Мьянмарын Чин муж дахь сургуулийн байр цэргийн нисэх онгоцны бөмбөгдөлтөд өртсөнөөс болж 11 хүн нас барав. Нас барагсдын найм нь хүүхэд байжээ. Уулархаг, алслагдмал бүсийн Вуилу тосгон дахь сургуулийг Лхагва гаригт бөмбөгдсөн байна.
Мьянмар улсад өдгөө хэд хэдэн зэвсэгт бүлэг цэргийн хунтатай мөргөлдсөний улмаас иргэний дайн дэгдэхэд тулаад буй. Сүүлийн долоо хоногуудад сөрөг хүчнийхний довтолгоо ширүүссэн тул цэргийнхэн агаарын хүчиндээ найдлага тавих болжээ. Ялангуяа дээр дурдсан Чин муж нь цэргийн хунтагийн эсрэг хүчтэй тэмцэж байна. Өнгөрч буй долоо хоногт Чин мужийн дайчид Энэтхэгтэй хиллэдэг Рихавдар хотыг хяналтдаа авчээ.
Бөмбөгдөлт болсон Вуилу тосгонд 80 хүрэхгүй айл өрх амьдардаг. Гэрчүүдийн мэдээлж буйгаар цэргийн нисэх онгоц тухайн өдөр дор хаяж хоёр бөмбөг хаясан аж. Нэг бөмбөг нь сургуулийн зорилгоор ашиглаж байсан байшинг сүйтгэн, 11 хүний аминд хүрсэн байна. Сургуулийн байрнаас гадна хэд хэдэн байшин, хоёр сүм бөмбөгдөлтийн улмаас эвдэрч, гэмтжээ.
Өмнөд Чин мужид үе үе хунта болон босогчдын хооронд мөргөлдөөн гардаг ч Вуилу тосгонд ямар ч асуудалгүй байсан. Яагаад энэ тосгоныг онилсныг ойлгохгүй байна гэдгээ нутгийн иргэд хэлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ