АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Хятадын дарга Ши Жиньпин нар АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Сан Франциско хотноо уулзав. Тэд энэ онд анх удаа нүүр тулан уулзсан нь энэ юм. Уулзалтаар хоёр улсын төвөгтэй харилцааг тогтворжуулах, хууль бус фентанилтай тэмцэх, цэргийн яриа хэлэлцээг дахин сэргээх амлалтуудыг харилцан өглөө.
Тэдний уулзалт дөрвөн цаг үргэлжилжээ. Үүнд бизнес үдийн зоог, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах зэрэг ч багтсан. Энэ нь дэлхий дахинд АНУ, Хятад улсууд нь ялахын төлөөх тулаанд дөнгөлүүлэгсэд бус эдийн засгийн өрсөлдөгчид гэдгээ харуулах зорилготой. Харин үндсэн яриа хэлэлцээ хоёр цаг орчим үргэлжлэв.
“Манай дэлхий хоёр улс амжилтад хүрэхэд хангалттай том хэмжээтэй” гэж Ши Жиньпин хэлжээ. Мөн “Хоёр том улсын хувьд бие биеэсээ нүүр буруулах нь зөв сонголт биш” гэдгийг онцолсон байна.
Харин Жо Байден “Та бид хоёр удирдагчдын хувиар үл ойлголцолгүйгээр бие биеэ тодорхой ойлгох нь маш чухал. Сөргөлдөөн нь мөргөлдөөн болохгүй гэдгийг бид баараггүй болгох ёстой” гэж Ши Жиньпинд хэллээ. Мөн нүүр тулсан яриа хэлэлцээг орлох зүйл хэзээ ч байхгүй гэдгийг тэр хэлсэн юм.
Дөрвөн цаг хэлэлцсэний эцэст хууль бус фентанилын үйлдвэрлэлийг зогсоох, цэргийн харилцаа холбоог сэргээх тохиролцоонд хүрэв. Синтетик фентанил үйлдвэрлэхэд шаардагдах олон төрлийн химийн бодисыг Хятадаас нийлүүлдэг. Гэвч фентанилын хэрэглээ хэтийдсэнтэй холбоотой хямрал нүүрлээд байгаа билээ.
Хоёр удирдагч хэн хэн нь харилцаагаа чухалчилж байгаа ч санал зөрөлдөөн ч бас бий. Ши Жиньпин хамтран ажиллан хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч Хятадын нөхцөлөөр гэдгийг тодотгожээ.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ