Марзан царайны ардах "АЙДАС ТӨРҮҮЛЭГЧ"

Хуучирсан мэдээ: 2023.11.16-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Марзан царайны ардах "АЙДАС ТӨРҮҮЛЭГЧ"

Марзан царайны ардах "АЙДАС ТӨРҮҮЛЭГЧ"

"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа америк жүжигчин, комедиан, найруулагч Жордан Пилийг онцолж байна. Инээд дагуулдаг комедиан, айдас төрүүлдэг найруулагч гээд эсрэг тэсрэгийн огтлолцол гэмээр 44 настай түүний уран бүтээлүүд сүүлийн жилүүдэд дэлхийн кино ертөнцөд тэсрэлт хийж буй. Ингээд марзан царайтай ч гүн бодолтой түүнтэй танилцъя.


ЭЭЖИЙН ХАЙРТАЙ ГАНЦ ХҮҮ

Жордан Пил 1979 оны хоёрдугаар сарын 21-ны өдөр Нью-Йорк хотод мэндэлжээ. Түүний ээж Мэрилэндээс гаралтай цагаан арьстан бол аав нь Хойд Каролинагийн африк америк гаралтай хүн байв. Пил долоон настайдаа л аавыгаа хамгийн сүүлийн удаа харж, түүнээс хойш ээж дээрээ өсчээ.

Түүний хүүхэд нас Манхэттен дүүрэгт өнгөрсөн бөгөөд ээж нь ч хүүгийнхээ боловсролд онцгой анхаарч байсан гэдэг. Улмаар Пил Калхун гэх дүүргийнхээ хувийн ахлах сургуульд тэтгэлгээр суралцаж, хожмоо Сара Лоренсын нэрэмжит коллежид хүүхэлдэйн жүжгээр мэргэшиж эхэлсэн аж. Гэвч хоёр жил сураад л сургуулиа хаяахдаа Ребекка Дриздэйл гэх ирээдүйн хамтрагч, зохиолчтой танилцав.

Пил багаасаа л кино урлагийн үнэнч фэн байгаад зогсохгүй 12 настайдаа л найруулагч болно гээд шийдчихсэн байжээ. Түүнд “Glory”, “Edward Scissorhands”, “Thelma & Louise”, “Aliens” гэх кино бүтээлүүд хүчтэй нөлөө үзүүлсэн гэнэ.

Пилийн ээж хүүгийнхээ сонирхлыг үргэлж дэмжиж, түүнтэй үзсэн киноных нь талаар ярилцаж, кино театрт хамтдаа кино үздэг байжээ.

КОМЕДИ УРЛАГТ ХӨЛ ТАВЬСАН НЬ

Пил коллежид хоёр жилийг өнгөрүүлэхдээ жүжиглэх болон комедигийн талаар хичээл үзэж, комеди урлагт гүн татагдав. Коллежоо хаясан Фил, Ребекка хоёр хамтдаа Чикаго руу нүүж, “iO” театрын тайзнаа үзүүлбэрээ үзүүлж эхэлжээ.

Авьяаслаг Филийн чадвар өдрөөс өдөрт сайжирч, түүнийг зорин ирж үздэг үзэгчдийн тоо мэдэгдэхүйц өсөв. Алдар нэр нь ч бага багаар түгж, 2003 онд “Mad TV” телевизийн шоуны нэг хэсэг болсон юм. Фил 2008 он хүртэл тус шоуны нэг хэсэг байлаа.

СҮҮТЭЙ ЦАЙ БА ЦУЙВАН

“Mad TV” шоуны үеэр Фил өөрийн насны хамтрагч Киган-Майкл Китэй танилцаж, 2012 онд хоёр найз “Key & Peele” гэх өөрсдийн комеди шоуг хийж эхэлснээр жинхэнэ утгаараа тэсрэлт хийсэн. Нийт таван улирал 53 анги гурван жил үргэлжилсэн шоу одоог хүртэл алдартай.

Тус шоуг цацдаг “Comedy Central” телевизийн сувгийн “Youtube” хаяг нийт 4.5 сая захиалагчтай бөгөөд “Key & Peele”-ийн үзэлт 2023 оны гуравдугаар сарын байдлаар хоёр тэрбумд хүрээд байна.

Фил, Ки хоёрын хослол алдар нэр, амжилт, эд хөрөнгө гээд бүгдийг авчирсан. Яаж задгай сэтгэж, үзэгчдийг хүчлэхгүйгээр инээлгэх вэ гэдгээ тэр хоёр төгс мэднэ. Холливудын оддоос эхлээд АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама хүртэл тус шоуны үнэнч шүтэн бишрэгч гэж бодохоор яахын аргагүй амжилтад хүрсэн гэдэг нь илт.

Киган-Майкл Ки найзынхаа талаар ярихдаа “Фил миний зүрхийг инээлгэдэг. Бид хоёр бие биедээ хамгийн хөгжилтэй хүмүүс” гэжээ. Харин Фил харилцаагаа тодорхойлохдоо “Бид бол ах дүүс. Сайн найзууд ч биш. Энэ бол зөвхөн бидний л ойлгох ах дүүсийн харилцаа, ойлголцол” гэв.

Гурван жил цэнхэр дэлгэцийн өмнө үзэгчдийг уясан Фил, Ки хоёр 2015 онд шоугаа зогсоож, кино урлагт хүч сорихоо мэдэгдсэн юм.

БАГА НАСНЫ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭВ

Марзан царайтай, инээд дагуулдаг Фил 2016 оноос эхлэн кино урлагт хөл тавьж, “Wanderlust”, “Keanu” гэх хоёр ч инээдмийн уран бүтээлд гол дүр бүтээв. Кино шүүмжлэгчид ч муугүй гэж дүгнэжээ.

Харин 2017 оноос эхлэн кино найруулах, бүтээх багын мөрөөдлөө ажил хэрэг болгон “Get Out” гэх анхны уран бүтээлээ үзэгчдэд хүргэсэн. Нээлтээ хийсэн даруйдаа “Rotten Tomatoes” үнэлгээний сайт дээр 98 хувиар үнэлэгдэж, “Time” сэтгүүлийн зүгээс тус киног тухайн оны шилдэг арван бүтээлийн нэг гэж тодорхойлов.

Фил “Get Out” киноны зохиолоо өөрөө бичиж, өөрөө найруулж, өөрөө продюсерыг нь хийж, Дэниэл Калуя гэх жүжигчин залууг од болох замд нь хөтөлсөн. Ердөө 4.5 сая ам.доллараар бүтсэн анхны аймшгийн кино нь нийтдээ 255 сая гаруй ам.долларын ашиг олсон гэдэг.

“Get Out”-ийн амжилт мөнгөөр үнэлэгдээд зогссонгүй. 90 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслолын дөрвөн номинацид нэр дэвшиж, Фил шилдэг зохиолын шагналыг хүртснээр тус шагналыг хүртсэн анхны африк, америк гаралтай зохиолч болжээ. Анхны кино нь л алдар нэрд хүрсэн Филийн дараагийн найруулагчийн ажил нь “Us” байлаа. Аймшгийн, триллер төрлийн тус кино мөн л амжилтад хүрсэн.

Фил 13 насандаа л аймшгийн киноны найруулагч болохыг хүсдэг байжээ. Түүний үзэж байсан хамгийн айдас хүргэм кино “Halloween” гэнэ. Мөн тэрбээр туулайг бага зэрэг аймар гэж боддог аж.

“Us” киноноос хойш Фил “Candyman”, “Nope”, “Wendell & Wild” зэрэг бүтээлүүд дээр ажиллажээ.

Түүний уран бүтээлүүдийн гол дүрд африк, америк гаралтай жүжигчид ихэвчлэн тоглодог. Энэ талаар Фил “Би киноныхоо гол дүрд цагаан арьстан тоглуулна гэж бодохгүй байна. Гэхдээ би цагаан арьстнуудад дургүй гэсэн үг биш шүү. Энэ бол миний л харах өнцөг. Би кинондоо хар арьстнуудыг дүрд шалгаруулдаг. Би ‘Universal’ студид хар гэр бүлээр 20 сая ам.долларын аймшгийн кино хийхийг хүсч байна гэж хэлэх хэмжээний байр суурьтай байгаадаа баяртай байгаа. Тэд ч тэгье гэж хэлдэг” гэв.

ГАНЦ ГЭРЧТЭЙ ХУРИМ

Фил 2013 онд Челси Перетти гэх америк комедиан, жүжигчин, дуучин бүсгүйтэй болзож эхэлжээ. Хосууд 2015 онд сүй тавьж, 2016 онд нууцаар хуримлажээ. Фил, Перетти хоёр хуриманд ганцхан гэрч байсан нь тэдний нохой гэнэ. Тэд 2017 онд хүүтэй болж, Бомон Гино гэх нэр хайрлажээ.

Этгээд, нууцлаг гэмээр зохиолтой, өрнөл, төгсгөл нь үргэлж үзэгчдэд асуулт, ухаарал өгүүлж байдаг Жордан Фил бол харагдаж байгаагаасаа тэс өөр ертөнцтэй. Тэрбээр аймшгийн киноноос гадна хэд хэдэн хүүхэлдэйн кинонд дуу оруулж, продюсероор нь ажилласан гэдгийг дурдах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж