Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй эсрэгээрээ дэмжиж, хамтран ажиллана гэж амласаар багагүй цаг хугацаа өнгөрөв. Цар тахлын дараа эдийн засаг өсч байгаа гэсэн өөдрөг тоог ч түүний Засгийн газар танилцуулж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” хэлэлцүүлэгт оролцох үеэрээ эдийн засаг 2022 онд 4.8 хувиар, 2023 онд 6.4 хувиар, ирэх 2024 онд долоон хувийн өсөлттэй байна гэж тооцоолол гаргасан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсвийн хэмнэлт хийж, өрийн менежментдээ анхаарч томоохон гадаад өрийн төлөлтүүдийг Засгийн газар хийсэн. Тоо худал ярьдаггүй. Гэхдээ бид тооноос чанарт шилжихийн төлөө анхаарах шаардлагатай байгааг онцлов. Засгийн газар хувийн хэвшлийн санаачилгад нээлттэй хандахыг Ерөнхий сайд тэмдэглээд хувийн хэвшлийн хөгжлийн 30 жилийн дүгнэлтийг бодитой хийж, эрхзүйн цогц реформ хийх шаардлагатай байна. Тухайлбал, компанийн тухай хуулийг шинэчилж, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн газар энэ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн гэдгээ танилцуулав.
Төрөөс өгч байгаа эдийн засгийн үзүүлэлт, тоо жил бүр өснө гэж тооцоолж байгаа ч бодит амьдрал дээр хувийн хэвшлийн орон зай хумигдаж, ажиллах хүчингүй болж, татварын дарамтад өртөх, олон нийтэд таалагдахгүй бол хурааж, нураадаг, хаадаг болсныг захын жишээнээс харж болохоор байна.
Эдийн засагт оролцох хувийн хэвшил, бизнесийн салбарынхан төрөөс татвар, эрх зүйн орчныг сайжруулахад төрийн оролцоо, дэмжлэг чухал байгаа гэдгийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч нь хэлж байна. Монгол Улсын бизнесийн салбарын сэргэлт төдийлөн сайжраагүй бөгөөд 2023 онд бизнесийн орчны үнэлгээ 2020 оноос 4,03 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Тур дундаа уул уурхай, аялал жуулчлалаас бусад эдийн засгийн салбаруудад бизнесийн орчны үнэлгээ эрс буурсан гэдгийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин мэдэгдэв. Бизнесийн орчныг сайжруулахад нэн тэргүүнд татварын таатай орчныг бүрдүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, бизнесийн зээлийн хүүг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, авлиг, хүнд суртлыг бууруулах, мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлтгэх зэрэг тогтолцоог өөрчлөх ёстой гэж хувийн хэвшлийнхэн хэлж буй.
Үндэсний статистикийн хорооны бүртгэлд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 95 143 аж ахуй нэгж бүртгэлтэй байна. 2021 оны гуравдугаар улиралд 79 207, 2022 оны гуравдугаар улиралд 89 464 мянга байжээ. Энэхүү тоон үзүүлэлтээс харвал аж ахуй нэгжүүдийн тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа ч бодит амьдрал дээр татвар, эрх зүйн орчны дарамт нь илүү их байгааг бодит байдал харуулж байгаа юм. Үүний 90 гаруй хувь нь жижиг, дунд бизнесүүд эзэлдэг гэсэн тооцоолол гарчээ.
Бизнесийн орчныг сайжруулахын тулд бодит дэмжлэг, татварын орчин, хүнд суртал, авлигыг бууруулах зэрэг саналуудыг ч эдгээр бизнес эрхлэгчид онцолжээ.
Жижиг, дунд бизнесийн тоо нэмэгдэхийн хэрээр тэдэнд тохирсон бизнесийн орчин, бодит дэмжлэгийг ч мөн сайжруулах шаардлага үүсэж байна. Тиймээс Төрийн бүтээмжийн үндэсний хорооноос Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварын судалгааг гаргасан бөгөөд энэхүү судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдээс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудлууд, түүнийг шийдвэрлэхэд нэн шаардлагатай арга хэмжээнүүдийг асууж тодруулахад дараах 10 арга хэмжээ хамгийн өндөр үзүүлэлттэй гарчээ.
- Хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх – 45.2 хувь
- Татварын таатай орчин бүрдүүлэх – 42.7 хувь
- Төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах – 30.4 хувь
- Авлигыг арилгах – 25.3 хувь
- Хууль, эрх зүйн орчныг сайжруулах – 24.3 хувь
- Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан сургалт, зөвлөгөөг нэмэгдүүлэх – 21 хувь
- Бизнестэй холбоотой төрийн шийдвэрт хувийн хэвшил, олон нийтийн оролцоог нэмэх – 17.8 хувь
- Төрийн хяналт, шалгалтын тоог бууруулах – 15 хувь
- Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг санаачлагч жижиг, дунд бизнесийг тусгайлан дэмжих – 14.6 хувь
- Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих – 13.9 хувь гэсэн дүгнэлтийг өгчээ.
Татварын орчин бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдэд хамгийн их дарамт болж байгаа зүйл гэж дуу нэгтэйгээр хэлнэ. Тиймээс ч УИХ-ааас “Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах” нийтийн өргөдлийг УИХ-аар авч хэлэлцэх ёстой гэдгийг 100 гаруй мянган хүн дэмжээд байгаа юм. Төр өөрөө татварын уян хатан нөхцөлтэйгөөр бизнесээ дэмжих нь нэг том дэмжлэг. “Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах” нийтийн өргөдлийг Сангийн сайд нь энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй, шимтгэлийг бууруулах боломжгүй гэдэг тайлбарыг өгөөд байгаа ч ямар ч гэсэн УИХ дээр ажлын хэсэг байгуулаад буй. Үүнийг олон аж ахуй нэгжүүд нүд чилээн хүлээж, төр хувийн хэвшлээ хэрхэн дэмжих вэ гэдгийг хүлээн суугаа.
Түүнээс гадна төр өөрөө зөвшөөрөл өгөөд олон нийт дургуйцэж, бухимдаад ирэхээр хувийн хэвшил рүүгээ халддаг, хаадаг, хорино, нураана гэсэн шийдвэрүүдийг их гаргах болов. Богд уулын аманд өнгө үзэмжгүй шавар гэрүүд олон жил болсон учраас иргэдийн шүүмжлэлээр түүнийг нь бас л төр нурааж, хувийн хэвшлийг хохироосон үйлдэл гаргаад өнгөрсөн. Гэтэл тэр газарт зөвшөөрөл өгсөн, хууль бус байсан эсэхээр төрийн зүгээс ямар нэг хариуцлага хүлээсэн хүн байхгүй. Эсрэгээрээ хувийн хэвшлүүд нь хохироод үлдсэн. Өнгөрсөн зун болж өнгөрсөн үерийн улмаас Авлига хороололо, S Outlet дэлгүүрийг нураах шийдвэр гаргасан. Тэд нэг талаар хууль бусаар зөвшөөрөл авсан байж болох ч нөгөө талаар мөн л хувийн хэвшил. Тиймээс энэ асуудлыг маш тодорхой шалгаж, анх зөвшөөрөл өгсөн бүх албан тушаалтнуудад нь, хувийн хэвшилтэй хамт хариуцлага тооцдог зарчмыг төр баримтлах ёстой гэдгийг хувийн хэвшил, бизнесийхэн хэлж буй юм.
Бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшлээ дэмжих нь өөрөө эдийн засгийн олон тоо, үзүүлэлтэд нөлөөлөхөөс гадна, иргэдийн амьдралд хамгийн бодитоор нөлөө үзүүлэх үзүүлэлт. Бизнес орчин сайн байвал ашиг орлого нь нэмэгдэнэ, түүнийгээ дагаад цалин орлого нэмэгдэнэ гээд явбал иргэдийн амьдралд хамгийн бодитоор ирэх эдийн засгийн үзүүлэлт бол татварын дарамтгүй, эрх зүйн орчин нь эрүүл, төрийн дарамтгүй бизнесийн орчин юм.
Холбоотой мэдээ