Дотоод ардчилал гэдэг чинь дотроо зодолдохыг хэлдэггүй юм!

Хуучирсан мэдээ: 2023.11.16-нд нийтлэгдсэн

Дотоод ардчилал гэдэг чинь дотроо зодолдохыг хэлдэггүй юм!

Дотоод ардчилал гэдэг чинь дотроо зодолдохыг хэлдэггүй юм!

Аргын тооллоор арваннэгдүгээр сарын 7-ны өдөр АН-ын гишүүн Ч.Отгочулууд шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон билээ. Очиж, очиж “Октябрийн баяраар”, Монголын сэхээтнүүдийг барьж хорьдог өдрөөр шүү.

Шалтгаан нь ХХБ-аас Хөгжлийн банкинд өндөр үнэтэй оффис шахсан гэжээ.  Үнэн хэрэгтээ, баялгийн төлөөх бүлэглэлүүдийн дайны хөлд Ч.Отгочулуу нэрвэгдсэн. Тэр тусмаа  АН-ын гишүүн байж таарсан нь шоронгийн хаалга татах шоглоом болсон хэрэг. Ардын намын гишүүн байсан бол арав таван цаасны торгууль төлөөд асуудлаас аль хэдийнэ мултарчих байсан нь тодорхой. Ойлгомжтой нь, Ч.Отгочулуу биш ял шийтгэл авсан АН-ын автортой хүмүүсийн анхных нь биш, сүүлчийнх ч биш.

Х.Нямбаатар, Ц.Нямдоржийг үргэлж шүүмжилж ирсэн АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнийг шоронд хийх замаар амыг нь үдээд долоон сар болж байна. Араас нь АН-ын гишүүн О.Магнайг шүүх хурал удахгүй болно. Гэх мэтчилэн найман жил засгийн эрх барьсан МАН-ын авлигад АН бурууддаг жишиг улс төрд тогтох шинжтэй. Энэ л жинхэнэ айдас, хүйдэс.

Атал авлигын хэрэгт холбогдсон Ардын намынхны жагсаалтыг гаргавал цагаан байрны цагаан захтнууд дунд гар цэвэр хүн ганц ч гарахгүй байх. МАН-ын засагласан найман жилд Монголд гарсан хулгай, луйврын хэмжээ их наядаар тоологддог болсон. Их наяд гэдэг нь энгийн тооны машинд багтдаггүй, ардаа 12 тэгтэй тоо шүү дээ.  Ийм мөнгө хулгайлсан МАН-ын гишүүдээс шоронд сууж байгаа нь ганц Б.Ганхуягаас өөр хэн байна.

Сонгууль болгоноор л МАН-МАН-даа дайсан болдог, “баялгийн эзэн” болохын төлөө баахан хүнээ авлигач, луйварчин болгодог нь жирийн үзэгдэл, жишиг явдал болсон. 2020 оны парламентын сонгуульд оролцохдоо У.Хүрэлсүх ЖДҮ, жаран тэрбумаар шалтаглан намынхаа толгойноос өрсөлдөгчдөө шахаж зайлуулсан нь болсон явдал.

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураахын яг өмнөхөн Ардчилсан намын С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд, М.Энхсайхан, Д.Эрдэнэбат, Б.Болор гээд олон хүнийг барьж аваачаад шоронд хорьсон нь бас л болсон явдал.  Яаж дан  Арчилсан намынхныг шоронгоор шоглох уу гэсэндээ өөрсдөөс нь өөр үзэл бодолтой, өрсөлдөгч фракцийнхаа гишүүдийг хорьсон нь Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, С.Баяр нар.

Одоо Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгай, ногоон автобусны луйвраар далимдуулан сонгуулийн субботникоо хийж байна. Гэсэн ч тэдний  авлигатай хийх тэмцэл нь Ардын намаасаа эхэлдэг ч мөн чанартаа авчирч зоддог нь Ардчилсан намынхан болсон.

Хүчтэй сөрөг хүчингүй байвал МАН дотоод зөрчилдөө идэгдэнэ, Монголд авторитори дэглэм тогтоно. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ хүсээ гэж үү! Тэр тусмаа Ардчилсан намын гишүүд өөрсдөө.

Парламентын хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялагдал хүлээж, эцэстээ малгай тавих толгойгүй шахам болох дөхсөн Ардчилсан намынхан УДШ-д арай тамга тэмдэг, дарга, цэрэгтэй болоод жил ч болоогүй байна. Атал тэднийг хагаралдуулах, АН-ыг тарамдуулах сонирхол Ардчилсан намынханд л байх аж. С.Эрдэнэ, О.Цогтгэрэл, М.Тулгат, Х.Баттулга гээд өнгөрсөн гурван жилийн дотор АН олон дарга сонгосон. Алийг нь ч АН-ын даргаар УДШ бүртгэж аваагүй нь үнэн. Бүр үнэн нь энэ удаагийн эв нэгдэл нь хэр хол явахыг, ирэх сонгуулийн дараа юу болохыг Л.Гантөмөр шийдэхгүй, мэдэхгүй. Хэрэвзээ АН морь унасан нам байж чадвал ялахгүй гэх газаргүй. Мориноосоо буугаад гарам гаталбал ялагдах нь гарцаагүй. Ямар ч байсан АН малгай тавих толгойтой болсон нь үнэн, сүүл нь толгойгоо,сүүдэр нь биеэ дагадаг нь жам.

МАН-д 80-аад оныхон ачааны хүндийг үүрч явахад АН өнөөх өвгөдийнхөө “өврөөс” гарахгүй байж болохгүй. Тэгээд ч Л.Гантөмөрийн сайн мууг сонгуулийн дараа ярихаас сонгуулийн өмнө солих тухай хөндөх бүрт АН хасах оноо  өөртөө цуглуулна гэсэн үг. “Гэрээ засаагүй АН улсаа яаж засах вэ” гэж олон нийтэд харагдана. АН-ыг ингэж харагдуулах хүсэл сонирхол аль газрын “захиалга”-ыг мэдэхгүй ч сөрөг хүчингүй ардчилал Монголд хортой. Ардчилал ялагдвал авторитори дэглэм тогтоно. Асуудлын гол нь ийм л юм.

“Октябрийн баяр”-аар Ч.Отгочулуу шиг сэхээтнүүдээ улс төрийн хилс хэрэгтэн болгохгүйн тулд АН хүчтэй, тэр тусмаа ЭВТЭЙ байх ёстой. Дотоод ардчилал гэдэг чинь дотроо зодолдохыг хэлдэггүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж