Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ХАБГБ/уулзалт Беларусийн нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 23-нд болно. Тэгвэл Арменийн ерөнхий сайд Никол Пашинян Беларусийн удирдагч Александр Лукашенкотой утсаар ярих үеэрээ уулзалтад оролцох боломжгүй гэж хэлжээ. Мөн ХАБГБ-ын түншүүд уг шийдвэрийг ойлгоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Харин ОХУ энэ шийдвэрийг шүүмжилж байна. "Энэ бол барууныхны зохион байгуулсан Оросыг эсэргүүцэх хөдөлгөөний нэг хэсэг" гэж ОХУ мэдэгдэв. Тодруулбал, Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова хэлэхдээ "Үүний ард яалт ч үгүй барууныхан байгаа. Украин дахь төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн барууныхан одоо Арменийг атгаад авлаа. Тэд Арменийг Оросоос холдуулахыг хичээж байна.
Арменийн хэвлэлд Лхагва гаригт мэдээлснээр, ХАБГБ нь Арменийн эрх ашгийг удаа дараалан хамгаалж чадаагүй аж. Тиймээс Армени улс аюулгүй байдлын холбоо сүлбээгээ төрөлжүүлэхийг хичээж буй гэжээ. Гэхдээ ХАБГБ-аас гарах эсэх нь хараахан тодорхой болоогүй юм байна.
ОХУ, Арменийн харилцаа сүүлийн үед хурцадмал байдалтай байна. Армени нь ОХУ-тай харилцах харилцаандаа эргэлзэж эхлэхийн зэрэгцээ барууныхантай харилцаагаа гүнзгийрүүлэхийг хичээх болсон. Асуудлын гол цөм нь Уулын Карабах орчмын маргаантай бүс нутагтай холбоотой. Өнгөрсөн есдүгээр сард Уулын Карабахт мөргөлдөөн ширүүсч, улмаар 120 мянган армен үндэстэн дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн билээ. Энэ нь тус бүс нутаг дахь бараг бүх армен хүн гэхэд болно. ОХУ энэхүү мөргөлдөөнийг зогсоож чадаагүй гэж Армени үзэж буй аж.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ