Мьянмарын мөргөлдөөн дэх Хятадын ашиг сонирхол

Мьянмарын мөргөлдөөн дэх Хятадын ашиг сонирхол

Мьянмарын мөргөлдөөн дэх Хятадын ашиг сонирхол

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны Батлан ​​хамгаалахын сайд нар Лхагва гаригт Индонезийн Жакарта хотноо уулзлаа. Уг уулзалтаар Израиль-Хамасын дайныг зогсоож, дэлхий нийтийг Газад хүмүүнлэгийн тусламжийн коридор байгуулахад хамтран ажиллахыг уриалсан ч Мьянмарт удаан үргэлжилсэн иргэний мөргөлдөөнийг хэрхэн зохицуулах талаар голчлон авч хэлэлцэв.

АСЕАН-ы 10 ороны бүрэлдэхүүнд Мьянмар улс багтдаг боловч цэргийн засгийн газар хүчирхийллийг намжаах зорилгоор боловсруулсан таван зүйлт энхийн төлөвлөгөөг дагаж мөрдөөгүйн улмаас Батлан ​​хамгаалахын сайдыг энэ долоо хоногийн хуралдаанд оролцохыг дахин хоригложээ.

Индонезийн Батлан ​​хамгаалахын сайд Прабово Субианто нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Мьянмарт нөхцөл байдал муудаж байгаад бид харамсаж байна. Индонези улс АСЕАН-ы бусад гишүүн орнуудыг одоогийн нөхцөл байдалд энх тайвнаар, удаан хугацаагаар шийдвэрлэх арга замыг олоход Мьянмарыг дэмжихийг уриалж байна" гэсэн байна.

АСЕАН 2021 онд Мьянмарын дээд генералтай хамтран гаргасан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг хичээж байгаа бөгөөд үүнд хүчирхийллийг нэн даруй зогсоох, өрсөлдөгч талуудын дунд тусгай элчийн зуучлах яриа хэлэлцээг эхлүүлэх, нүүлгэн шилжүүлсэн хүмүүст тусламж хүргэхийг шаардсан. Гэвч 2022 онд засгийн эрхийг булаан авсан Мьянмарын цэргийн засгийн газар төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд маш бага зүйлийг хийжээ.

Уулзалтад Хятадын Цэргийн төв зөвлөлийн штабын орлогч дарга Жин Жианфэн  оролцжээ. БНХАУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ли Шанфуг өнгөрсөн сард огцруулсан бөгөөд Бээжин түүний залгамжлагчийг нэрлээгүй байгаа юм.

  АРДЧИЛСАН МЬЯНМАРЫГ БИЙ БОЛГОХ НЬ ХЯТАДЫН АШИГ СОНИРХОЛД НИЙЦЭХГҮЙ

Мьянмарын иргэний мөргөлдөөн Хятад улсын хилийн дагуу тогтворгүй байдал үүсгэж байгаа нь Бээжингийн санааг зовоож байна. Хойд Шань мужид эсэргүүцлийн бүлгүүд олширсоор байгаа бөгөөд Хятадын албаны хүн Мьянмарын цэргийн засаг захиргааг хилийн дагуу тогтвортой байдлыг хадгалахын тулд Бээжинтэй  "хамтран ажиллахыг" уриалсан. "Гурван ахан дүүсийн холбоо" гөнгөрсөн аравдугаар сарын 27-нд эхлүүлсэн зэвсэгт дайралт нь Бээжинтэй хийх худалдааг тасалдуулж, хэдэн арван мянган энгийн номхон иргэдийг дүрвэхэд хүргэсэн нь Хятадад орогнож байна.

Мьянмарт арваннэгдүгээр сарын 3-5-нд айлчилсан Хятадын Гадаад харилцааны сайдын туслах Нон Рун хэлэхдээ, "Мьянмар улс тогтвортой байдлыг сэргээнэ гэдэгт итгэж байна. Бүх талууд санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, яриа хэлцлээр хурдан эвлэрэхийг дэмжиж байна. Мьянмар Хятад улстай хамтран ажиллаж,  хилийн дагуу тогтвортой байдлыг хангаж, хилийн дагуух оршин суугчдын амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг сайтар хангаж, Хятадын бие бүрэлдэхүүний аюулгүй байдлыг бэхжүүлэх үр дүнтэй арга хэмжээ авахыг уриалж байна" гэжээ.

Түүний мэдэгдлийн өмнө Мьянмарын армийн их бууны сум Хятадын хилийн талд буусны улмаас нэг хятад иргэн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан гэх мэдээлэл байна. Армийн зүгээс Качин мужийн тусгаар тогтнолын армийн төв байр болох Лайзаг онилсон бөгөөд эргэн тойронд нь хэдэн долоо хоногийн турш тэмцэл өрнөж байна.

Араканы арми, Мьянмарын Үндэсний ардчилсан эвслийн арми, Таангийн үндэсний чөлөөлөх арми багтсан "Гурван ахан дүүсийн холбоо" өнгөрсөн аравдугаар сарын 27-нд Мьянмарын хойд хэсэгт байрлах цэргийн засаг захиргаа болон түүний холбоотнуудын эсрэг өргөн зохицуулалттай довтолгоог эхлүүлжээ.

Энэ холбоо хурдан ахиц дэвшил гаргаж, Бямба гаригийн байдлаар Хятадтай хиллэдэг чухал боомт болох Чиншвехау зэрэг 106 бааз, дөрвөн хотыг эзлэн авсан гэж мэдэгдэв. Хамгийн сүүлийн үеийн мэдээлснээр босогчид Шан мужийн Хятад болон Качин мужтай хиллэдэг уулзварын ойролцоох Намхам хот болон Чиншвехаваас баруун зүгт орших Салвин голын Кунлонг хотыг эзлэн авсан байж магадгүй. Мьянмарын армийн ахлах генерал Мин Аун Хлайн өөрийн хунта холбоотны эсрэг "сөрөг довтолгоо" хийхээр төлөвлөж байна гэж мэдэгдсэн. Гэвч агаарын довтолгооноос гадна зохих сөрөг довтолгоо хараахан эхлээгүй байна.

Энэхүү нөхцөл байдал нь Хятадын бодлого боловсруулагчдын толгойны өвчин болжээ. Чиншвехау хотыг эзлэн авснаас хойш хил дамнасан худалдаа зогссон бол энэ халдлагын улмаас Мьянмарын Хятадтай хийх албан ёсны худалдааны гол суваг болох Руили-Музе хилийн боомт хаагдахаас өөр аргагүйд хүрчээ.

Мөн Хятадын Юньнан мужийг Энэтхэгийн далайтай авто зам, төмөр замаар холбох дэд бүтцийн нэгдсэн схем болох Хятад-Мьянмарын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ч тасалдуулж байна. Мьянмартай хиллэдэг Хятадын үндэстний цөөнхийн босогчид дээрх  бүлгүүдтэй олон жилийн харилцаатай байсан.

Ажиглагч Бертил Линтнер нийтлэлдээ, "Хойд Шан мужид эрх мэдэл нь хурдацтай өөрчлөгдөж байгаа мэт харагдаж байгаа ч Бээжингийн зорилго хэвээрээ. Мьянмарын байгалийн баялгийг ашиглах, тэр дундаа Хятад-Мьянмарын эдийн засгийн коридор гэгчийг ашиглан Энэтхэгийн далайд стратегийн гарцтай болох нь хамгийн чухал юм" гэж бичжээ.  "Тэдгээр зорилгодоо хүрэхийн тулд хүчирхэг, энх тайван, ардчилсан Мьянмарыг бий болгох нь Хятадын ашиг сонирхолд нийцэхгүй гэдгийг санах хэрэгтэй" гэдгийг тэрбээр онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE DIPLOMAT, ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-17 213.87.146.65

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж