Хойд Солонгост өдийгөөс яг нэг жилийн өмнө цагаан пальто өмссөн охин аавынхаа гараас атган АНУ-ын эрэгт хүрэх чадалтай баллистик пуужинтай танилцаж байв. Ким Жон Уны охин Ким Чу-Аэ гарч ирснээр тус улсын суртал ухуулгын хэв маягийг нэг шат ахиулсан юм. Удирдагчийн гэр бүлд тив алгасагч баллистик пуужингийн туршилтаас гараагаа эхэлсэн хүүхэд нэгээхэн ч үгүй. Угтаа бол удирдагчдын хүүхдүүд төрийн аппаратын нэг хэсэг болох хүртлээ олны нүднээс далд байдаг.
Охины насыг Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг 10 орчим гэж таамаглажээ. Ким Чу-Аэг гурван хүүхдийн хоёр дахь гэж үзэж байна.
Охин олны өмнө гарч ирснээр хүйтэн дайны үед бий болсон нэг гэр бүлийн хаант улсыг удирдах дараагийн үе бэлэн байгааг дэлхий дахинд харуулжээ. Түүнчлэн зэвсгийн хөтөлбөрийг дэмжсэнээр үр хүүхдээ АНУ-ын түрэмгийллээс хамгаална гэсэн мессежийг хойд солонгос эцэг эхчүүдэд өгсөн юм.
"Ким Жон Уны гэр бүлийн засаглалыг хадгалах нь тус улсын зэвсгийн хөтөлбөртэй салшгүй холбоотой. Охин аавынхаа дүр төрхийг зөөлрүүлэх зорилготой гарч ирсэн байж магадгүй ч энэ нь тийм амар биш. Хойд Солонгосын ард түмэн өлсгөлөнд нэрвэгдэж, пуужин бодох сөхөөгүй хатуу хэлмэгдүүлэлт дор амьдарч байна. Тиймээс ард түмний амьдралын нөхцлийг сайжруулж, тэдэнд жинхэнэ эрх чөлөөг олгох дорвитой алхам хийхгүй бол Ким Жон Уны талаарх иргэдийн ойлголт өөрчлөгдөхгүй байх магадлалтай" гэж Солонгосын шинжээч асан Су Ким хэлжээ.
Ким Чу-Аэ өнгөрсөн нэг жилийн хугацаанд 16 удаа олны өмнө гарч ирсэн байна. Үүнээс 13 нь цэрэг армитай холбоотой байсан бол хоёр нь спорт, нэг нь эдийн засагтай холбоотой арга хэмжээ байв.
Эх сурвалж: BLOOMBERG
Холбоотой мэдээ