Москва өнгөрсөн онд Украин руу довтолсноос хойш ОХУ-д ажиллаж, амьдардаг Төв Азийн цагаачдын амьдрал өмнөх шигээ байхаа больжээ. Цалин хөлсний үнэ цэнэ, үнэлэмж буурсны дээр эрэгтэйчүүд нь Украин руу дайнд ачигдах эрсдэлтэй тулгарах болов.
Барилгын ажил хийж амь зуудаг тажик цагаач Зоир Курбанов сүүлийн 10 жил Орост амьдарч байгаад саяхан эх орондоо очих цаг болсон гэж шийджээ. Дайнаас болж ОХУ-д цалин хөлсний хэмжээ огцом буурсны улмаас нутаг буцахаар шийдээд байх үед нь Украины эзлэгдсэн бүс нутаг болох Мариуполь, Донецкт барилгын ажилд өндөр цалинтай санал хүлээж авсан байна. Гэвч 39 настай Зоир саналаас татгалзжээ. Түүнийг барилгын ажил нэрийн дор фронт руу илгээхээс эмээсэн нь тэр.
Оросын арми өнгөрсөн жил бараг газартай тэгшилсэн Мариуполь зэрэг Украины эзлэгдсэн газруудад Москва өндөр цалин, нийгмийн халамж, тэр байтугай иргэншил амлаж байна. ОХУ нь Төв Азийн цагаачдыг Украины эзлэгдсэн бүс нутгуудад ажиллуулах нэрийдлээр тулаанд илгээх нь нэмэгдсэн тухай мэдээлэл тархсан. 2023 оны эхний улиралд Төв Азиас 1.3 сая орчим хүн Орос руу шилжин суурьшсан хэвээр байгаа бол зарим нь Украин руу ачигдахаасаа өмнө ОХУ-ыг орхин явахыг сонгож байна.
ОХУ-ын албаныхан ч цагаачдыг цэрэгт дайчилж байгаагаа нуухаа больсон. Тухайлбал, энэ оны эхээр Кремлийн хууль тогтоогч Михаил Матвеев саяхан ОХУ-ын иргэншил авсан Төв Азийн иргэдийг орос үндэстний оронд цэрэгт татахыг уриалсан.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE