Ховдын хязгаар, Буянтын хөвөөнөөс дахин нэг хүчтэн гарч ирж байгаа. Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан М.Баяржавхлан гэж өдгөө 22 настай залуу сүүлийн үед бөхийн өргөөнд урамтай сайхан барилдаж, үзэгч олноо баясгаад байна.
Тэрбээр өнгөрсөн Ням гаригт Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд түрүүлж, аймаг, цэргийн анхны түрүүгээ хүртсэн. Улмаар "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд зодоглож, шөвгөрөв. Ингэхдээ аймгийн арслан Д.Батсүх, улсын начин Д.Амаржаргал, О.Түмэн улсын аварга О.Хангай нарыг буулган авчээ.
Намрын нээлтийн улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд М.Баяржавхлан шөвгийн наймд үлджээ.
М.Баяржавхлан сумын заан цолтойгоосоо л эхлэн цойлж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Аймаг, цэргийн начин болон сумын заануудын дундах “Алдарын цом” тойргийн барилдаанд удаа дараа түрүүлж байлаа. Тэрбээр 17 насандаа сумын заан цол хүртэж, 19 насандаа цолоо баталж, 20 насандаа баруун бүсийн уралдаанд зориулсан аймгийн цол олгох барилдаанд шөвгөрснөөр аймгийн начин цол хүртжээ.
Аймгийн начин цолтой М.Баяржавхлан үндэсний бөхийн залуучуудын улсын аваргад түрүүлээд зогсохгүй өргөөний улс, аймгийн цолтнуудын барилдаанд шөвгөрч үзсэн хүчтэн. Ирэх жилийн наадмаар ч улсын цолонд ойрхон гэж яригдах нь гарцаагүй. Гагцхүү бэртэл гэмтлээс хол байж, бэлтгэл сургуулилалтаа таслахгүй байх нь нэн тэргүүний зорилго биз ээ.
Холбоотой мэдээ