Хүйтний эрч чангарч, өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаагийн хэрээр малаа цөөлөх малчдын тоо нэмэгдсэн. Үүнийг дагаад өвлийн идэшний багцыг малчны хотоос гаргаж, Улаанбаатар хотод хүргэлттэй үйлчилгээ ч нэвтэрсэн байна. Гэхдээ махны үнэ өсч байгаа учир малчны хотоос гаргаж, эвдэж бэлтгэсэн махны үнэ "Хүчит шонхор" захынхтай адил байгаа юм. Бид энэ удаагийн сурвалжлагаар иргэд өвлийн идэшт хэдэн төгрөг зарцуулж байгаа зах худалдааны төв болон малчны гараас мах хэдэн төгрөгөөр зарагдаж байгаа талаар бэлтгэлээ.
Амралтын өдрүүдэд амжиж идшээ бэлтгэхээр эртлэн Дэнжийн 1000-ын "Хүчит шонхор" захыг зоригсод их. Хүмүүс гадна талбай дээрх машинууд дээр ачсан өрөөстэй махнаас сонголтоо хийхээр шилж сонгон алхална. Хүний хөл их байгаа ч тэр бүр мах авч харагдах нь цөөн аж. "Амьжиргаа цагаан", "Портер", "Бонго", "Майти" машин дээр өглөөний 5-6 цагтай уралдан дүүрэн махтай ирсэн худалдаачдын тэвш 8-9 цагт дундарчээ. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд иргэд идэшний махаа жижиг, томоор нь ангилж бүтнээр нь авдаг байсан бол энэ жил мөнгөний боломжиндоо тохируулан жижиглэнгээр авч буйгаа хэлж байна. Тухайлбал, махны бөөний худалдааны хамгийн том захад тооцоогддог тус газраас мах бүтнээр авч байгаа хүн ховор. Харин хонь, адуу, үхрийн махыг өрөөлөөр авч байлаа. Үнийн хувьд килограмм нь:
- Үхрийн мах- 8500-10000 төгрөг
- Хонины мах 7000-7500 төгрөг
- Адууны мах- 6000-6500 төгрөг байна.
Худалдаачдын ихэнх нь ченж бөгөөд зарим нь аймгаасаа зорьж ирсэн малчид ч байлаа. Малчид түлхүү Хэнтий, Сүхбаатар, Төв, Дундговь, Дорноговиос зорьж иржээ. Тэд хот айлуудаараа нэгдэж малаа гаргаж, хүйтрэхээс өмнө худалдахаар ирсэн байна. Гэхдээ өвс, тэжээл, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учир хэдэн малаа зарсан ч ашиг тааруухан байна гэсэн юм.
МАЛЧДЫН МАХЫГ ДУНДЫН ЗУУЧЛАЛГҮЙ ХУДАЛДСАН Ч ТЭЭВРИЙН ЗАРДАЛ ҮНЭТЭЙ ТУСНА
Гараас гарт гэх үйлчилгээ олон улсад өндөр хөгжсөн. Харин Монголын худалдааны салбарт тэр дундаа хүнсний салбарт сүүлийн жилүүдэд л нэвтрээд байгаа. Энэ үйлчилгээ малчны хотноос хотын айл өрхүүд рүү чиглэх болж. Тодруулбал, өрхийн хэрэгцээнд нийцсэн эвдэж бэлтгэн ангилсан багц махыг малчны хотоос хэрэглэгчдэд шууд хүргэж эхэлж. Үнийн хувьд, хонины махны багц 105-120 мянган төгрөг. Тус багцад хонины гуяны цул гурван кг, цул хоёр кг, зорсон мах хоёр кг, жижиглэж хөрөөдсөн хавирга хоёр кг, машиндсан мах нэг кг багтжээ. Харин үхрийн махны багц 150-160 мянган төгрөг байна. Мөн л 10 кг бүхий маханд үйлчилгээний хөлс, сав, баглаа, хүргэлтийн зардал зэргийг багтааж тооцжээ. Гэхдээ малчид шууд нийлүүлдэггүй учир эвдэх, бэлтгэх, зорох ангилах гээд үйлчилгээний хөлсүүд нь багтсан үнэ аж. Үүнээс гадна 20-22 кг-тай шүдлэн болон бусад хонины багцууд ч худалдаанд гарч. Махны багц дээр чанахад бэлэн гэдэс, хуйхалсан өвчүү, толгой, сүүл зэрэг багтаад үнэ нь 230-240 мянган төгрөг. Гэх мэтчилэн идэшний бэлтгэлээ базаах хүмүүст хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ ч нэвтэрсэн байна.
Иргэд энэ үйлчилгээнд төдийлөн дасаагүй, нэвтрээд удаагүй байгаа болохоор ч тэр үү ихэвчлэн захаас өөрсдөө очиж авах нь их харагдана.
Багцалж байгаа махыг нь нүдээр хараагүй учир хальстай, тарган, туранхайг нь мэдэх боломжгүй. Үйлчилгээний зардал нь нэмэгдээд нэг кг нь худалдааны төвөөс 2000-3000 төгрөгөөр илүү байгаа учир өөрсдөө шилж сонгоод авсан нь ашигтай гэдгийг хүмүүс хэлж байна.
Нөгөө талаар мах багцалж зарж байгаа хувь хүн, байгууллагатай холбогдоход дундын зуучлалгүй малчдаас мах зарсан ч хот руу ирэх тээврийн зардал хэт үнэтэй байгаа учир махны үнэ ялгаагүй тусна гэсэн юм.
ИРГЭД: ГУЛУУЗААР АВАХ БОЛОМЖГҮЙ УЧИР ШИЛЖ БАЙГААД ӨРӨӨЛ МАХ АВАХ НЬ АШИГТАЙ
Иргэдийн хувьд энэ жил 1-1,5 сая төгрөгт багтааж идэш бэлтгэхээр захаар явж байлаа. Тэд шинэ өөх, мах нь таарсан мах авахаар хайж байгаа бөгөөд үхрийн гуя, хаа, хонины дундаж гулууз, адууны нэг гуя гэхчлэн холимог хэлбэрээр авна. Ингээд 1,5 сая төгрөгт багтаавал өвлийн идэш хангалттай гэв. Хөдөөнөөс шууд очиж авах боломжтой эсэхийг тодруулахад, танил хүнгүй бол хөдөөнөөс авахад ч үнэ адил. Бүтэн хонь, үхэр авна гэхээр нядлах, махаа эвдэхээс эхлээд хүн бүл цөөтэй айлд хүндрэлтэй. Нэмээд шатахууны зардал, цаг хугацаа зэргийг тооцвол хотоосоо авсан нь дээр гэдгийг онцолсон. Тиймээс малчид ч үүнийг анзаарч, амьд мал зарахаас илүүтэй, гаргаад жижиглэж зарж байна.
Худалдаачдын хэлж байгаагаар дундын үхэр 120-140 кг болж байгаа бөгөөд дунджаар 1,1-1,3 сая төгрөг болж байгаа. Бүтнээр нь авах хүн байхгүй учир хаа, гуяар нь өрөөлдөхөөс өөр аргагүй. Нэг гуя тавихад 35-40 кг буюу 350 мянган төгрөг орчим болж байна гэлээ.
Хүмүүст ч өөрсдөө махаа сонгоод хаа, гуя, хонины гулуузтай хослуулж авах сонирхол их байгаа учир худалдаачин бүр зарж байгаа махаа өрөөлөөр өгч харагдана. Хүчит шонхор зах дээр өглөө эрт очиж чадвал хонины махыг хамгийн хямддаа 6500 төгрөгөөр авах боломжтой аж. Энэ үнээр жижиг хонь авахад 120-130 мянган төгрөг шаардлагатай. Ерөнхийдөө малчид өөрсдөө авч ирж зарж байгаа махны хувьд өглөө үүрээр ирээд л шууд дуусч байгаа гэсэн юм.
Өнгөрсөн долоо хоногоос махны жижиглэнгийн үнэ нэмэгдсэн. Орон нутагт өвөлжилт хүндэрч байгаа учир малчид махны кг тутамдаа 1000-1500 төгрөг нэмэгджээ. Гэхдээ л ченжүүд хямд мах авч байж хэт үнэтэй зарж байгааг шүүмжлэх хүн ч олон байлаа. Ямартай ч энэ жил нэг айл дунджаар 1-1,5 сая төгрөгт багтааж өвлийн идшээ бэлдэж байна. Цаашид хүйтэрвэл махны үнэ дахин нэмэгдэхийг ч ченжүүд хэлж байлаа.
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА БОЛНО
Энэ сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3-ны өдөр гараас гарт буюу малчдын махыг дундын зуучлалгүйгээр нийслэл хотынхоо иргэдэд худалдах өргөтгөсөн худалдааг зохион байгуулах аж. Тус "Өвлийн идэш 2023" өргөтгөсөн худалдааны байршил:
1. Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд – Архангай, Хөвсгөл аймаг
2. Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв – Хэнтий, Сүхбаатар
3. Баянзүрх дүүрэг Жуковын талбай – Дорнод, Хэнтий
4. Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтнолын талбайд – Өвөрхангай, Төв,
5. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу – Ховд, Увс,
6. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах – Булган, Говь-Алтай, Завхан аймаг
7. Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо "Лавай" худалдааны төв – Дорноговь, Дундговь, Өмнөговь
8. Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв – Сүхбаатар аймаг
9. Налайх дүүргийн Налайх зах – Дорнод, Говьсүмбэр
10. Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэн – Бүх аймгууд байрлах юм байна. Үнийн мэдээлэл одоогоор гараагүй байгаа юм байна.
Холбоотой мэдээ