүлцэн тэвчихүйн зарчим),
- бусад хүн юу ч гэж байсан тавьсан зорилгодоо үнэнч байх (тууштай, сайтар бодон байж үзэл баримтлалаа сонгох зарчим),
- сахилга бат, дэг журамтай байх (аяндаа тогтсон дэг журам болон rule of law-ийн зарчим),
- хүч хэрэглэхээс аль болох зайлсхийх (хүчирхийлэлгүйн аксиом),
- үр хүүхэдтэйгээ байнга ярьж байх, багаас нь асуулт тавьж сургах (үзэл бодлын эрх чөлөө, энэ нь бид л ажигладаггүй болохоос танин мэдэхүйн асар ач холбогдолтой дадал зуршил юм),
- мөнгөтэй зөв харьцаж сурах, ямар ч үед хуримтлалтай байх (ирээдүйдээ хөрөнгө оруулах),
- зөв, шударга арга замаар өрсөлддөг байх (өрсөлдөөний зарчим),
- ямар ажил хийх нь хамаагүй, гол нь хийж буй ажилдаа хамгийн сайн мэргэжилтэн байх (аливаа зүйлд үнэнч хандах зарчим),
- гуйлга, бусдаас ямар нэг халамж нэхнэ гэдэг бол 1-д, хүний хөдөлмөрлөж олсон зүйлийг зүгээр авах оролдлого, 2-т, тухайн хүнийхээ эрхшээлд орох үүд хаалга гэдгийг сайтар ойлгуулах (халамжийн эсрэг болон эрх чөлөөтэй байх зарчим),
- бусад хүмүүсийн хувьд амжилт нь багш болдог бол жүүд хүүхдийн хувьд алдаа нь багш болдог (алдахаас үл айх зарчим)
- хүн бол өөрийн хувь заяаны онгоцны ахмад (аав ээж, ах дүү, найз нөхөд гээд хэн ч байсан тэр хүүгийн амьдралыг мэдэх ёсгүй гэсэн хүний эрхийн болон эрх чөлөөний зарчим)
гэсэн маш олон зүйл бий дээ. Жүүд айл, жүүд ээж зөв хүн, зөв айлд байх ёстой либертари зарчим, дэг журам, ёс заншлыг амьдралдаа байнга хэрэгжүүлж байдаг ажээ.
PS: Монголд цөөн тооны (10-аад) жүүд болон жүүд угсаатай хүн байдаг, тэдний нийгэмлэгийн тэргүүн нь С-ийг гэсэн яриа сонссон. Үнэн худлыг бүү мэд, тааралдвал асууя гэж бодож байна, хүний хувийн асуудлыг сонирхсон хэрэг болохгүй байлгүй дээ.
Холбоотой мэдээ