Үндсэн хуулийн цэц залуу хуульчдаар цус сэлбэв

Хуучирсан мэдээ: 2023.11.16-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн цэц залуу хуульчдаар цус сэлбэв

Үндсэн хуулийн цэц залуу хуульчдаар цус сэлбэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн шинэ гишүүдийг томиллоо. Парламент судлаач, доктор Л.Өлзийсайхан, Үндсэн хууль судлаач, доктор О.Мөнхсайхан нарыг УИХ болон Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлж томилууллаа. Хуульч, судлаачийнхаа хувьд салбартаа төдийгүй олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тэдний тухай хугацаа нь дууссан Цэцийн дарга Д.Одбаяр, Оюуны өмчийн газрын дарга асан Н.Чинбат нартай харьцуулан “жигнэсэн” байр суурийг нийгмийн сүлжээгээр иргэд илэрхийлж байна. Харин Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж буй ХЗДХЯ-ны газрын дарга Э.Энхтуяа олон нийтийн хувьд ч, УИХ-ын гишүүдийн хувьд ч хаьцангуй “битүү морь” байлаа. Японд магистраа хамгаалсан, Ховдын прокурорын газарт нэг жил ажилласныг эс тооцвол 2000 оноос ХЗДХЯ-нд тогтвортой ажилласан түүнийг “төрийн мэргэшсэн албан хаагч” гэдгээр нь УИХ-ын гишүүд үнэлсэн.

Улс төрөөс “дэвшүүлэн зайлуулагдсан” хүмүүсийн зөөлөн сэнтий гэгдэх болж, нэр хүнд нь шалан дээр унасан Үндсэн хуулийн цэцэд шижигнэсэн залуусыг томилж байгаа нь цаг эргэж буйн илрэл хэмээн олон нийт харж байна. Цаг үедээ өөр өөрийн байр суурийг эзэлж, хууль зүйн шинжлэл, судлалын бүтээлүүдээрээ салбарынхаа мэргэжилтнүүдээс зохих үнэлэмжийг авсан чадварлаг хуульчдыг гаргаж байгаа нь Үндсэн хуулийн цэцийг байх ёстой байранд нь тавих эхний алхам болж байна гэж дүгнэх хүмүүс ч байна. Үндсэндээ, Цэцэд нэгэнт шинэчлэл хэрэгтэй болсныг энэ томилгоо ил болголоо.

2016 онд томилогдсон Д.Одбаяр, 2017 онд томилогдсон Н.Чинбат нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, 2018 онд томилогдсон Ц.Нанзаддорж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байгаа тул гурван гишүүнийг хуулийн дагуу нөхөн томилж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, зөрчсөн тохиолдолд дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй Үндсэн хуулийн цэц нийт есөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тэдгээрийн гурвыг нь УИХ-аас, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ томилдог. Шинэ, залуу гишүүд томилогдсоноор Үндсэн хуулийн цэц доорх бүрэлдэхүүнтэй болж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НЭР ДЭВШҮҮЛСЭН:

  • Б.Буяндэлгэр
  • Г.Туулхүү
  • Э.Энхтуяа

УИХ НЭР ДЭВШҮҮЛСЭН:

  • Ш.Солонго
  • Г.Баясгалан
  • Л.Өлзийсайхан

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ НЭР ДЭВШҮҮЛСЭН:

  • Х.Эрдэнэбулган
  • Д.Гангабаатар
  • О.Мөнхсайхан

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж