“11-11 утсыг сэргээснийгээ “Шүгэл” ажиллагаа гэж сүржигнэх хэрэггүй”

Хуучирсан мэдээ: 2023.11.19-нд нийтлэгдсэн

“11-11 утсыг сэргээснийгээ “Шүгэл” ажиллагаа гэж сүржигнэх хэрэггүй”

“11-11 утсыг сэргээснийгээ “Шүгэл” ажиллагаа гэж сүржигнэх хэрэггүй”

УИХ өнгөрсөн Баасан гаригт авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонссон юм. Энэхүү мэдээлэлд сөрөг хүчин дүгнэлт өгдөг бөгөөд шүүмжлэлтэй хандлаа.

УИХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “ Өнгөрсөн долоон жилд бид өдөр бүр авлигачдыг дарах тухай, авлигыг багасгах тухай дасал болтлоо сонсож ирлээ. Авлигаас ангижрахгүйгээр юуг ч өөрчилж, юуг ч шинэчилж чадахгүй нь тодорхой.

Авлигын дүн аль хэдийн арван гурван тэгтэй тоогоор илэрхийлэгддэг болсон ч одоог хүртэл авлигачид олдоогүй байна, хэн ч хариуцлага хүлээхгүй байна.

Засгийн газар авлига үүсээд буй учир шалтгааныг олоогүй,  аль эсвэл мэдэж байгаа ч арилгах хүсэлгүй байна. Жил бүр 30 гаруй хувиар төсөв тэлж,  даргын гарын үсгээр шийдэгддэг мөнгө өсөж байхад авлига буурахгүй, авлигыг бууруулах арга нь зөвхөн ард иргэд, бизнесийнхэндээ орон зайг нь олгож, тэлсэн төсвөө цомхотгох явдал билээ. Авлигын төсөөллийн индекс буурч байна гэдэг нь улам авлигажиж байгааг илэрхийлдэг. Дүгнэж хэлбэл, Монгол Улс сүүлийн найман жилийн хугацаанд авлигад гүн шигдэж, Бразил, Тайландтай ойролцоо байсан бол одоо Африкийн Алжир, Анголын түвшинд хүртлээ дордлоо. Эрх баригчид, тэр тусмаа Засгийн газар авлига гаарах болсон шалтгаан, нөхцөлийг судалж, оношилж чадахгүй байна.

Засгийн газар 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж “таван Ш ажиллагаа” гэх уран зохиолын хэллэгтэй, сүржин нэртэй суртал ухуулгын ажлыг зарлаж, ганц нэг хүний гавтай зураг тавьснаас өөрөөр авлигыг бууруулах бодит ажил хийж чадсангүй.

2012 онд Ардчилсан намын Засгийн газрын үед санаачилсан 11-11 шуурхай утсыг сэргээн ажиллуулсныг “шүгэл” ажиллагаа гэж, интерполын зарын буланд эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн мэдээллийг оруулсныгаа “шувуу” ажиллагаа гэж нэрлэжээ.

Шилжүүлэн авах ажиллагаа гэдэг нэрийн дор ганц нэг хүнийг гадаадаас авчирч байгаа зураг тавьснаас хэтэрсэнгүй. “Шүүр” ажиллагааны хүрээнд ковидын нэр барьж төрийн албаны шалгалтгүй ажилд авсан албан тушаалтнуудаа чөлөөлжээ. Харамсалтай нь, үүнд нь цар тахлын хүнд үед ачаа үүрүүлэхээр авчран ажиллуулсан эрүүл мэндийн салбарын чадварлаг ажилтнууд хомрогдон халагдахад өртжээ. “Шилэн” ажиллагаа гэдгийн хүрээнд вэб сайтад зочилсон зэрэг статистик мэдээллээс өөр хэлэх зүйл олдохгүй байгаа нь илт байна. Иргэдэд хэдэн хүн вэб сайтаар зочилсон нь биш, нууцад хамруулсан нүүрсний, автобусны гэрээ, хөнгөлөлттэй зээлийн сангуудын мөнгийг хэнд, ямар нөхцөлөөр олгосон нь илүү сонин баймаар гээд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс авлигатай тэмцэх тэмцлийг үр дүнтэй болгохын тулд авах арга хэмжээг танилцуулсан юм. Тухайлбал, эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд Эрүүгийн хуульд авлигын хэргийг Үндэсний аюулгүй байдлын хэрэгтэй адилтган үзэж, хөөн хэлэлцэх хугацаагүй болгох асуудлыг тусгах, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийг нэн яаралтай боловсруулж, УИХ-д өргөн барих, Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн хуулийг шинэчилж, бизнесийн байгууллагуудтай өрсөлддөг байдлыг эрхзүйн хүрээнд таслан зогсоох, Зөвшөөрлийн хуулийг өөрчилж төрөөс олгодог тусгай зөвшөөрлийн тоог эрс бууруулах, зайлшгүйгээс бусад шаардлагуудыг цуцлах ёстой гэсэн бол зохион байгуулалтын хүрээнд тодорхой ажлууд хийх шаардлагатай” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж