Хятадын дарга Ши Жиньпин Цагаан ордны тэргүүн Жо Байдентай уулзахаар АНУ-д хүрэлцэн ирээд байна. Тэрбээр Сан-Францискогийн гудамжаар америкчуудад танил бус автомашин хөлөглөн явсан нь олны анхаарлыг татав. Ши Жиньпинд Цагаан ордноос төрийн тусгай хамгаалалтын автомашин гаргаж өгсөн бус Хятадад үйлдвэрлэсэн автомашинаар зорчсон нь энэ аж.
Ши Жиньпиний сонгосон унаа нь автомашин үйлдвэрлэгч "Хонки" компанийн "L5" гэх Хятадын хамгийн үнэтэй автомашин юм. Энэ автомашины урт нь 5.555 метр бөгөөд энгийн хэрэглэгчдэд зориулан үйлдвэрлэсэн хувилбарууд нь ойролцоогоор 800 мянган ам.доллар байдаг тухай "Bloomberg" мэдээлжээ. /Хятадад тав нь азын тоод тооцогддог/. Автомашины загварын тухайд 1960-1980-аад онд үйлдвэрлэгддэг байсан "CA770" гэх классик загварт суурилсан байдаг.
Ши Жиньпинд буюу төрийн хэрэгцээнд зориулан тусгайлан үйлдвэрлэсэн уг загварын мэдээлэл нь тодорхойгүй ч хэрэглэгчдэд худалдаалдаг загвар нь моторын хүч чадал, тансаг дотоод заслаараа алдартай. Харагдах байдлын хувьд Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч "Rolls-Royce" компанийн "Phantom" загвартай тун төстэй. Маш хүнд жинтэй бөгөөд хэрэглэгчдэд зориулсан хуягаар тоноглоогүй загвар нь л гэхэд 3 тонн давдаг.
"Хонки" компани нь арав гаруй жилийн турш улсын тээврийн хэрэгслийн гол нийлүүлэгч байсаар ирсэн бөгөөд компанийн нэр нь коммунизмын бэлгэ тэмдэг "Улаан туг" гэсэн утгатай.
Харин АНУ-ын ерөнхийлөгчид тусгай загвараар бүтээсэн "Cadillac" автомашин хөлөглөдөг. Хамгийн сүүлийн хувилбар нь 2014 онд ерөнхийлөгч болсон Барак Обамагийн захиалгаар 2018 онд үйлдвэрлэгдсэн байдаг. Бусад өвөрмөц шинж чанаруудын хувьд Байден ерөнхийлөгчийн "Cadillac Beast" нь хаалган дээрх лацаар ялгардаг. Уг автомашины үнэ 1.5 сая ам.доллар. Загварын тухайд "Cadillac" брендийн "XT6" автомашины уртасгасан хувилбар бөгөөд илүү хүчирхэг, хамгаалалт сайтай. Ерөнхийлөгчийн автомашины талаарх дэлгэрэнгүй мэдээлэл төрийн нууцад хамаардаг ч 20 мянган паундын жинтэй, долоон хүний багтаамжтай гэнэ. Мэдээж сум нэвтрэхгүй болон дэлбэрэлтийг тэсвэрлэх тусгай технологиор хамгаалагдсан байдаг.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ