Украины Тусгай ажиллагааны хүчний шинэ командлагчийг Батлан хамгаалахын сайд Рустем Умеров танилцууллаа. Командлагч асан Виктор Хоренкогийн албан тушаалыг хурандаа Серхий Лупанчук авч байна.
"Украины Зэвсэгт хүчний командлагч Валерий Залужныйн хамтаар бид өнөөдөр Тусгай ажиллагааны хүчний байлдааны тугийг хурандаа Лупанчукт хүлээлгэж өглөө. Бид Тусгай ажиллагааны хүчнийхнээр бахархахын зэрэгцээ эх орноо Оросын түрэмгийллээс хамгаалах ажиллагаандаа амжилт гаргаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна" гэж Умеров хэллээ.
Тусгай ажиллагааны хүчний хүний нөөцийг сайжруулах нь улс орны батлан хамгаалахын бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг Умеров онцолж байна.
Харин хошууч генерал Виктор Хоренко хэлэхдээ "Украиныг сорьсон энэ түүхэн цаг үед тэмцэлд хамт зогссон хүн бүхэнд талархал илэрхийлье. Миний хувьд цэрэг бүхэн чухал, амь амьдрал бүхэн үнэ цэнтэй. Дайснаа үзэн ядах сэтгэл болон эзлэн түрэмгийлэгчдэд булаалгасан газар нутгаа эргүүлэн авах хүсэл л миний хөдөлгөгч хүч байсан. Бидний хүч эв нэгдэлд оршино. Хэцүү шийдвэр гаргах ухааныг хүн бүрт хүсч байна. Бид хохирогчид биш. Бид бол махчин араатнууд. Та бүхний командлагч байсандаа бахархаж байна. Шийдвэрийг өөрчлөх боломжгүй. Би тушаал дагана, та бүхэнд үргэлжлүүлэн итгэсээр байна. Тулалдсаар байгаарай. Украины ялалтын төлөө" гэв.
Хоренко яагаад албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдэхгүй гэж мөн хэлжээ. Харин Умеровын хувьд Хоренког тусдаа өөр фронтод хэрэгтэй байгаа гэж хэлсэн байна.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ