Цолоор, золоор чимэглэх албадлагын арми…   

Хуучирсан мэдээ: 2023.11.17-нд нийтлэгдсэн

Цолоор, золоор чимэглэх албадлагын арми…   

Цолоор, золоор чимэглэх албадлагын арми…   

-Чин үнэнч амрагтай хэлж үзээгүй мөртлөө

Чиний төлөө үхье гэж Эх орондоо хэлсэн… гэх шүлэг өнөөдөр бидний, биш ээ. Цэрэгт татагдан буй залуусын цээжээр дуудах шүлэг мөн эсэх нь тун эргэлзээтэй. Учир нь тэд энх цагийн тайван байдалд татагдаж буй цэргүүд. Өнөөгийн чөлөөтэй сэтгэн боддог, өөрсдийн орон зайд эцэг, эх нь ч халдахыг үл зөвшөөрөгч залууст аль нь чухал бол… Адгийн шаарнууд ард түмний дэмжлэгийг авах болгондоо хорогдох газраа болгон үнэ цэнийг нь унагаан буй “Эх орон” гэх үгийг хэрэглэхдээ тэд хэр дуртай бол. Бидний зарим нь хэлэхээс ичдэг болсон эл үгийн мөн чанар, үзэл санаа жирийн монгол хүн танд хэр үнэ цэнэтэй вэ? Албаддаггүй бол “Эх орны төлөө” гэдэг хэцүү цагийн уриа энх тайван өнөөгийн монголчуудад хүүгээ, хүргэнээ, амрагаа, найз залуугаа цэрэгт явуулж чадах байсан уу? Ялангуяа цэргийн ангид амь үрэгдсэн цэргийн тоо дайны үеэс дутахааргүй байхад шүү дээ!

“Цэргийн албан хаагч унтаад босч ирээгүй” гэх албаны тайлбарыг үнэн эсэхийг тогтооход монголчууд энэ өдрүүдэд анхаарал хандуулж байна. “Цэргийн амьдралыг мэдэхгүй байж…” гэх сайдын үг олон хүний бухимдлыг төрүүлэв. Гэхдээ түүний биеийн хэлэмж, хэний хүн болох, царайлаг, цараатай эсэх албан тушаалаас нь огцруулах ч чухал биш. Гол нь дахиад бид залуусаа цэрэгт явуулж, эсэн мэнд ирвэл баярлан, цэргийн албаар бахархаж, амиа алдвал зүхсээр асуудлыг дараагийн хэрэг гартал “хаах уу”. Хуучнаа больё. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш “нэг ч цэрэг амиа алдаагүй” Батлан хамгаалахын сайд байна уу? Ирээдүйд гарч ирэхийг үгүйсгэхгүй ч бодит байдлаас оюун дүгнэлт хийвэл магадлал маш бага. Маш бага болохоор өнөөдөр танай гэрийн гэрэл гэгээ болсон “бяцхан” залуусын гэрлэх, эхнэр авах, таныг эмээ, өвөө болгох магадлал бас төдий хэмжээний гэсэн үг. Муу ёрлосондоо биш Монголын өнөөгийн нөхцөл байдал ийм байна. Харамсалтай нь, олон нийтэд ил www.News.mn –ийн хайлт цэснээс нас барсан цэргийн талаар хам хум хайгаад үзвэл тавхан жилийн дотор цэрэгт амиа алдсан залуусын талаар дараах мэдээллүүдийг/бүрэн гүйцэт биш/ харах болно.

Дээр нь хэдхэн хоногийн өмнөх амиа алдсан цэргийг нэмбэл энэ тоо сүүлийн 5 жилд багаар бодоход /энэ зөвхөн нэгхэн түлхүүр үг ашиглан хайсан илэрц бөгөөд тус агентлаг өөр түлхүүр үг ашигласан эсвэл тодорхой шалтгаанаар мэдээлээгүй байж болно/15 цэрэг амиа алджээ. Сайдын уурлаад байгаа “Хоёр сард нэг цэрэг амиа алдаж байна гэх статистикийг хаанаас гаргаад байгаа юм” гэдгийг мэдэхгүй ч тэрбээр өөрөө энэ тоог албан ёсоор үгүйсгээгүй. Хүний эрхийн Үндэсний комисс сүүлийн арван жилд 50 гаруй цэрэг амиа алсан талаар тэмдэглэж байсан бол хэлмэгдүүлэлтийн/хядлага/ сүүдэрт зөвхөн 1937 оны наймдугаар сараас 1938 оны нэгдүгээр сарын хооронд болсон их хэлмэгдүүлэлтийн сүүдэрт 180 ардын цэргийн дарга нарыг алджээ.

Гэтэл Халх голын дайнд  274 хүн амь үрэгдсэн тоо дурайх. Харин генерал цол олгож эхэлснээс хойш 190 илүү хүн энэ цолыг хүртжээ. Монголын батлан хамгаалахад зарцуулж буй зардлыг аваад үзвэл төсвийн 1 хувьд ч хүрдэггүй аж.

Батлан хамгаалах зардлын 80 хувийг цалинд зарцуулдаг талаар сайд хэлэв. Тиймээс анги, нэгтгэл, заставын барилга байгууламжийн засварт хүрэлцдэггүй гэсэн үг. Шуудхан хэлэхэд орчин үеийн цэрэг, армийн шинэчлэл манайд алга. Хуучны дэглэм, бие бялдарт суурилсан бодлого л өнөөгийн Батлан хамгаалах салбарыг торгоож байна. Муу эр дайнд хөөрнө гэгчээр хэрэвзээ дэлхийн тэргүүн эгнээнд ордог өмнөд ба хойд хөршөөс довтолбол батлан хамгаалах салбар зогсоох нь юу л бол. Золоор тэдний аль нэг нь ийм үйлдэл гаргавал нөгөөгийнх нь эрх ашиг хөндөгдөх учраас өнөөдөр Монголд тайван байна. Тайван байхад залуус цэрэгт амиа алдаад байгаа нь бидний асуудал болов. Албадлагын армийн хохирогчид нь цэрэг эрс болж буй бөгөөд түүнээс хожигсод нь тарган дарга нар, тэр дундаа цолтнууд болоод байна.

Жирийн иргэдэд халтай, зарим хүмүүс ашигтай ийм армийг албадлагаар бүрдүүлэх хэрэг байна уу гэх сэдвийг үргэлжлүүлэн хөндөх болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж