Дэлхийг хэрсэн суртал ухуулга

Хуучирсан мэдээ: 2023.11.20-нд нийтлэгдсэн

Дэлхийг хэрсэн суртал ухуулга

Дэлхийг хэрсэн суртал ухуулга

ОХУ 2022 оны хоёрдугаар  сард Украинд довтолсноосоо хойш суртал ухуулгыг өргөн цар хүрээтэй бөгөөд түрэмгийгээр ашигласан. Украин дахь түрэмгийллээ зөвтгөх гэсэн анхны оролдлогоо Путин хоёрдугаар сарын 24-ний үүрээр хийж байв. Тэрбээр телевизээр үг хэлэхдээ "ОХУ нь НАТО-ийн тэлэлтээс өөрийгөө хамгаалахын тулд, нацистуудын засгийн газар орос хэлээр ярьдаг хүмүүсийг хоморголон устгаж буй Украин дахь эх орон нэгтнүүдээ хамгаалахын тулд ийм алхам хийхээс өөр аргагүйд хүрлээ" гэсэн юм.

Дараагийн долоо хоногт нь төрийн мэдлийн хэвлэлүүдээр цэргийн тусгай ажиллагааг зөвтгөх кампанит ажил өрнөв. Нэгдүгээрт, Украин нь биологийн болон цөмийн зэвсэг бүтээж, улмаар НАТО-ийн дэмжлэгтэйгээр Донецк, Луганск, Крымд довтлохоор төлөвлөж байна гэсэн мэдээлэл цацагдсан. Хоёрдугаарт, Украины засгийн газар угсаатны ялгаварлан гадуурхалт, цэвэрлэгээ хийж, зүүн болон өмнөд нутгийн суурингуудын оросоор ярьдаг иргэдийг харгис хэрцгийгээр буудаж байна гэсэн мэдээлэл тараажээ. 

Улмаар суртал ухуулгад нэгдээгүй сэтгүүлч, редакциудыг хорих, хаах арга хэмжээнүүд авав.

Түрэмгийлэл эхэлснээс хойш Херсон хотод амьдарсан түүхч Артем Петрык Оросын суртал ухуулгын талаар ярьжээ. Оросууд дайны эхний өдрөөс л телевизийг хяналтдаа авч, Оросын радиог цацаж эхэлсэн байна. Ингэхдээ Украин болон барууны талаар худал хуурмаг мэдээлэл цацаж, Оросын арми, Оросын төрийг алдаршуулж эхэлжээ. Мөн хотын хаа сайгүй орос хаадын хөрөг, командлагчдын зураг бүхий сурталчилгааны самбар наасан. Түүгээр ч үл барам "Херсон бол Оросын түүхт хот. Орос энд мөнхөд байна" гэх мэт уриа лоозонг энд тэнд байрлуулжээ.

Худал мэдээллийн дайнаас гадна Украины эзлэгдсэн бүс нутгуудад өргөн хүрээний кампанит ажил өрнүүлэх болсныг бид өмнө нь мэдээлсэн. Тухайлбал, бүс нутгийн иргэдийг ОХУ-ын иргэншил авахгүй бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй, хүссэн газарт нь зорчуулахгүй, өндөр настнууд тэтгэвэрээ авах боломжгүй, хүүхдээ сургуульд бүртгүүлэх боломжгүй гэх мэтээр шахжээ.

ОХУ өмнө нь ч энэ аргаа ашиглаж байсан түүхтэй. Тодруулбал, Гүржийн салан тусгаарласан Абхаз, Өмнөд Осетийн бүс нутгуудын оршин суугчдад паспорт гардуулж байсан. Дараа үүнийгээ Гүржийг эзлэн түрэмгийлэх үндэслэл болгож ашиглажээ.

"Гүрж дэх Оросын суртал ухуулгын гол зорилго нь либерал ардчилал байх боломжгүй гэдгийг батлах явдал" гэж Гүржийн Атлантын зөвлөлийн орлогч дарга Бату Кутелиа хэлж байв. Ингэхдээ Оросыг шууд дэмжих гэхээсээ илүүтэй барууны орнуудыг сул дорой, Гүржийн хувьд сонирхол татахуйц түнш нь биш гэж харагдуулахыг хичээдэг. Европын орнууд, тэр дундаа цагаачид олноор зорьдог улсуудыг хүчирхийлэл ихтэй, хууль дүрэм журамгүй мэтээр дүрсэлдэг.

Кремль Гүржид худал мэдээлэл түгээгээд зогсохгүй өөрсдийн ашиг сонирхлын талд ажилладаг бүлгүүдийг дэмждэг аж. "Гүржийн марш" болон "Эх орончдын холбоо" зэрэг томоохон бүлгийн цахим хуудсыг Оросын дотоодоос удирддаг болохыг тогтоожээ. Лондонд төвтэй "Dossier" төвийн олж тогтоосноор "Эх орончдын холбоо" бүлэг л гэхэд Москвагаас найман сая ам.долларын сонгуулийн санхүүжилт авсан байна. 

СУРТАЛ УХУУЛГЫН СУВАГ 

ОХУ-д суртал ухуулгаа түгээх үндсэн гурван суваг байдаг гэж үзэж байна. Үүнд, албан ёсны мэдээллийн агентлагууд, альтернатив платформууд, улс төрийнхөн багтах юм.

Чех, Унгар, Словак улсад дээрх гурван хэрэгслийг ашиглажээ. Үүний нэг жишээ бол 2014 онд албан ёсоор байгуулагдсан "Sputnik CZ" цахим хуудас юм. Энэхүү цахим хуудас нь дэлхий дахинд өрнөж буй үйл явдлыг өрөөсгөлөөр тайлбарлаж, Оросын төрийн албан тушаалтнуудын мэдэгдэлд хязгааргүй орон зай гаргаж өгдөг. Унгарт албан ёсоор Оросын төрийн хэвлэл байхгүй ч тус улсын хэвлэлийн орон зай ерөнхий сайд Виктор Орбаны сүүдэр дор байдаг гэхэд болно. Тиймээс засгийн газрын хэвлэл мэдээллүүд нь Оросыг дэмжсэн мэдээллүүдийг дагаж, түгээдэг гэсэн үг.

Чех, Словак улсад сүүлийн хэдэн жилд олон цахим хуудас, блог, фэйсбүүк хуудас шинээр бий болжээ. Эдгээр нь дийлэнхдээ хуйвалдаан, ардчиллын эсрэг мессеж тараах хандлагатай байна. 

Ингээд гурав дахь суваг буюу улс төрийн хүрээллийнхэн. Хамгийн анхаарал татахуйц жишээ бол Чехийн ерөнхийлөгч Милош Земан бөгөөд Оросын талыг баримталсан байр суурийг удаа дараалан илэрхийлсэн түүхтэй. Түүний зарим зөвлөхүүд Оростой нягт холбоотой байдаг. 

Харин Болгар улсад Оросын суртал ухуулгыг түгээгч 400 цахим хуудас байдаг гэх мэдээлэл байна. Суртал ухуулгын цахим хуудасны тоо Украины дайнаас хойш борооны дараах мөөг мэт олширчээ. Тодруулбал, энэ үзүүлэлт 2021 онтой харьцуулахад 2022 онд бараг 20 дахин өссөн байна. Цахим хуудсуудын мэдээллийг "Share4Pay" платформоор дамжуулан түгээдэг байж магадгүй. Энэ нь эдгээр цахим хуудсууд дээрх бэлэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд хуваалцахын тулд мөнгө төлдөг гэсэн үг юм.

Цахим хуудаснаас гадна өнгөрсөн онд фэйсбүүк дэх суртал ухуулга онцгой хүчтэй байв. Судалгаанаас харахад фэйсбүүк дэх элдэв мэдээ, нийтлэлүүд 7.6 сая гаруй хүнд хүрчээ.

Франц ч бас Оросын суртал ухуулгаас зайлсангүй. Тухайлбал, Оросын "RT News" сувгийн франц хувилбар "RT France" гэж хүртэл бий. Европын холбоо өнгөрсөн оны гуравдугаар сард Оросын суртал ухуулгын мэдээг нийлүүлдэг "RT France" болон бусад сувагт хориг арга хэмжээ авчээ. Хориг арга хэмжээ авсан хэдий ч "RT France" саяхныг хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан.

2022 оны долдугаар сард тооцоолсноор Францын мэдээнд Оросын суртал ухуулгын эзлэх хувь 2.5 хувь байжээ. Өөрөөр хэлбэл, 40 мэдээ тутамд нэг удаа Украины дайны талаарх ташаа мэдээлэл орж байв.

СУР, СУР, БАС ДАХИН СУР!

"Сур, сур, бас дахин сур!" гэх алдартай эшлэл өнөө цагийн Орос оронд дахин моодонд оржээ. 2022 оны есдүгээр сарын 1-нээс тус улсын Боловсролын яам "Чухал хэлэлцүүлэг" нэртэй төслийг хэрэгжүүлсэн. Зорилго нь оюутан, сурагчдад эх оронч үзлийн үнэ цэн, Оросын түүхэн сүр жавхлан, Украин дахь тусгай ажиллагааны талаар зөв мэдээлэл өгөх явдал юм. Энэ хүрээнд Даваа гариг бүр Оросын бүх сургуульд хичээл орж байна. 

Кремль хүүхдүүдэд "үнэн зөв" мэдээлэл өгөхийн тулд дайн эхэлсний дараахан буюу 2022 оны гуравдугаар сард сургуулиудад урьдчилан сэргийлэх кампанит ажил эхлүүлжээ. Кампанит ажлын хүрээнд Украин нь аль 2016 онд Донбасст, цаашлаад ОХУ-д довтлохоор бэлтгэж байсан гэх мэдээлэл түгээсэн байна. Мөн хүүхдүүдийг Украинд тулалдаж буй цэргүүдэд захидал бичихийг хүсчээ. Оросын зэвсэгт хүчний баярын өдөр хүүхдүүдийн дунд зургийн уралдаан зохиов. Ихэнх зургуудад дайны бэлгэдэл болсон "Z" үсгийг дүрсэлсэн байжээ. 

Зарим эцэг эх болон багш нар суртал ухуулгын сургалтаас татгалзаж, эсэргүүцдэг. Гэвч эргээд тэд ажлын байраа алдах, хуулийн хариуцлага хүлээх гэх мэт аюул заналхийлэлтэй тулгардаг аж. Дайны эхний зургаан сарын хугацаанд нийт 212 хүн дайныг эсэргүүцсэн хэргээр шүүхэд дуудагджээ.

ХӨШӨӨ, ДУРСГАЛААР УХУУЛАХ НЬ

В.И.Лениний хөшөө манай дэлхийн 44 улсад "байсан болон байгаа" гэдгийг "Wikipedia" хуудаснаас бэлээхэн харах боломжтой. Үүнд ОХУ өөрөө багтана. Эдгээр 44 улс тутамд нэгээр тогтохгүй хөшөө байна. Тухайлбал, Украинд л гэхэд 1991 онд 5500 ширхэг Лениний хөшөө байжээ. Харин Монгол Улсын нийслэл хотноо "Улаанбаатар" зочид буудлын өмнө Лениний хөшөө байсныг 2012 оны аравдугаар сарын 14-нд нураасан байна.

Түүнчлэн Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Монгол Улсын баатар, Маршал Г.К.Жуковын хөшөө болон музей бий. 1984 онд уран барималч С.Доржпаламын эх загвараар энэхүү хөшөөг бүтээжээ. Энэ нь Маршал Жуковын хамгийн анхны хөшөө бөгөөд ЗХУ бутран унасны дараа нурааж, сүйтгээгүй үлдсэн цөөн хэдэн хөшөөний нэг юм.

Хөшөөгөөр дамжуулан суртал ухуулга хийх нь В.ИЛениний төлөвлөгөө бөгөөд хувьсгалт болон коммунист үзэл санааг сурталчлах чухал хэрэгсэл болгон ашиглах стратеги юм. Лениний төлөвлөгөө тухайн үедээ хөшөө баримлын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, Зөвлөлтийн уран баримлын сургуулийн үндэс суурийг тавьж байжээ. 

Энэхүү хөшөөг өнөөдөр ч суртал ухуулгад ашиглаж, Оросыг дэмжигчид цуглаан хийдэг бол дайныг эсэргүүцэн жагсагчдыг элдвээр доромжилж, биед нь халдах байдлаар нөхцөл байдлыг хүндрүүлэх гэж оролдсон тохиолдол хэд хэдэн удаа гарсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж