"Чингис хаан одон гардуулдаг өдөр ханиараа бахархдаг"

Хуучирсан мэдээ: 2023.11.17-нд нийтлэгдсэн

"Чингис хаан одон гардуулдаг өдөр ханиараа бахархдаг"

"Чингис хаан одон гардуулдаг өдөр ханиараа бахархдаг"

“Монгол төрийн одонг монгол хүн зурах ёстой” гэдгийг Ардын Их Хурлын депутат Д.Мөнхөө Монголын орчин үеийн калиграфийн урлагийн их мастер, уран зураач Д.Баттөмөр агсанд хэлж байсан талаар төрсөн ах Д.Бат-Аюуш нь дурсан ярилаа. Тэрбээр “Чингис хаан” одонг монгол хүн зурсан. Д.Баттөмөр бол Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу буюу Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул. Цагаан ястан хүн. Монгол төрийн тэргүүн зэргийн одонг зүгээр ч нэг тохиолдлын хүн хийгээгүй. Хөх тэнгэрээс зарлигтай хийж, бүтээсэн гэж боддог. Энэ хүн л хийх ёстой байж” хэмээн санаа алдав.

Зураач Д.Баттөмөр Монгол төрийн эрхэм дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонгийн эх загварыг бүтээсэн уран бүтээлч. Тэрээр өдгөө тэнгэрийн орноо заларсан ч бүтээл нь Монголын ард түмний хайр хүндэтгэл, үндэсний бахархлыг төрүүлж байгаа нь бахдалтай. Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 14-ний Мягмар гаригт тохиосон. Жил бүр уламжлалын дагуу Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис” хаан одонг гардуулдаг. Энэ жилийн тухайд "Чингис хаан” одонг Улсын филармонийн дэргэдэх Морин хуурын чуулгын уран бүтээлчдэд хүртээсэн нь олны талархлыг хүлээв. Ингээд зураач Д.Баттөмөр агсны гэргий Б.Баярцэцэг, төрсөн ах Д.Бат-Аюуштай ярилцсанаа хүргэе.


-Чингис хааны одон чамин бөгөөд сүртэй харагддаг. Энэ одонг таны хань урласан. Энэ саналыг ханьд нь хэн тавьсан юм бэ?

-Хань маань өмнө нь Богд хааны үед шагнадаг байсан Эрдэнийн очир одонг сэргээн, эх загварыг нь гаргаж байсан юм билээ. Тэр үед надад ярихдаа “Манай аав намайг чи зураач болно. Гэхдээ миний хүү төрийн одон хийдэг мундаг зураач болоорой” гэж ерөөж, надад бийр бэлэглэж байсан. Хүн хүсэл мөрөөдлөө үргэлж бодож явбал хэзээ нэгэн цагт биелдэг юм байна” гэж хэлж байсан.

2004 онд санагдаж байна. Эрдэнийн очир одонг хийхээ больсон учраас Чингис хааны тэргүүн одонг бүтээх шалгаруулалтад оролцсон.

Шалгаруулалтад Монголын урчуудын эвлэлийн хорооны бүхий л нэртэй зураач нар оролцож, хэдэн бүтээл шалгарч үлдсээр ханийн минь бүтээл шилдгээр шалгарсан. Төмөрөө маань өөрийнх нь бүтээл шалгарсныг сонсоод “Аавын минь хэлсэн ерөөл биеллээ” гэж ихэд баярлан бэлгэшээж байсан сан. Өөрөө Монголынхоо түүхээ маш сайн мэддэг болохоор Монголын бүхий л бэлгэдлийг Чингис хаан төрийн тэргүүн зэргийн одондоо шингээж өгсөн байдаг.

мар бэлгэдлийг төрийн тэргүүн зэргийн одонд шингээж өгсөн юм бэ?

-Алунгоо эхийн эвт таван сумны бат бэхийн бэлгэдэл, дөрвөн зүг найман зовхистод мандан бадрахын цацраг, Өндөр гэгээний соёмбо, төгсөшгүй нь бэлгэдэл өлзий хээ, эвэр угалз хээ гээд бүхий л бэлгэдлийг дүрслэн шингээснээрээ онцлог.

Өөрөө маш олон санааг гаргаж, Чингис хааны эш хөргийг цагаан алтаар хийнэ. Тэрийг тойроод гүн хар хөх өнгийн паалан байна гээд л одон нь нүдэнд харагдтал ярина.

Өмнө нь одонгийн загвар хийж байсан болохоор одон хийх технологи ажиллагааг маш сайн судалсан. Тэр хэсэгт шигтгээ байрлуулж, нарны гэрэлд тэгж гялалзана гээд нүдэндээ төсөөлж маш баяртайгаар бүтээсэн дээ.

-Чингис хааны одонг анхны эзэнд зүүх мөчид өөрөө авсан юм шиг баярласан байх даа?

-Ерөнхийдөө хань маань жил гаруй бодож, Чингис хаан одонгийнхоо эх загварыг нь гаргасан. Анх одон үйлдвэрээс гарч, танилцуулах мөч өөрт нь сайхан санагдсан тухайгаа ярьсан. Чингис хаан одонг хамгийн анх Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат гуайд гардуулахад хань маань “Миний хийсэн бүтээл анхны эзэндээ очлоо” гэж маш их баярласан хэдий ч өөрийнх нь санаагаар төгс гарч чадсангүй дээ гэж ярьж байсан. Хань минь аавынхаа ерөөлөөр төрийн тэргүүн зэргийн одон хийсэндээ маш их баярлаж байлаа. Гэртээ сүүтэй цайгаа чанаад л… Чингис хааны одон гардуулж, эзэндээ очих мөчийг тэсэн ядан хүлээж байлаа. Өөрөө сэтгэл хөдлөл ихтэй, аливаа юманд сэтгэл зүрхнээсээ ханддаг хүн байсан юм.

-Тэгвэл танай гэр бүлийн хувьд Монгол бахархлын өдөр ханиараа, хүүгээрээ, ааваар бахархах бахархлын өдөр байдаг уу?

-Одон гардуулах өдөр баяртай бас бахархалтай сайхан санагддаг. Хоёр охин нь ааваараа бахархдаг. Ханийн минь хийсэн бүтээл жил болгон ард олныг баярлуулж, бахархал төрүүлж байгаа нь маш их үнэ цэнэтэй. Төрийн тэргүүн зэргийн одонг хийнэ гэдэг өөрөө гэр бүл, ах дүү хамаатан садан, үр хүүхдүүдийнх нь том бахархал.

Гэсэн хэдий ч зураач, дизайнер Д.Баттөмөрийн эх загвараар хийсэн одон гэдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй. Энэ талаар ч огт дурддаггүй нь харамсалтай.

Миний хань элэгний хатуурлаар хорвоог орхисон. Тэрээр амьдралынхаа сүүлийн мөчүүдэд чимэглэлийн уран зургуудыг зурж, маш олон бүтээл хийнэ гээд төлөвлөж байсан. Төрийн ёслол хүндэтгэлийн торгон цэргүүдийн хувцсыг шинэчлэхээр 2000 оны үед хувцасны загварыг нь хүртэл гаргасан.

Уран бүтээлч хүний толгой огт амардаггүй. Байнга шинийг эрэлхийлж байдаг. Тийм болохоор олон юм хийхээр төлөвлөж байсан.

Калиграфийн урлагт том хувь нэмэр оруулсан хүн учраас монгол бичгийг хэрэглээ бус яавал үнэ цэнэтэй урлаг болгох вэ гэдгийг харж, хөгжүүлсэн хүн. Монгол бичгийг монгол ахуйгаас урлагийн түвшинд хүргэхэд маш их хувь нэмрийг оруулсан. Одоо шавь нараас нь Д.Ганбаатар, Т.Жамъяансүрэн гэх мэт уран бүтээлчид уран бүтээлийг нь үргэлжлүүлж явна. Мөн өөрөө Монголын орчин үеийн каллиграфичдын холбоог байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Холбооныхоо залуу уран бүтээлчидтэйгээ олон сайхан ажил хийнэ гэж ярьдаг байсан.

-Ханийнх нь уран бүтээлүүд Монголын болон дэлхийн төрийн тэргүүнүүдийн цуглуулагад олон байдаг гэсэн үү?

-Тийм. Үндэсний цуглуулагчдын сан хөмрөгт олон сайхан бүтээл нь хадгалаастай байдаг. Тэрээр Япон, Франц, ХБНГУ, БНХАУ, БНАСАУ, ОХУ, БНСУ, Тайвань зэрэг оронд болсон үзэсгэлэнгүүдэд бүтээлээрээ оролцож байлаа. Мөн түүний минь уран бүтээлүүд Япон улсын Эзэн хаан, Франц улсын Ерөнхийлөгч, АНУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгч, XIV Далай лам, Ромын пап лам зэрэг дэлхийн 53 орны хаад ба төрийн тэргүүн, шашин соёлын нэрт зүтгэлтнүүдын ордон өргөөнд монгол бичиг соёлын гайхамшгийг илэрхийлсээр байгаа.

Энэ хүний хийсэн бүтээснийг зөвөөр таниулж, сурталчлах ажил учир дутагдалтай байна. Олон хүмүүст хүрээсэй гэж бодож байгаа цөөнгүй бүтээл нь байна. Чингис хааны одонгоос гадна Монгол Улсын төрийн хар сүлдийн эх загвар гаргаж, Их тэнгэрийн гүүрийн "Хаан хаалга" монументаль бүтээсэн.

-Таныг их уран эмэгтэй гэж сонссон. Одоо ямар ажил хийдгийг нь сонирхож болох уу?        

-Би зүү ороож урлал хийдэг. Монголын анхны зүү ороох урлагийн урланг ажиллуулаад 12 жил болж байна. Анх хань минь  намайг зүү ороох урлагт сургасан хүн л дээ. Мундаг уран хүнд намайг шавь болгож “Зүү ороох урлаг ирээдүйд хэрэгтэй сайхан урлаг” гээд суралцуулж байсан. Одоо би “Ауруг” гэж урлантай. Хувиараа зүү ороож юм оёдог.

"Д.Баттөмөр бол юманд чин сэтгэлээсээ ханддаг, гайхалтай мэдрэмжтэй, гоц сэтгэдэг, онгод буулгаж бүтээдэг уран бүтээлч байлаа. Би бээр түүний амьд сэрүүнд нь "Хувилгаан" нэртэй хөрөг бичиж нийтлүүлсэн удаатай. Ер нь бол тодруулаагүй болохоос жинхэнэ хувилгаан мөн хэмээн боддог юм" хэмээн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт, яруу найрагч Г.Мэнд-Ооёо хэлсэн байдаг. 

"ДҮҮГИЙН МААНЬ БҮТЭЭЛ БҮР НЬ АМЬТАЙ, ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ АГУУЛСАН БАЙДГААРАА ОНЦЛОГ"

Монгол бичиг соёлын урлагт мөнхөд дуурсагдах каллиграфийн их мастер Д.Баттөмөрийн бүтээл бүр нь "амьтай". Тэрээр зүгээр карантны усаар бэхээ найруулж калиграф бичдэггүй. Тухайн хүний төрсөн нутгийнх нь газар шорооны сүншиг шингэсэн булгийн уснаас нь ус авч, калиграфаа бичдэг уран бүтээлч байлаа. Жишээлбэл, "Хийморийн овоо" нэртэй калиграф бүтээлээ хийхдээ анхны цас оронгуут овоо руу явж, шинэхэн цас хайлуулж, калиграфаа бичсэн" тухайн төрсөн ах Д.Бат-Аюуш ярилаа.


-Энэ жил “Чингис хаан” одонг Морин хуурын чуулгын уран бүтээлчид хүртлээ. Иргэдийн зүгээс нүдээ олсон шагнал байна гэж ярьцгааж байна. Таны хувьд тийм хүн аваасай гэж бодож байв уу?

-Энэ жил “Чингис хаан” одонг Монгол Улсын Морин хуурын чуулгын хамт олонд хүртээлээ. Эрхэм шагнал авч байгаа хамт олонд хүндэтгэл төрж сууна. Энэ хүмүүсийн үйлс, хөдөлмөр, уран бүтээл нь Монгол Улсаа дэлхийд алдаршуулж байна. Сүүлийн жилүүдэд хамт олон, хамтлагийг урамшуулж байгаа нь сайшаалтай. Морин хуурын чуулгын хамт олон энэ шагналыг авах бүрэн эрхтэй. Энэ дашрамд, Морин хуурын чуулгын уран бүтээлчдэдээ халуун баяр хүргэе.

-Дүүгийнх хувьд монгол бичгийг урлаг болгон, хөгжүүлсэн хүн. Бага наснаас зураач болох хүсэл эрмэлзэлтэй хүүхэд байсан уу?

-Дүү маань Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/ компанийн логог хийсэн хүн. Тэр бүтээл нь олонд танигдсан бүтээлийнх нь нэг. Бас Улсын дээд шүүхийн лого, Их тэнгэрийн “Хаан хаалга” монументаль бүтээлийг хийхээс гадна калиграфийн чиглэлээр олон уран бүтээл хийсэн.

Эх хэл, бичиг соёлгүйгээр төрийн тусгаар тогтнол, үндэсний дархлаа оршин тогтнохгүй гэдгийг өмнө нь мэдэрсэн үү монгол бичгийг хөгжүүлж, урлагийн хэмжээнд авч ирсэн уран бүтээлч юм.

Хоёр хүү, нэг охинтой айлын дундах нь Д.Баттөмөр маань байлаа. Хүний хүмүүжил гэр бүлээс эхэлдэг. Манай гэр бүлийн онцлог ялгамжаатай үндэсний бахархалтай, үзэлтэй хүмүүс. Манай дээд удмынхан төр гүрэндээ зүтгэж явсан шударга, хөдөлмөрч хүмүүс байсан. Эмээ маань биднийг хүмүүжүүлж, монгол бичиг анх зааж сургасан. Д.Баттөмөр аавынхаа гарын ур дүй, ээжийнхээ урлагийн авьяасыг өвлөсөн гэж боддог юм. Бага насандаа газар элэгдэж хэвтээд зураг зурах дуртай хүүхэд байлаа. Тэр зургаа улам баяжуулж зурахдаа тайлбарлаж ярьдаг хүүхэд байсан.

-"Чингис хаан" одонгоос гадна Монгол Улсын төрийн хар сүлд, Их тэнгэрийн гүүрийн "Хаан хаалга" монументаль бүтээлийг хийсэн гэдгийг нь хүмүүс тэр бүр мэддэггүй шүү дээ?

-Дүүгээрээ баярлахгүй, бахархахгүй байхын аргагүй. Хүн сайн зураач байж болно. Санаа гэдэг маш чухал. Уран бүтээл нь үндэсний бахархлыг агуулж байдгаараа онцлог. Хөхөө өвлийн хүйтэнд Их тэнгэрийн аманд Хаан хаалгыг хүндхэн нөхцөлд хийсэн. Гадуур нь битүү эсгийгээр дулаалаад, Туул голын хүйтэн жаварт өдөр шөнөгүй ажилласан. Нэг удаа надаас "Би маш хүйтэн нөхцөлд хөл даараад байна. Дулаан гутал байна уу" гээд авч байлаа. Вагон засдаг цех шиг энд тэнд гагнуур хийж байсан тухай өөрөө ярьдаг. "Нутгийн зам" компанийн хамт олон маш их хичээл зүтгэл гаргасан байдаг. Одоо хийсэн бүтээлийг нь харахад бахдалтай л байдаг юм.

Дэлхийн улс орнуудад түүхэн тэмдэглэлт үйл явдалд зориулж өөр өөрийн өнгө төрхийг агуулсан хүндэтгэлийн хаалга босгодог уламжлалтай. Үүний нэг бол Их тэнгэрийн Хаан хаалга юм.
Энэ хаалгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хүннү гүрний 2220 жилийн ой, их монгол улсын 805 жилийн ой, Богд хаант монгол улсын 100 жилийн ойд зориулан бүтээсэн. Хаалгыг Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт, төмөр урлалын их мастер Ж.Төмөрбагана, зураач С.Дагвадорж нарын уран бүтээлчид хамтран бүтээсэн. Хаан хаалгаар төр засгийн тэргүүн, гадны зочид төлөөлөгчид зорчино. Гэр хэлбэртэй түүн доогуураа орж гарах зориулалттай, газар тэнгэр, уул усаа бэлгэдэж соёмбоо байрлуулсан. Дөрвөн зүг, найман зовхис, өнгөрсөн ба ирээдүй, газар тэнгэрийг нарийн утгачилж хийсэн гэдэг. Мөн эргэн тойронд нь үе үеийн хаадуудыг он дарааллаар нь 32 хаадуудын тамгатай морьдыг байрлуулсан байдаг. Хаалганд нэг ч шавар ороогүй, бүгдийг нь зузаан төмөр металлаар хийсэн байна. Мөн хаалга 19 метр өргөнтэй, 13,5 метр өндөртэй. Ийм цул төмөр хаалга монголд битгий хэл дэлхийд ховор.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж