Нийслэлийн Ардчилсан намын даргаар Т.Батцогтыг сонголоо

Хуучирсан мэдээ: 2023.11.17-нд нийтлэгдсэн

LiveНийслэлийн Ардчилсан намын даргаар Т.Батцогтыг сонголоо

21 : 20
2023-11-17

Нийслэлийн Ардчилсан намын даргаар Т.Батцогтыг сонголоо

Нийслэлийн Ардчилсан намын даргаар Т.Батцогтыг сонголоо. Нийт 235 гишүүн саналаа өгснөөс олонхийн саналыг Т.Батцогт хүлээв. Энэхүү сунгаанд Д.Бадарсан, Т.Батцогт, М.Тулгат нар өрсөлдсөн юм. 

Т.Батцогт нь МоАХ-ноос нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө Нийслэлийн Ардчилсан намын гишүүдийн тоог жилийн хугацаанд 40 мянган шинэ хүнээр нэмэгдүүлэх, гадаад харилцааг түшиглэн намын гишүүдээ БНСУ, Япон зэрэг оронд сургалтад хамруулах зэрэг арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн юм. 

18 : 56
2023-11-17

АН: Д.Бадарсан, Т.Батцогт нарын дунд санал хураана

Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр бүхий гурван хүн өрсөлдөж, гишүүдээс санал хураасан ч хэн нь ч 50+1 хувийн санал авч чадсангүй. Тиймээс дахин санал хураахаар боллоо. Ингэхдээ хамгийн бага санал авсан нэр дэвшигчийг хассанаар хоёр дахь шатны санал хураалтад Д.Бадарсан, Т.Батцогт нарыг оруулж, санал хураахаар болллоо. Өөрөөр хэлбэл, М.Тулгат хамгийн бага санал авсан тул хоёр дахь шатны санал хураалтаас хасагдаж байна. Нийслэлийн Ардчилсан намыг даргыг сонгох сонгуульд нийт 235 хүн оролцож саналаа өгнө. 

 

17 : 45
2023-11-17

Нийслэлийн АН-ын даргыг сонгох санал хураалт эхэлжээ

Нийслэлийн Ардчилсан намын даргыг тодруулах сонгуульт ажиллагаа эхэлжээ. Нийт 235 гишүүн саналаа өгөх ёстой юм. 

Нийслэлийн Ардчилсан намын даргад Д.Бадарсан, Т.Батцогт, М.Тулгат нар өрсөлдөж байгаа юм. 

15 : 00
2023-11-17

М.Тулгат: АН түгжрэлийг дөрвөн сарын дотор одоогийнхоос 2 дахин бууруулж чадна

Нийслэлийн Ардчилсан намын даргыг сонгох ээлжит хуралдаан үргэлжилж байна. Одоо тус хуралдаанд Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж эхэллээ. 

Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч М.ТУЛГАТ:

-Би олуулаа ялмаар байна, багаараа ялмаар байна. Тийм ч учраас би нэрээ дэвшүүлж байгаа.

Ардчилсан намаас сонгууль болгоноор онцгой сайхан санал санаачлага хөгжлийн хөтөлбөрийг дэвшүүлдэг. Тэр бүгдийг хэрэгжүүлмээр байна. Нийслэлчүүд үүнээс илүү цаг алдаж болохгүй. Эрх барьж байгаа МАН бидний амьралын сайн сайхан,  ирээдүйгээс хумсалж байна. Сүүлийн бүх сонгуульд дэвшүүлсэн МАН -ын мөрийн хөтөлбөр хэрэгжээгүй. Худал хуурмагын жагсаалт учраас хэрэгжээгүй. МАН бол хүн төрлөхтөний жам ёсны эсрэг юм ярьдаг. Түр зуурын гал унтраах агуулгаар л ажиллаж ирсэн. Хөгжил дэвшил  хааж боож,төлбөр тогтоосноор явдаггүй, чөлөөтэй тавьж, жам ёсны гольдролпд оруулснаар явдаг. Хэдэн дарга хөгжил авч ирдэггүй.

Улаанбаатар хотын онцлог бол дэлхий дээрх хамгийн хүйтэн нийслэл. Монголын нийслэлийн түмэн зовлонгийн эх үүсвэр нь хүйтэн гэдэг байгалийн өгөгдөлтэй холбоотой.

Хэрвээ Ардчилсан нам ялбал Улаанбаатар хотын түгжрэлийг дөрвөн сарын хугацаанд одоогийнхоос хоёр дахин бууруулж чадна гэлээ.

Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч Д.БАДАРСАН:

-Ялагч нам болохын тулд шинэ залуу үеийг нэгтгэж хүчээ зузаатгах шаардлага байна. Нам дотор 1990 оны залуучууд маш бага байгаа. Тэднийг бид нар намынхаа гишүүдээрэ өргөтгөх, хүчийг нэмэгдүүлэхийн тулд шинэ залуучуудад зориулсан бодлого боловсруулж, хэрэгжүүлнэ.

Нийслэлийн бүх шатны нэр дэвшигчийг үе шаттай бэлтгэх шаардлага байна. Олон нийтийн судалгааг үндэслэн нэр дэвшүүлэх бодлого барина. Иргэдийн санаачлагыг тууштай дэмжиж ажиллана.

2024 оны сонгуулийн ялалтын мөрийн хөтөлбөрийг 1.5 сая иргэнээсээ санал авч, боловсруулж нийслэлчүүддээ санал болгоно.

Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч Т.БАТЦОГТ:

Нийслэлийн намын дарга болбол есөн дүүргийн даргатай тогтмол уулзаж, ажлаа ярина. Нийслэлийн намын хорооны хурлыг сар бүр хийнэ. 223 гишүүнээс хэн нь аль төсөл хөтөлбөрийг дээр сууж ажиллах юм, хэн нь нийгэм рүү төсөл хөтөлбөр санаачлагаа гаргаж ярих юм гэдгийг хамтдаа шийдвэрлэнэ.

Улаанбаатар хотын хэмжээнд манай нам 60 мянга орчим гишүүнтэй. Шинээр 40 мянган гишүүн элсүүлнэ, жилийн дотор. Дэмжигч гишүүдээ бид албан ёсны гишүүн болгоно. Ахмадуудын хүүхдүүдийг элсүүлнэ. Аав ээжийнхээ ардчиллын төлөө тэмцээд яваад байгааг тэд харсан, мэдэрсэн, одоо насанд хүрсэн. Тиймээс татаж, гишүүдийнхээ тоог эрс нэмэгдүүлнэ.

Ухуулагч нараа бид бэлдэх ёстой. Сонгууль зарлагдахаар л энэ тэрний найз дэвшинэ гээд яваад очдог. Танилцах ажил хийсээр байгаад сонгуульд ялагддаг. Бид ухуулагчаа, нэр дэвшигчээ бэлдэнэ, жилийн өмнөөс.

Ухуулгын байр тохьтой тухтай байх ёстой. Дүүрэг бүрт байгуулаад явж байгаа. Сүүлийн үеийн залуучууд дунд намд харьяалагдахгүй инфлүүсер залуучууд маш их болсон. Тэднийг яаж нам руугаа татах вэ. Нийслэлийн Ардчилсан нам гадаад харилцаанд тулгуурлаж татна. Гадаад харилцааг маш сайн ашиглаж чадвал гишүүдээ нэмэх боломж байгаа гэлээ.

 

14 : 51
2023-11-17

С.Эрдэнэ: Д.Пүрэвдаваа хор найруулдагаа болио, хэнийг лоббидох гээд байгаа юм

Нийслэлийн Ардчилсан намын даргыг сонгох хуралдаан эхлээд байна. Хуралдааныг Ардчилсан намын гишүүн Б.Ган-Очир даргалахаар болжээ. Мөн тооллогын комиссыг долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм байна. Гэвч шинэ гишүүдийн эрхийг баталгаажуулаагүй байж, тооллогын комиссын гишүүдийг хүчээр сонгосон гэдэг маргаан дэгдлээ.

Ардчилсан намын дарга асан С.ЭРДЭНЭ:

-Хор найруулж байгаа юм бол ухаантай хор найруул л даа. Хүчиндээд хүчиндээд яваад байдаг. Энэ зааланд бүрэн эрхтэй хүмүүс ирсэн байгаа. Дүрмээ барь л даа, Б.Ган-Очироо. Чи хамгийн их дүрэм ярьдаг биз дээ. Дандаа дүрмийн бус юм хийгээд байх юм.  Та гурвыг хэн сонгочихсон юм, зааланд бүгд л тэгш эрхтэй хүмүүс сууж байна ш дээ.  Эхлээд шинээр сонгогдсон хүмүүсийнхээ бүрэн эрхийг баталгаажуул. Сонгогдож орж ирчихээд бүрэн эрхээ эдэлж чадахгүй байна ш дээ.  Ёс зүйгүй юм хийдгээ больцгоо. Би хор найруулах гэж ирээгүй, Ардчилсан намын гишүүний хувьд сонгогдоод ирж байгаа.

Д.Пүрэвдаваад хэлмээр байна, чи боль л доо хор найруулдагаа. Хэнийг лоббидох гээд байгаа юм. Хурлын тэргүүлэгчдийг булаагаад авлаа, тооллогын комиссын долоон хүнийг хүчээр гаргаад ирлээ.

Тэр долоон хүн чинь ямар зорилготой юм. Тооллого дээр будилаан тарих гээд байгаа юм уу. Д.Пүрэвдаваа чи заваан хороо болилдоо. Худлаа инээгээд. хоёр үзүүртэй зүү царайлчихаад.

Д.Пүрэвдаваа ямар эрхтэй юм, үүрэг гүйцэтгэгч, бүрэн эрхтэй ч хүн биш. Нээлттэй ил тод хуралдаж суръя л даа.

Бүрэн эрх нь баталгаажаагүй байхад тооллогын комиссоо томилоод. Та нарын наад хор явахгүй за. Хорон дээрээ бүгд халтирна гэв.

Улмаар Нийслэлийн Ардчилсан намын хорооны гишүүдээр сонгогдсон 60 хүний нэрийг дуудан, баталгаажуулж мандат олголоо. Үүний дараа хурлын тэргүүлэгчид, мөн тооллогын комиссыг шинээр байгуулах юм байна. 

 

14 : 06
2023-11-17

Д.Батцогт: МоАХ-ноос дэмжлэг үзүүлснээр нэрээ дэвшүүлсэн

Нийслэлийн Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлсэн Т.Батцогтоос дараах тодруулгыг хийлээ.


-Нийслэлийн Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлээд өрсөлдөж байна. Хэрэв ялбал ямар бодлого дэвшүүлж ажиллах вэ?

-Нийслэл Улаанбаатар хотод хүн амын талаас илүү хувь нь ажиллаж, амьдарч байна. Нийслэлийн Ардчилсан нам гэдэг бол бүтцийн хувьд маш том байгууллага. Есөн дүүргийн намын гишүүд дээр ажил нь төвлөрч явдаг.

Удахгүй буюу жилийн дараа 2024 оны орон нутгийн сонгууль болно. Богино хугацаанд зөв төлөвлөгөөтэй сонгуульд бэлтгэж орлцоно гэсэн төлөвлөгөөтэй байна. Нэр дэвшигч нар сонгууль эхлэхээс өмнө тухайн тойрог дээрээ төвлөрч иргэдтэйгээ ажиллах ёстой. Энэ ажлыг намаасаа зохион байгуулж ажиллана. Сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд цар тахал, намын гишүүдийн үл ойлголцлоос болоод идэвх оролцоо суларсан тал бий. Ийм учраас намын үйл ажиллагаанд гишүүдийнхээ оролцоог нэмэгдүүлэх, нэг төвшний ойлголттой болгох. Эрх баригчдын буруу үйл ажиллагааг бодитой хүргээд явахаар төлөвлөөд явж байна.

-Бусад нэр дэвшигчдийн тухайд та байр сууриа илэрхийлээч?

-Гурван нэр дэвшигч Нийслэлийн Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлж байна, НИТХ-д 2-3 удаа сонгогдсон төлөөлөгч нар. Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу дүүрэг нийслэл, анхан шатны нэгжээс улс төр, олон нийтийн ажлаа эхлүүлсэн байдаг. Үе тэнгийн журмын нөхөд. Намын дотоод сонгууль учраас нэг нь дарга болоод явна.

-Таныг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дэмжлэгтэй МоАХ-ноос нэр дэвшин өрсөлдөж байна гэж ярьж байна?

-Ардчилсан нам гэдэг бол олон ургалч санаа, олон нөхдүүдийн нэгдэл байдаг. Тэр утгаараа МоАХ гэдэг байгууллага Монголд ардчиллыг бий болгосон ууган байгууллага, Ардчилсан нам байгуулагдахаас өмнө ардчиллыг авч ирсэн байгууллага. МоАХ -ноос дэмжлэг үзүүлээд Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшүүлээд явж байна.

-Улаанбаатар хот дээр ямар асуудлыг шийдвэрлэх шаардлага байна гэж харж байна?

-Шууд нэвтрүүлгээр бид байр сууриа илэрхийлээд явсан. Улаанбаатар хотын өмнө нэн тэргүүнд тулгамдаж байгаа асудал бол утаа, түгжрэлийн асуудал.  Богино хугацаанд буюу нэг сарын дотор, нэг улирлын дотор шийдэх боломжтой асуудлууд бий.  Харамсалтай нь эрх баригч болох МАН –д шийдэх хүсэл алга. Нийслэлд 8 жил суусан төлөөлөгчийн хуьд гайхаад л сууж байгаа.

 

13 : 44
2023-11-17

С.Эрдэнэ: АН нийслэлд засагласан он жилүүдэд маш их зүйлийг хийдэг

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнээс дараах тодруулгыг хийлээ.


-Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр двэшигчдээс хэнийг нь дэмжихээр ирсэн бэ, та?

-Нийслэлийн 1.4 сая иргэний ирээдүй, хувь заяа амьжиргаанд Ардчилсан нам ямар нөлөө үзүүлэх вэ гэдэгт нийслэлийн Ардчилсан намыг хэн удирдах вэ гэдгээс их хамаарна. Хувь хүний үүрэг роль өндөр байгаа цаг үед Нийслэлийн Ардчилсан намыг толгойлох, ирээдүйн нийслэлчүүдийн амьдралд Ардчилсан намын гүйцэтгэх үүрэг ролийг авч явах хүн гэдэг бол маш том үүрэг хариуцлага хүлээж байгаа.

Нийслэл дээр Ардчилсан намын гүйцэтгэсэн нийгэм, эдийн засгийн үүрэг маш их өндөр. Ялангуяа 2012 оноос эхлээд нийслэлийн өнгө төрх өөр болсон. Бизнесийн хувьд ч таатай орчин бүрдэж эхэлсэн үзүүлэлт байдаг.

Хамгийн их хөрөнгө оруулалт, хамгийн их бүтээн байгуулалт хийгдсэн, хамгийн хурдтай хөгжсөн он жилүүд гэвэл Ардчилсан нам засагласан он цагууд байдаг. Жишээлбэл, Ж.Наранцацралт даргын үед нийслэл анх удаа хөрөнгийн маш их төвлөрөл бий болсон бол Э.Бат-Үүл даргын үед маш их хөрөнгө оруулалт, маш их бүтээн байгуулалт хийгдсэн байдаг.

Энэ бүгд хүлээлт нийслэлчүүдийн хувьд байгаа. Нийслэлийн Ардчилсан намын даргаар сонгогдсон хүн магадгүй Нийслэлийн Засаг дарга болоод нийгэм эдийн засгийн амьдралыг тодорохйлоод явах маш их үүрэг хүлээхийг үгүй гэх газаргүй. Нэр дэвшингчдээс энэ нь илүү, тэрийг нь дэмжиж байна гэж хэлэх боломж алга. Бүгдээрээ л сайхан залуучууд нэр дэвшсэн байна. Хэн нь илүү мөрийн хөтөлбөрөө тайлбарлаж, ойлгуулж, нийслэлийн намын хорооэны гишүүдийн итгэл найдвар хүлээж чадсан нь илүү санал авна.

-Нийслэлийн Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадсан уу?

-Ний нуугүй хэлэхэд чамлалттай л байгаа. НИТХ-д хэдийгээр Ардчилсан намын гишүүд цөөхөн байгаа ч УИХ дээр байгаа гишүүд ч тун тааруухан гүйцэтгэж ирлээ гэж харж байгаа. Гэсэн ч нийгэмд хүлээлт их байна.

Ардчилсан нам эрх мэдлийн хувьд гараад ирэх юм бол улс орны хувьд ч, нийслэлийн хувьд ч маш олон эерэг өөрчлөлт гарна гэсэн нийгмийн хүлээлт их байна. Ийм хариуцлагатай цаг үед шинээр гарч ирэх нийслэлийн Ардчилсан намын дарга багаа зөв бүрдүүлээд зөв ажиллаж чадах юм бол нийслэлийн хувьд маш том өөрчлөлт хийх боломж байна.

Эрх баригчдын хийж байгаа маш олон алдаа, хууль бус үйлдэл байна. Хүний эрх, эрх чөлөө байхгүй боллоо. Ийм цаг үед Ардчилсан нам нийгмийн хүлээлтийг зүй ёсоор хүлээгээд, тэр хүлээлтэд нь таарсан үйл ажиллагаагаа эхлүүлээд явах юм бол маш олон боломжууд байна.

Ер нь Ардчилсан нам нийгмийн маш олон өөрчлөлтийг манлайлж ирсэн, 30 жилийн хугацаанд. Хэдийгээр муу хэлүүлж ирсэн ч. Эрх баригчид жаахан алдаа гаргахаараа л Ардчилсан нам руу хамаг буруугаа чихэж байна. 100 жилийн 92 жилд нь улс орныг удирдсан МАН яахаараа ч бусдад буруугаа тохдог юм. Муу юм болбол захын хар овоохой гэгчээр Ардчилсан нам руу чихдэг. Сайн, муу аль алиныг нь үүрч байгаа цагт зоригтой алхмууд хийх ёстой. Улс орны өнгийг тодорхойлдог, нийслэлийн өмнө тулгамдаж байгаа маш олон асуудал байна. Энийг зроригтой л өөрчлөх хэрэгтэй. Тэгж чадвал нийслэлчүүдийн итгэлийг хүлээж чадна.

 

 

12 : 40
2023-11-17

Д.Бадарсан: "Эе эвийг хичээе" гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж байна

Нийслэлийн Ардчилсан намын даргыг сонгох сонгууль өнөөдөр /2023.11.17/болно. Энэхүү сонгуульд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/-ын төлөөлөгч Д.Бадарсан, Т.Батцогт, С.Тулгат нар өрсөлдөж буй. Нийслэлийн Ардчилсан намын хороо нь 225 гишүүнтэй бөгөөд хураамжаа төлсөн гишүүд энэхүү сонгуульд оролцож саналаа өгнө. 

Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөж байгаа нэр дэвшигч Д.Бадарсанаас ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэн өрсөлдөж байгаа талаар байр суурийг нь сонслоо.

Д.БАДАРСАН:

-“Эе эвийг хичээе” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж байна. Манай намд 2, 3 жил үргэлжилсэн талцал ард хоцорсон. Удахгүй болох сонгуульд бэлтгэх, нэгдсэн бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, ард иргэд юу хүсч байна, ямар проблем байна, гарц шийдлийг гаргах үүрэг Ардчилсан намд байгаа. Энэ ажлыг хийхэд Нийслэлийн Ардчилсан намын баг хамт олны хүлээх үүрэг, хийх ажил их.  Эе эвийг хичээж, биеэ ойлгох нь чухал байгаа учраас энэ асуудлыг хөндсөн. Судалгаатай, олон талыг харсан мөрийн хөтөлбөрийг боловсруулж, нийслэлчүүдэд санал болгоно.

Би Сүхбаатар дүүргийн 10 хороонд оршин суудаг, хорооноосоо 2004, 2008 онд НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож байсан бол 2012-2016 онд НИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл нарын багт багтаж, Сүхбаатар дүүргийнхээ Засаг даргаар дөрвөн жил ажилласан. Мөн өнөөдөр НИТХ-ын төлөөлөгчөөр үргэлжлүүлээд ажиллаж байна. Туршлага байна. Нийслэл хот ямар байх ёстой вэ гэдэг дээр тодорхой бодлого ч байна.

Э.АРИУН, Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж