Хамасын барьцаанд байсан 50 орчим хүнийг хэлэлцээрийн дагуу суллаж магадгүйг "The Washington Post" мэдээллээ. Аравдугаар сарын 7-ны халдлагын үеэр АНУ тэргүүтэй гадаадын иргэдийг оролцуулаад 240 орчим хүнийг барьцаалсан. АНУ, Израиль болон бусад улсын албаныхан барьцааны хүмүүсийг суллахыг Хамасаас шаардсаар буй. Учир нь агаарын довтолгоо барьцааны хүмүүст аюул учруулж болзошгүй гэж олон улсын байгууллагууд анхааруулж байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Лхагва гарагт Хамас бүлэглэлийн барьцаанд байсан хүмүүсийг суллаж, хүмүүнлэгийн коридор нээхийг шаардсан тогтоол баталжээ.
"The Washington Post"-д мэдээлсэн хэлэлцээрийн дагуу Израилийн тал мөргөлдөөнийг 3-5 хоногийн хугацаанд түр зогсоож, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг зөвшөөрнө. Түүнчлэн Израилийн шоронд хоригдож буй тодорхойгүй тооны эмэгтэйчүүд, хүүхдүүдийг суллахыг уриалж байгаа аж. Одоо Израилийн талын хариуг хүлээж байгаа бөгөөд татгалзсан тохиолдолд дахин хүсэлт гаргана.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Ням гаригт Катарын удирдагч Шейх Тамим Бин Хамад Аль-Танитай Газын зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, барьцааны хүмүүсийг суллах талаар ярилцжээ. Цагаан ордноос мэдээлснээр, барьцааны хүмүүсийн дунд Хамасын гарт эцэг эх нь амиа алдсан гурван настай америк хүү байгаа аж.
Эх сурвалж: THE HILL
Холбоотой мэдээ