Ирэх онд Монгол Улсын эдийн засаг Хятадаас хамаарна
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:
-Гэр хорооллыг орон сууцжуулахад оролцох компанийг Гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлнө гэж байгаа. Гэр хорооллын иргэд болоод орон нутгийн иргэдийг ипотекийн зээлд хамруулна гэдэг шийдвэр гарсан. Эх үүсвэрийг бүрдүүлэх ямар боломж байна. Хуучин төв банк ипотекийн зээлийг өөрийн эх үүсвэрээс гадна арилжааны банкуудын эх үүсвэрээр бүрдүүлж ирсэн. Аж ахуйн нэгжид зээл олдохгүй байна гэж ярьж байна. Яаж бизнесийн зээлийг дэмжих вэ?
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-Зээлийн эргэн төлөлтөөс ипотекоор 500-гаад тэрбум төгрөг орж ирнэ, ирэх жил ч энэ хэмжээнд орж ирнэ. Ипотекийн зээлийн 80 хувийг Монголбанк гаргаад, 20 хувийг арилжааны банкууд гаргадаг. Төв банк 500 тэрбумыг гаргахад 120 тэрбумыг арилжааны банкууд гаргана. Энэ хэмжээгээр ипотекийн санхүүжилт явахад эрэлт нийлүүлэлт талаасаа нийцтэй гэж харж байгаа.
Инфляц өнгөрсөн арван сард 9 хувьтай гарсан нь төв банкны зорилтот төвшин рүү ороод ирж байгаа. Ирэх онд инфляц 6-8 хувь руу аваачих зорилт тавьсан ч төсөв 20 хувиар тэлсэн үед хүндрэлтэй. Эдийн засгийн хөгжлийн яамнаас төсөв 1 их наядаар нэмэгдэхэд инфляц 1 хувиар нэмэгддэг гэсэн судалгааг гаргасан байсан. 2024 оны төсөв 5 их наядаар нэмэгдсэн, энэ нөхцөлд 5 хувийн инфляц орж ирнэ. Тийм учраас бизнесийн зээл гаргах боломж хумигдмал байгаа.
УИХ-ын гишүүн, Мөнгөний бодлогыг боловсруулах ажлын хэсгийн гишүүн Ч.УНДРАМ:
-Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг ажлын хэсэг дээр яриад ипотекийн 20 хувийг гэр хороолол руу чиглүүлье гэдэг зарчмын зөрүүтэй санал гаргасан. Үүнийг гишүүд дэмжээд өгөөрэй.
Хэрэглээний зээлийн өсөлт 35 хувь байхад бизнесийн зээл 10 хувьтай байгаа. Ихэнх бизнесийн зээл нь хүнсний хувьсгалын хүрээнд буюу 650 тэрбум төгрөгийн зээл батлагдаад гарсан байгаа.
УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:
-Гадаад нөхцөлөө хэрхэн харж байгаа вэ. Төсөв батлахад оруулж ирсэн үнэ ханш хэр бодитой вэ. Ирэх жил дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлнэ. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй гэх баталгаа хэр байна вэ. Өнгөрсөн жил баталсан гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ямар байгаа вэ. Инфляцад өнгөрсөн жил нөлөөлсөн зүйл нь мах байсан бол өнөө жил гурил нэмэгдэж орж ирж байна. Цалин, тэтгэвэр нэмээд үр дүн гарахгүй байна. Арижлааны банкуудыг олон нийтэд нээлттэй болгоно гэсэн юу болж байна. Гадаадын банк оруулж ирэх асуудал ярьж байсан. Ноднин өрсөлдөөнийг бий болгоё, эх үүсвэр сайтай банк оруулж ирэх асуудлыг судалж байна гэсэн. Өнөөдөр энэ ажил ямар шатандаа явна вэ?
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-Гадаад орчин таатай биш байгаа. ОУВС -гийн жилийн уулзалтын үеэр томоохон улс орнуудын эдийн засгийн төлөвийг тодорхойлсон. Төсөөллүүдээ бууруулсан. Дэлхийн эдийн засгийн өсөлт 3.2 хувь байсан бол 2.9 хувь болж бууруулсан.
Монгол Улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт бүрдүүлдэг. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг бууруулсан байсан, энэ оны III улиралд төсөөлснөөс өндөр гарсан тул нааштай талаас үнэлж байна. БНХАУ-руу гаргаж байгаа экспорт хэвийн байх юм бол эдийн засаг тийм ч төвөгтэй биш. Гэхдээ экспортод гаргадаг бүтээгдэхүүний маань нэр төрөл маш бага, гурваас дөрөвхөн нэр төрөл. Энэ жил эдгээр эскпортын бтээгдэхүүний үнэ өсөлттэй байсан нь эерэг нөлөө үзүүлсэн. Ирэх жил өнөө жилийнх шиг экспорт сайн байвал эдийн засаг хэвийн байж болно.
Өнгөрсөн аравдугаар сард инфляц 9 хувьтай гарсан. Үүний 4.5 хувийг 20 хон бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Эдгээрийн13 нь дотоодын хүнс. Мах, гурил, сүү бараг 10 гаруй хувийг эзэлж байгаа. Эдгээр барааны нийлүүлэлт болон үнэ дээр тодорхой бодлого хэрэгжүүлэх юм бол инфляц хэвийн хэмжээнд байна. Шатахууны 30 хоногийн аюулгүйн нөөц бүрдүүлэхийн тулд импортлогчдод банкны салбараас хөнгөлөлттэй зээл олгоод явж байгаа. Энэний хүрээнд нөөц боломжийн бүрдээд явж байна.
Системийн нөлөө бүхий таван банк 2023 оны зургадугаар сарын 30 -ны дотор олон нийтийн хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн. Банкууд 5-10 хувиа зарсан. Нийт 473 тэрбум төгрөг цугларсан. Энэ нь таван том банк шинээр үүсэх мөнгийг цуглуулж чадсан гэсэн үг. Гадаадын банк оруулж ирэх талаар хууль, дүрэм, журмаа хөнгөвчилсөн. Гэвч өнөөдрийн хувьд Монголбанкинд гадаадын бие даасан банк, салбар нээх хүсэлт ирээгүй байна.
Бидний хувьд өнгөрсөн зун зохион байгуулагдсан эдийн засгийн форумын үеэр олон улсын хөрөнгө оруулагч нарт дүрэм журам ингэж хөнгөвчлөгдсөн, банкаа нээвэл дэмжин ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. БНСУ-д ажиллах үеэрээ “БНСУ-ын банкийг Монголд байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллах болно” гэдгээ илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-2024 оны төсөв, 2024 оны Мөнгөний бодлого хоёр хэр уялдаж байгаа вэ. Анх оруулж ирсэн мөнгөний бодлого өөрчлөгдөх үү. Гадаад ваюлтын албан нөөц хэд байвал болдог юм, хэд байх зорилт тавьж байна. Монгол Улс 24 сар өндөр инфляцтай буюу хоёр орнотой тоонд явж ирлээ. Сая аравдугаар сард л 9 гэсэн тоо руу орж ирлээ. Урьд өмнө байгаагүй өндөр зардалтай их төсвийг баталсан. Үндсэндээ Венесуэль зэрэг дампуурч байсан орны араас л Монгол Улс явж байна. Энэ төсөв хэрэгжихэд хүнд. Эдийн засаг маш эмзэг байгаа. Ганц нүүрстэй уясан эдийн засагтай. Хятад улс уул уурхайн бүтээгдэхүүнийг авах, авахгүйгээс шалтгаалаад ямар ч байдалд орж болно.
Дундаж давхарга байхгүй болсон. Мөнгө маш их хэвлэж байна гэж ярих юм. Хэдий хэмжэний мөнгө хэвлэв.
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-Засгийн газар нэгэнт төсвөө тийм хэмжээний орлого олно, зарлага гарна гээд оруулж ирж байгаа нөхцөлд энэ нь мөнгөний бодлогод хэр ачаалал үүсгэх вэ гэдэг талаас хараад явж байгаа. Инфляц төв банкны зорьж байгаа нөхцөлд ирэхгүй бол мөнгөний хатуу бодлого үргэлжлэхээс аргагүй.
Монгол Улсын гадаад валютын албан нөөц 3.9 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Энэ нь нийт зургаан сарыг хангах нөөц. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр нэг жил буюу 12 сарын импортыг хангах нөөцтэй байх ёстой гэж үздэг.
Экспортын 93 хувь Хятад руу гарч байгаа. БНХАУ -ын эдийн засаг ямар байхаас манай улсын эдийн засаг хамаарна. Манай улсын импортын 30 хувь ОХУ-аас хамаарч байгаа. Худалдааны дайн, геполитикийн сөргөлдөөн гарахгүй байвал эдийн засагт зөөлөн тусна.
Мөнгөний нийлүүлэлт 33 их наяд төгрөгт хүрсэн, өнгөрсөн оныхоос 5.7 их наядаар нэмэгдсэн. Энэ нь ийм хэмжээгээр мөнгийг хэвлэсэн юм биш. Гадаад валютын нөөц 5.7 их наядаар өссөн нь мөнгөний нийлүүлэлтйг өсгөж харагдуулж байгаа юм.
Асуулт хариулт дууссаны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа. Эцэст нь энэхүү төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улмаар хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгах гэсэн ч гишүүдийн ирц хангалттай бус байсан тул маргаашийн чуулган руу шилжүүллээ. Ингэснээр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлээд байна.
"Төлбөрийн тэнцэл ашигтай гарсан учраас валютын нөөц 3.9 тэрбум доллар байна"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:
-Ипотекийн зээл олголтыг нэмэгдүүлэх боломж байна уу. Ард иргэдэд энэ зээл олдохгүй байна, хэдэн сараар хүлээдэг гэдэг асуудал яригдаж байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-Ипотекийн зээлийг Засгийн газарт хүлээж авах агентлаг байхгүй учраас Монголбанк энэ ондоо үргэжлүүлээд хэрэгжүүлээд явж байна. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр орж ирсэн эх үүсвэрийг буцааж гаргаад явж байна. Сардаа 35 тэрбум төгрөг эргэн төлөлтөөр орж ирдэг түүнийг ипотекийн зээлд олгодог.
Орон нутагт ипотекийн зээлд хамрагдахаар хүсэлт гаргасан тохиолдолд нэг сарын дараа шийдвэр нь гардаг. Улаанбаатар хотод арван сарын дараа шийдвэр гардаг. Эргэн төлөлтийн хэмжээгээр л хангаад явж байна.
УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:
-Төсвийн орлого бүрдүүлэлт дээр татварын өрийг дайчлах төсөв баталсан. Бизнесийн зээл гарахгүй болохоор хувийн хэвшлүүд бизнес хийх боломж алга, төсвөө яаж бүрдүүлэх вэ. Инфляц маш өндөр байна. Ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-2024 оны төсөв 20 хувиар тэлээд орж ирсэн. 5 их наядаар нэмэгдэж байгаа том төсөв. Эдийн засаг руу төсвөөр дамжиж орж ирэх санхүүжилт том учраас бодит сектор руу мөнгө нийлүүлэх боломжгүй. Инфляци өөрөө Монголбанкны зорьж байгаа төвшинд орж ирэхгүй байгаа учраас. Тэр утгаараа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөнгө гаргах бололцоо байхгүй. Өнгөрсөн аравдугаар сард инфляц 9 хувьтай гарсан. Инфляцын 50 хувийг 20 гаруй нэр төрлийн бараа бүрдүүлж байгаа бол нэлээн том байр эзэлж байгаа нь гурван бараа. Мах, гурил, сүү. Махаар өөрийгөө 100 хувь хангах боомжтой. Сүүний тухайд улирлын шинжтэй.
Төв банкны бодлогын хүү 13, инфляц 9 хувьтай байна. Зорьж байгаа зорилт бол инфляц 6-8 хувь руу оруулах. Инфляци 6-8 хувь руу орж ирвэл бодлогын хүүг зөөлрүүлэх боломж тэр үед л үүснэ.
УИХ-ын гишүүн Э.БАТШУГАР:
-Ипотекийн зээлийг 6 хувь руу оруулахад идэвхтэй ажилламаар байна. 2013 онд би төв банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 24 хувийн хүүг 8 хувь руу буулгасан. Монголбанкны алдагдал бол бодлогын алдагдал. Ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувв руу шилжүүлэхэд 400 гаруй тэрбум шаардлагатай гэж байсан.
Төлбөрийн тэнцэл 790 сая ам.долларын ашигтай гарлаа, худалдааны тэнцэл 4.9 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Гэвч энэ өгөөж бодит эдийн засагт ирэхгүй байна. Уул уурхайн компаниуд Монголбанкинд шууд тушаагаад байна. Зах зээл дээр валютын хомсдол үүсээд байна. Энэн дээр арга хэмжээ авмаар байна. Бодлогын шинэ хэрэгслүүд бодсон уу. 2012 онд хүүгийн коридор нээсэн. бодлогын хэрэгслүүд нэвтрүүлэх шаардлага байна?
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-Ипотекийн зээл 8 хувьтай явж байгаад 2020 оны тавдугаар сараас 6 хувь руу шилжсэн. 8 хувийн зээл авсан иргэдийг 6 хувь рүу шилжүүлэхэд хэн нэгэн даах ёстой. Монголбанк өөрөө хуультай. Монголбанкин дээр үүссэн алдагдлыг нөхөхөд Засгийн газрын бондоор нөхнө гэж заасан тул шийдвэр гарах ёстой.
УИХ -аас шийдвэр гарах юм бол 450-500 тэрбумын зардал гарах тооцоог хийсэн. Банкны нийт зээлийн хэмжээ 25 их наяд, зээлийн хэмжээ 11 хувиар өссөн. Үүний 1 хувь нь бизнесийн зээл, 10 хувь нь хэрэглээний зээл. Төв банкны зүгээс бизнесийн зээл гарах талаас нь бодлогын арга хэмжээ аваад явж байгаа. Хэрэглээний зээлийн урт хугацааг богиносгосон. Өөрийн орлогын харьцааг 70 хувиас хэтрүүлэхгүй байхаар чангаруулсан. Хэрэглээний зээлийн гаралт өнөөдөр өндөр хэвээр байна. Бизнесийн зээлийн хүү өндөр учраас өсөлт байхгүй байна.
Төлбөрийн тэнцэл ашигтай гарсан, өнгөрсөн онд багахан хэмжээний ашигтай гарсан. 30 жилийн 3-4 жилд л төлбөрийн тэнцэл ашигтай гарсан байдаг. Хилийн хориг байхгүй болсон, экспортын бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа учраас төлбөрийн тэнцэл ашигтай гарч байна. Гэхдээ цөөхөн хэдэн бүтээгдэхүүнээс хамаарч байгаа учраас байнгын ийм байна гэж харахгүй байгаа. Төлбөрийн тэнцэл ашигтай гарсан учраас валютын нөөц 3.9 тэрбум ам.доллартай тэнцэж байна.
Саяхан Хөгжлийн банкны өр төлөгдөж дууссан. Ингэхэд 350 сая ам. долларын төлөлт дээр савлагаа байхгүй байна гэдэг нь төлбөрийн тэнцэл ашигтай гарсны үр дүн юм.
Чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойших хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.
УИХ: Цэцийн гишүүнээр Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа нарыг томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн 70.5 хувь нь Л.Өлзийсайханыг Цэцийн гишүүнээр томилохыг дэмжсэн бол 65.9 хувь нь О.Мөнхсайханыг Цэцийн гишүүнээр томилохыг, гишүүдийн 70.5 хувь нь Э.Энхтуяаг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилохыг тус, тус дэмжлээ. Улмаар УИХ-аас тогтоол баталлаа. Хуульд зааснаар Цэцийн гишүүнийг 6 жилийн хугацаатай томилдог.
Санал хураалт явуулахын өмнө гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ш.РАДНААСЭД:
-Цэцийн гишүүнд нэр дэвшсэн гурван хүнийг дэмжиж байна. Цэцийн гишүүнээр томилогдож байгаа хүмүүсээ бид дэмжээд магтаад гаргадаг. Очсон хойноо гаргасан шийдэр нь харилцан адилгүй гардаг. Энэ удаад 1970, 1980-аад оныхон Цэцэд очиж байна. Гурван хүндээ амжилт хүсье. Аль нэгэн бүлэглэсэн зүйл, хараат бус байдлыг алдагдуулахгүй байхад хичээж ажиллах ёстой. Цэц дээр урьдчилсан хяналт гэдэг юм хийгдэж чаддаггүй. Цэц өөрөө авч хэлэлцдэг зүйл рүү орох ёстой. Үгчилж явуулна гэдэг утгагүй заалт бий. Цэцийн хуулийг өөрчилж, урьдчилсан хяналтыг түлхүү оруулж ирэх юм бол нийгмийн зүгээс шахалт ихтэй ажиллах юм болов уу.
2024 оны УИХ-ын сонгуулиас эхэлж намын жагсаалтаар гишүүд сонгогдоно. Эгүүлэн татах асуудал 2024 оноос хойш идэвхжинэ. Жагсаалтад байгаа гишүүдийг татахын төлөө жагсаалт өөрөө идэвхтэй ажиллана. Энэ чиглэл рүү хараат бус байж чадах уу гэдэг дээр та бүхэн бэлтгэлтэй, процессын хууль зэргээ хийж явахгүй бол өнөөдрийн тогтоомж дээрээ явбал та бүхэн хамгийн адгийн хүмүүс, дахиад УИХ дээр дуудагддаг л юм явна.
Хуулийг өөрчилж шинэчлэх юм руу явна. Та бүхэн идэвхтэй оролцоорой.
УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:
-Монголын төрд бэлтгэгдсэн, зөв бодолтой, зөв сэтгэлтэй, мэдлэгтэй, чадвартай хүмүүс хэрэгтэй. Гурвуулантай нь хамтарч ажиллаж байсан. О.Мөнхсайхан багштай 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ажиллаж байсан. Монгол төрийн тогтолцоогоо засъя, эрх мэдлийн хуваарилалтаа оновчтой болгоё гэдэг хүрээнд сайн өөрчлөлт болсон. Энд бас гар бие оролцож ажлын хэсэгт ажиллаж байсан.
Л.Өлзийсайхан даргын хувьд ялгаа байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ажиллаж байсан. Парламентдаа мэргэшсэн хүн. Э.Энхтуяа нэр дэвшигчийн хувьд бас мэргэшсэн хүн. Ийм хүүмүс очиж байгаа учраас Цэцэд салхи орох байх. Цэцийн гаргасан шийдвэр нь асуудалтай байсан. Өнөөдөр гарсан шийдвэр нь нөгөөдөр өөр болдог. Цаашдаа ийм шийдвэр гаргахгүй байх.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ: ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Улмаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүхээс тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлжээ.
Тухайлбал, УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд Л.Өлзийсайханыг нэр дэвшүүлсэн тухай танилцуулгыг УИХ-ын дарга Г.Занданшатар хийлээ.
Нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хууль зүйн магистрын зэрэгтэй төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор цолтой. Тэрбээр, 1998-2002 онд Улсын багшийн их сургуульд багш, 2002-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга, 2015-2017 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын дарга, 2019 оны тавдугаар сараас УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар, нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд 15 жил багшилж, эрх зүйн онол, үндсэн хуулийн эрх зүй, парламент судлалын чиглэлээр 10 гаруй нэг сэдэвт бүтээл, ном, гарын авлага туурвиж, 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл, судалгааны ажил бичиж эрдэмтэн судлаачид болон олон нийтийн хүртээл болгосныг танилцуулсан. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах эхний шатнаас хэлэлцэн батлах хүртэл бүхий л үйл явцад УИХ-ын Тамгын газрын удирдлагын хувиар манлайлан ажиллаж, Монгол Улсад Үндсэн хуулийн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсныг онцолсон юм. Тодруулбал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын хариуцлага үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн парламентын эрх зүйн орчны болон бусад шинэтгэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсад, парламентын ардчиллыг бэхжүүлэх ард түмний засаглах эрхийг хангах чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгааг дурдаад, УИХ-аас 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийг ард түмнээр хэлэлцүүлж, санал авах, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар үндэсний хэмжээнд Зөвлөлдөх санал асуулга явуулах зэрэг төрийн томоохон ажил түүхэн үйл хэргүүдийг удирдан зохион байгуулахад бодлого хэрэгжилтийн түвшинд мэргэжлийн өндөр ур чадвар гарган хариуцлагатай ажилласныг тэмдэглэсэн юм.
Харин Ерөнхийлөгчийн зүгээс Э.Энхтуяаг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлж буй юм байна. Э.Энхтуяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай, нөхөр хүүхийн хамт амьдардаг байна. 1995 онд Ховд аймгийн 10 жилийн I дунд сургуулийг, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. 2005 онд Япон улсын Кюүшү их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, англи, орос хэлтэй. Тэрбээр 1999-2000 онд Ховд аймгийн прокурорын газрын нарийн бичиг, 2000-2001 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газарт бичиг хэргийн эрхлэгч, 2001-2002 онд Хууль зүй дотоод хэргийн дэд сайдын туслах, 2002-2012 онд Хууль зүй дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2012-2016 онд Хууль зүйн яамны эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн, 2016 оноос Хууль зүй дотоод хэргийн яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар тус тус ажиллаж байжээ. Хуульч мэргэжлээр 24 жил ажилласан нэр дэвшигч Э.Энхтуяа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болзлыг бүрэн хангасан, эрх зүйч мэргэжилтэй, хуульч, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, хууль зүй болон улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг бүрэн хангаж байгаа гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулга хийх үеэрээ тодотголоо.
Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд О.Мөнхсайханыг нэр дэвшүүлсэн болохыг танилцууллаа.
О.Мөнхсайхан нь 1983 онд Ховд аймгийн Жаргалант сумд төрсөн. 40 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Нэр дэвшигч нь Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа хийж, 2008 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистрын зэрэг, 2011 онд хууль зүйн докторын зэргээ тус тус хамгаалжээ. Түүнд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолоор дэд профессор цол олгосон байна. Англи хэлтэй. 2005 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд тэнхимийн туслах ажилтан, багш, дэд профессор, профессороор нийтдээ 18 жил ажилласан бөгөөд 2022 оны нэгдүгээр сараас МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаа юм байна. О.Мөнхсайхан нь МУИС-ийн Хууль зүйн сургууль болон хуульч, шүүгчийн үргэлжилсэн сургалтад Үндсэн хуулийн эрх зүй, хүний эрх, шүүх, хуульчийн ёс зүй, эрх зүйн болон улс төрийн философийн хичээлийг заадаг байна. Сүүлийн 10 жилд мэргэшсэн чиглэлээрээ 30 орчим судалгааны төслийг дангаараа болон багаар хэрэгжүүлж, 9 ном, сурах бичиг, 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг англи, монгол хэлээр хэвлүүлсэн байна. Түүнчлэн 60 орчим судалгааны илтгэл хэлэлцүүлсэн болохыг танилцууллаа. Тэрбээр АНУ-д Вашингтоны их сургууль болон Жорж Вашингтоны их сургуульд зочин судлаач, Япон Улсын Нагояагийн их сургуульд гадаад судлаачаар ажиллаж байжээ.
"Ногоон автобусны 400 тэрбум төмөр замын хулгайн дэргэд талхны үйрмэг"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ:
-Нүүрсний хулгай гээд ард иргэд өвлийн хүйтэнд сар жагсаж, эсэргүүцлээ илэрхийлж, төр засагтаа шударга ёсыг авч ирээч ээ гээд шаардсан. Засгийн газар идэвхи санаачлагатай ажиллана гэж амласан. Загасны ой санамжтай байгаа юм шиг л харагдаад байх юм. Хянан шалгалтын ажил ямар төвшинд явж байна гэдгийг асуух шаардлагатай болж байна.
Үйлдвэржилтийн байнгын хороон дээр өчигдөр Тавантолгой-Гашуун сухайт, Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хийсэн аудитын дүгнэлт орж ирсэн. Аудит маш сайн ажилласан байна лээ. Аймшигтай тоонууд харагдаж байна лээ. 950.7 тэрбумаар хийнэ гэж төсөвт өртөг батлуулчихаад 3 их наяд 653 тэрбум төгрөгөөр хийсэн байгаа юм. 3.8 дахин их үнээр төмөр зам барьсан. Гарын ариутгагч 1000 төгрөгөөр авна гэж хэлчихээд 5000-аар авбал хэн ч шоронд орно. Гэтэл энэ хоёр төмөр зам дээр хэн ч шоронд ордоггүй, Аудит бодитой гаргаад ирсэн. Зэвсэгт хүчний жанжин штабыг оруулах хууль эрх зүйн орчин тодорхойгүй байхад улсын нууцад оруулж байгаад баахан шууд худалдан авалт хийчихсэн. Саяхан ногоон автобусны дуулиан дэгдсэн. Ногоон автобусны 400 тэрбум бол Тавантолгойн төмөр замын хулгайн дэргэд талхны үйрмэг шүү.
Гэтэл Хянан шалгах хорооны танилцуулгад төмөр замтай холбоотой нэг ч үг алга, юуг нь хянах гээд байгаа юм. Аудит хянаад гаргаад ирсэн байна ш дээ. Бүх юм нь хууль зөрччихсөн. Гэтэл ганц компанийн жижиг худалдан авалт шалгасан болоод дуусах юм уу.
Монголын бүх ард түмэн хувьцаа эзэмшиж байгаа “Эрдэнэс Тавантолгой” –н 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчөөд ногдол ашгийг нь хүчээр Тавантолгойн төмөр замын хөрөнгө оруулалт руу хийгээд, үнийг нь дөрөв нугалаад хулгай хийгээд идчихсэн. Гэтэл энэ нь Хянан шалгалтын түр хорооны танилцуулгад байхгүй.
Нүүрснээс орж ирсэн мөнгийг төмөр замын том төсөл гэдэг юм руу хийгээд улсын нууцад оруулж байгаад хулгай хийчихсэн энэ асуудлыг яагаад Хянан шалгах хороон дээрээ ярихгүй байгаа юм бэ, Б.Энхбаяр аа. Эдийн засгийн байнггын хорооны дарга аа. Аудитын дүгнэлтийг УИХ дээрээ яримаар байна, Г.Занданшатар дарга аа.
Бүх ард түмний хувьцаа эзэмшиж байгаа компаниас бүх мөнгийг төмөр зам руу оруулж байгаад хулгайлаад идчихсэн.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:
-Хянан шалгалтын түр хороооны асуудал яригдаж байна. Надаас асуугаад байх шаардлага ч байхгүй, дэг ч байхгүй. Дэгээрээ явна.
Улмаар Хянан шалгалтын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд дэмжлээ. УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагч болж, чөлөөлөгдсөн тул орны хүнийг томилж буй юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг тус Хянан шалгах түр хорооны гишүүнээр баталсан юм.
"Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёр улсыг дампууруулж байна"
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.16/ нэгдсэн хуралдаан эхлээд байна. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:
Сайд Г.Сайханбаяр “Тэр цэрэг ямар байсныг би мэднэ” гэх. Танай бүлэг, Засгийн газар энэ сайддаа арга хэмжээ авахгүй юм уу. Тайван цагт маш олон ардын хүүхэд үрэгдэж байна. Хүүхдээ цэрэгт явуулснаас оршуулгын газар луу явуулаагүй шүү дээ.
Төсөв батлагдсанаар ард иргэдийн амьдралд дэм болохгүй нэрмээс л болно. Төсвийг хүчээр нохой амаар нь нийлүүлээд л хаялаа. Нохой амаар нийлүүлсэн хана яадаг билээ. Төсвөө зас та нар. Төрийн өмчийн өчнөөн байшин сав барина гэсэн. Үнийн өсөлтийг хязгаарлах юм юу ч ороогүй. Төрийн мөнгөний бодлоготой уялдаагүй. Инфляциа бууруулна гээд төв банкныхан сууж байна. Ханшны уналтаас 400 тэрбумын алдагдал хүлээж байгаа. Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёр улсыг дампууруулж байна. Та нар энэ хоёр хүний асуудлаа хэлэлцэхгүй юм уу гэлээ.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг УИХ-д танилцуулах/-ыг хэлэлцэж эхлээд байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд.
ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2023.11.16, 11.17/
Д/Д | ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | ЦАГ | ТАНХИМ |
1 | · Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах/ · “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Бусад · Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар | 10.00 | “Их хуралдай” |
Холбоотой мэдээ