Д.Жавзандорж: Д.Чойжамц танд эрүүл энх, урт удаан насыг ерөөе

Хуучирсан мэдээ: 2023.11.18-нд нийтлэгдсэн

Д.Жавзандорж: Д.Чойжамц танд эрүүл энх, урт удаан насыг ерөөе

Д.Жавзандорж: Д.Чойжамц танд эрүүл энх, урт удаан насыг ерөөе

НЭМЭЛТ 12:52

29-р хамба номун хан Д.Чойжамц хамба: 

-Энэ билэг дэмбэрэлтэй сайхан өдөр шинэ хамбын ёсолгоо, хуучин хамба байсан надад хүндэтгэл үзүүлж байгаа энэ ёслолд хүрэлцэн ирсэн та бүгдэд баярласнаа илэрхийлье. Миний явж ирсэн замнал бол хүнд хэцүү бэрх үеийг туулсан 1937 оны хэлмэгдүүлэлтийн дараа 1944 оныг хүртэл 7 жил хаагдаад, дахин сэргэсэн Гандантэгчинлэн хийд. Энэ цагаас хойш хуучин гавж, гэвш нар гээд 100-аад лам хурдаг ийм ганцхан хийд Монголд ажиллаж байсан. 1990 он болоход 200 гаруй хийд нээгдэж, шинэ цаг эхэлсэн. Шашны эрх чөлөө, шүтэх бишрэх эрх чөлөөгөө олж авсан үе юм. Энэ цагаас эхлээд олон сайхан хамба залгамжлуулж явсан.

Хуучин уламжлалт өвгөн гавж, гэвш, лам нараасаа хэлбэр дүрс, хээ хэлбэр, ном эрдмийг нь суралцах бололцоо надад олдсон. Ийм их хувь заяатай хүн байгаа юм. Үндсэндээ 1992 онд уламжлалт лам гуай нар бол 80, 90 хүрчихсэн, ажил хөдөлмөр эрхлэхэд бэрх ийм үе юм. 1990 онд хувьсгалын дараа шинэ эрх чөлөөгөө олсон маш олон жижиг хүүхэд буюу 13-аас доош насны хүүхдүүд лам болсон. Түүний дараа шашны дээд сургууль төгссөн хэдхэн хүн үлдэж, тэр дотроос намайг сонгож хамба болгосон. Энэ их хүнд бэрх үеийг даван туулах хэрэг зориг гарсан. Тийм учраас энд хүчин зүтгэхээс өөр арга үгүй. Өвгөн лам нар маань сургасан. Гандантэгчинлэн хийдээ дээш нь татаарай гэж надад захисан. Тэр захиасын дагуу хийдээ сайн сайхан болгох юмсан гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн явсан. Энэ олон жилийн явдлыг би дотроо бодддог. Энэ бол нэг их гайхамшиг биш. Тэр жоохон хүүхдүүд өсч өндийж, эрдэм боловсролтой болох, өвгөчүүл нь таалал төгсөөд явчихсан завсрын үед яах аргагүй би үйлийн үрээр 31, 32 жил болжээ. Дэд хамба 4 жил, Да лам албанд 1 жил, ингээд 36, 37 жил гандан хийдийнхээ төлөө явжээ.

Энэ ажлыг ганц хүн хийнэ гэж байхгүй. Шашны захиргаа, энэ олон хуврагууд, сүсэгтэн олон, засаг төр, өчнөөн гадаад дотоодын улсуудын дэмжлэг туслалцаагаар энэ бүх ажил бүтсэн. Тэгэхээр шинэ хамба маань ажлаа сайхан хийнэ гэж бодож байна. Энэтхэгийн сургуульд 1990 оны үед морилсон юм билээ. Энэтхэгт очоод нэлээн сайн сурч байна гэж дуулаад, ажиглаж байсан 4-5 хүн байсан. Тэднийг алсдаа шашиндаа тустай улс болох нь дээ гэж боддог байсан. Ингээд лхаарамбын дамжаа гэдгээр нэгдүгээр зэргийн лхаарамба болсон.

Тиймээс эрдэм лугаа төгөлдөр, судар тарнийн номыг хоёуланг нь үзчихээд ирж байгаа улсууд одоо Монголд нэлээн хэд болжээ. Энэ бүгд шашин нэг шат ахиж буйн илэрхийлэл.

Тиймээс шинэ хамбыг сахил санваар, эрдэм боловсрол төгөлдөр, хамба лам болох зохист эрэмбэндээ хүрчээ гэж бодоод, дараагийн хамбаар нэрийг нь тодруулсан юм. Шашин номын үйлсдээ сайхан зүтгээрэй. Үнэнч байгаарай. Сүсэг бишрэл лугаа төгөлдөр байгаарай. Энэ ард олон, лам хуврагуудтайгаа хэнийг нь ялгалгүй тэгш байж, бүгдийг нь энэрэн хайрлаж, бурхны шашнаа хөгжүүлж дэвшүүлээрэй гэж ерөөе.


НЭМЭЛТ 12:30 

Дээрхийн гэгээнтэн Х богд Жавзандамба хутагт өөрийн шавь олон нөхөд, дээдэс багш нар, лам хуврагууд, хүндэт зочдын хамт Өнөө өглөө 07:40 минутад заларсан. Хичээнгүй зүтгэлт XXIX хамба номун ханы тамгыг X богд Жавзандамба хутагт дээдэст өргөн барив. Үүний дараа XXX хамба номун хан Монгол түмний их шүтээн очир дарь шүтээнд хадаг өргөж, суудалд суулаа. 

Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганы их танхимд XXX хамба номун хан Жавзандорж, цорж лам гавж Цоожилсүрэн, ловон лам Авидын Гэрэл, унзад, гэсгүй нар, дацан хийдүүдийн удирдлагууд, монголын хувилгаад хутагтууд, 21 аймаг 9 дүүргийн хамба лам нар, ОХУ-ын Тува улсын бурхны шашны тэргүүн хамба ламтан, Буриадын буддын шашны нийгэмлэгийн төлөөлөл, хамба лам нар, Алтайн хязгаарын Амарсанаа хийдийн төлөөлөл, монгол туургатны томоохон хийдүүдийн хамба лам нар уригдан иржээ. 

ХХХ Хамба номун хан, гэвш Лхаарамба Д.Жавзандорж: 

-Авралт багш гурван эрдэнэ дор бишрэнгүйгээр мөргөе. Өнөөдрийн ёслолд морилон саатсан Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, эрхэм УИХ-ын гишүүд, ЗГ-ын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, бурхан шашны хутагт хувилгаад, гэвш лхаарамба, гавж, хийдүүдийн хамба ламууд, гадаад орны Элчин сайдууд, хүндэт зочид төлөөлөгч, сүсэгтэн олон та бүхэндээ 17 дугаар жарны Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их Хамба, ХХХ Хамба номун хан хэмээх эрхэм хүндтэй, нэн хариуцлагатай шашин номын албан тушаалд сонгогдон томилогдлоо. Эрхэм хүндэт та бүхэнтэй хамтран уламжлалт бурхны шашин соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө хичээн зүтгэхээ илэрхийлж байна. Энэхүү албанд итгэл хүлээлгэж нэр дэвшүүлсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, XXIX хамба номун хан Д.Чойжамц танд эрүүл энх, урт удаан нас, буян номын үйлс тань арвидан дэлгэрэхийн ерөөлийг айлтгая. 

Их Монгол оронд бурхны шашны соёл хэдэнтээ дэлгэрч, Монголын ард түмний ахуй амьдрал, өв соёл, үнэт зүйлсийн салшгүй нэгэн чухал хэсэг болон уламжлагдан ирсэн билээ. Бурхан багш бээр миний шашин умардаас умардад дэлгэрнэ хэмээн бошиглон зарлигдсаны дагуу бурхны шашин Энэтхэгээс Төвөд, Төвөдөөс Монголд дэлгэрэхэд алжаал зүдрэлийг умартсан Монголын анхдугаар богд өндөр гэгээн Занабазар тэргүүтэй ихэс дээдэс, эрдэмтэн мэргэд бүхэнд чин сэтгэлээсээ талархан залбирна.

Бурхан багш дөрвөн үнэний сургаалыг айлдахдаа бидний хүсдэггүй зовлон бидний өөрсдийн муу сэтгэлээс гардаг. Ийм учраас зовлон хүсэхгүй хэн байна, зовлон бий болгодог муу сэтгэлийг юуны түрүүнд таниж, түүнийг арилгах тухайд арга нь болсон хоосон чанар, шүтэн барилдлага, эдгээрийг танин мэдсэн бэлгэ ухаан, бусдыг энэрэн нигүүлсэх сэтгэл, бусдын төлөө өөрөө эхлээд сайжрах хэрэгтэй гэсэн бодь сэтгэлийг хэрэгжүүлэхэд суралцах хэрэгтэй.


НЭМЭЛТ 11:40

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их Хамба, ХХХ Хамба номун хан, гэвш Лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн тавны билэгт сайн өдөр Батцагаан цогчэн дуганд яг одоо болж байна.

Бид мэдээллийг эргэн дамжуулна.


Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ /2023.11.01/ өгсөн талаар бид мэдээлсэн. Тэгвэл шинэ хамбаар тодроод буй Лхаарамба Д.Жавзандоржийг ширээнд залах хүндэтгэлийн ажиллагаа өвлийн тэргүүн сарын шинийн 5-ны өдөр буюу өнөөдөр /2023.11.18/ болно.

Дашрамд сонирхуулахад, Монгол багш гэж олноо хүндлэгдсэн Д.Жавзандорж нь Сүхбаатар аймагт төрсөн бөгөөд 1991 оноос Эрдэнэ-Мандал хийдэд, 1993 оноос Дашчойлин хийдэд шавилан сууж байгаад 1995 оноос Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Дашчойнпэллин дацанд буддын гүн ухаанд суралцаж эхэлжээ. Тэрбээр 1998 оноос Энэтхэг улсын Гомон дацанд буддын гүн ухааны шаталсан сургуулиудад тасралтгүй суралцаж, 2017 онд шарын шашны гүн ухааны дээд зэрэг болох Лхаарамба цолыг нэгдүгээр байраар хамгаалжээ.

Энэ нь Монгол Улсад ардчиллаас хойш анх удаа монгол хүн Лхаарамба цолыг хүртсэн түүхэн үйл явдлаар тэмдэглэгджээ.

Тэрбээр 2019 онд Монголдоо эргэн ирж түмэн олны тусын тулд буян номын үйл явуулдаг байна. Одоо Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны дээд сургуульд давхар багшилдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
128
ТэнэглэлТэнэглэл
23
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж