Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд өчигдөр/2023.11.19/ боллоо. Тус барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, сумын заан А.Мягмарсүрэн арав даван анх удаагаа түрүүлж, Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, сумын заан Д.Хандсүрэн сумын цолтнуудын барилдаанд гурав дахь удаагаа үзүүрлэв.
Гуравт аравдугаар сарын түрүү бөх Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Д.Цэрэнням шалгарсан бол тавд Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, сумын баяр наадмын таван түрүүтэй заан Ё.Гантулга, Увс аймгийн Хяргас сумын харьяат, сумын наадмын хоёр түрүүтэй заан Х.Бумбаяр нар шалгарлаа. Шөвгийн есөд Увсын сумын заан А.Баянмөнх, Өвөрхангайн сумын заан Б.Энх-Оргил, Ховдын сумын заан Г.Батзориг, Өвөрхангайн сумын заан С.Өсөхбаяр нар үлдэв.
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан бүрд олгодог "Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдаан"-ы шагналыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Дэмүүлийн Саранцогтод, Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Говь-Алтай аймгийн Халиун сумын заан Мөнхбаатарын Өсөх-Ирээдүйд тус тус олгохоор шийдвэрлэжээ. Шагналыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, бөхийн үнэнч хорхойтон, бизнес эрхлэгч Батмөнхийн Баатархүү гардуулсан юм.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-нд 13:00 цагаас Улс тунхагласны 99 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
Мөн энэ өдөр Монголын үндэсний бөхийн холбооны хамтын ажиллагааны хүрээд ОХУ-ын Тува улсын өсвөрийн шилдэг бөхчүүд Монгол улсын өсвөр бөхчүүдтэй барилдлаа. Хоёр улсын өсвөрийн бөхчүүдийн багийн барилдаанд Тува улсын баг 33:16-ын харьцаатай ялалт байгууллаа.
Тува улсын багт залуу бөх Донгак Сүлде /7/, Намчаа Сүгдер /5/, Ондар Алдаржы /5/, Салчак Кудерек /1/, Монгуш Алаш /3/, Ооржак Айрат /4/, Самбый-оол Айслан /1/, Монгуш Гендун /3/, Эрес-оол Солаан-Байыр /4/, нар нийт /33/ даваа авч ялсан бол Монгол улсын багт сумын заан Э.Бат-Өлзий ГА /6/, сумын начин Тө /1/, сумын начин Б.Бумбацогт БХ /3/, залуу бөх Г.Үнэнхүү БНД /0/, Т.Мөнгөн-Эрдэнэ Ду /5/, Б.Хадбаатар Ар /1/, Ж.Бат-Эрдэнэ /0/, Д.Төрболд /0/, Б.Эрболд /0/ нар нийт 16 даваа авсан юм. Тува улсын багийн дасгалжуулагчаар Донгак Кайгал-оол, Баткар Анатолий, Монгол улсын багийн дасгалжуулагчаар Б.Батхуяг нар ажиллажээ.
Хоёр багийн хүүхдүүд нийт долоон тойрог барилдсан бөгөөд Тува улсын залуу бөх Донгак Сүлде долоон тойрог барилдаж долоо давсан амжилтаар бусдыгаа манлайлсан бол Монгол Улсын багаас сумын заан Э.Бат-Өлзий 7 барилдаж 6 давсан амжилтаар удаалав.
Барилдаанд амжилт гаргасан Тува улсын өсвөр бөхчүүдийг Монгол улсад Их, дээд сургуулиудад элсэн суралцахад МҮБХ-оос дэмжин ажиллана.
Тус барилдааныг А.Очирхуяг захиралтай “Гранд говь теч” ХХК болон МҮБХ-ны Тэргүүлэгч гишүүн Багануур дүүргийн ҮБХ-ны тэргүүн Ж.Мөнгөнбаяр захиралтай “Повер инжен” ХХК-иуд ивээн тэтгэж оролцлоо.
Тэгвэл Бямба гаригт “Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагаанд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын өсөх идэр начин Э.Даш үзүүрлэв.
Их шөвөгт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын харцага С.Сүхбат нар шалгарлаа. Дунд шөвөгт улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн хурц арслан Д.Төрболд, аймгийн заан Ж.Хатанзоригт, цэргийн заан Х.Наранбаяр нар үлдэв.
Холбоотой мэдээ