Өглөөхөн л “School police” хийж байгаагаа албан ёсны цахим хуудсаараа зарлаж “Том аварга Хангай жижигхэн машинтай, жижиг хүүхдээ сургуульд нь зөөдөг юм байна… ” гэхчилэн санамсаргүй тааралдсан мэтээр нутгийн аваргаа оролцуулаад “борчуудын” адил энгийн аж төрдөг гэж харуулах зорилготой зориуд зохион байгуулалттай сурталчилгаа хийсэн нь хол явсангүй хоёр цагийн дараа баригдав. Бөхчүүдийн дунд том биетэйдээ ордог О.Хангай аваргыг ч жижигхэн машинд чихүүлж байгаад чимэг болгох гэсэн нь аваргыг дэмжигчдийн аашыг барав.
Нийт нутгаар цас орж, зам, даваа хаагдаж магадгүй талаар онцгойгийнхон анхааруулсаар байтал Зам тээврийн сайд сургуулийн эргүүл хийсэн нь нэг л авцалдсангүй. Хийх ёстойгоо хийхийн оронд энгийн хүн болох гэж элдэв зураг даруулж, хуучны гавшгайч хөдөлмөрч болж харагдах гэсэн улстөрчдийн солиорлыг нэг нь энэ болов. Учир цагийн өмнө “School police” хийж байгаагаа зурагтайгаа баталгажуулан оруулж байсан тэрбээр цагийн дараа УИХ-ын чуулганы танхимд Үндсэн хуулийн Цэцийн гишүүдэд дэвшигчдийг танилцуулаад, дэмжсэн байр суурьтай үг хэлээд “попорч” сууна.
УИХ-ын гишүүний хүүхдийн сургуулийн “School police” ажлаа хаяад явсан хэрэгт орох бололтой.
Сонгуулийн шоу хэзээний эхэлсэн бөгөөд улстөрчдийн солиорлын сурталчилгааг С.Бямбацогт ийнхүү эхлүүлэв. С.Бямбацогтын сурталчилгаа байнд ч үгүй, банзанд ч үгүй баригдав.
Л.ХАЛИУ
Холбоотой мэдээ