Жо Байдены гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бол Ази дахь Америкийн нөлөөг сэргээх. Гэхдээ энэ тэргүүлэх чиглэл үндсэндээ замрах тал руу хандаж явсан гэхэд болно. Украины дайн, Газын зурвас дахь мөргөлдөөн гэх мэт шинэ хямрал гарах тоолонд Ази тив Байдены хийх ажлын жагсаалтад доогуур байр эзлэх болжээ.
Харин энэ долоо хоногт Байденд Азид анхаарал хандуулах боломж гарч ирэв. Азийн орнуудын удирдагчдын оролцсон АПЕК-ийн чуулганы үеэр тэр энэ боломжийг ашигласан юм.
Энэ үеэр тэр үг хэлэхдээ "АНУ нь бүс нутгийн ирээдүйд чухал ач холбогдолтой хэвээр, урьд өмнөхөөсөө ч илүү чухал байр суурьтай байгаа. Албан тушаалаа хүлээж авсан эхний өдрөөс хойш л энэ нь манай засаг захиргааны алсын хараа байсан" гэжээ.
Энэ алсын харааг бодит болгох нь урьд өмнө хэзээ ч ийм хэцүү байгаагүй аж. Европ болон Ойрхи Дорнод дахь тэс өөр мөргөлдөөнүүд нь Байденыг урьдчилан таамаглах аргагүй байдалд оруулсаар байна. Ирэх онд ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх Байдены хувьд эргэлзээтэй зүйлс олон бий. Гэвч АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тэр эргэлзээ таамагийг бага ч болов бууруулж чаджээ.
Тэрбээр чуулганы үеэр бүс нутгийн хамтын ажиллагаа, найрамдлын алсын харааг тодорхойлов. "Эндээс Сан Франциско хотоос эхлээд Номхон далайг бүхэлд нь хамарсан хүчтэй гүүрийг АНУ барьж буй. Шинэ харилцаа холбоо тогтоож, шинэ түншлэл эхлүүлэхийн тулд хүн бүр энэхүү дээд хэмжээний уулзалтын давуу талыг бүрэн ашиглах хэрэгтэй" гэжээ.
Мөн Пүрэв гаригт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл, Японы ерөнхий сайд Фүмио Кишида нартай тусдаа гэрэл зураг авхуулах цаг гаргасан байна. Энэ нь АНУ Ази дахь холбоотнуудтайгаа улам ойр дотно харилцаатай болсны илэрхийлэл гэж "Associated press" агентлаг дүгнэжээ.
Ази тив нь дэлхийн худалдааны хамгийн чухал уулзвар, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал ач холбогдолтой ашигт малтмалын эх үүсвэр, технологийн шинэчлэлийн төв юм. Тиймээс Азид чиглэсэн гадаад бодлого Байдены засаг захиргааны жинхэнэ сорилт гэж тэр тодорхойлдог.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ