Замын хөдөлгөөнд оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ наахаар болсныг албаныхан мэдээлсэн. Гэвч зарим мэргэжлийн судлаачид RFID бол маш эртний технологи. Пассив RFID tag /шошго/ нь автомашиныг зайнаас бүртгэх нь маш олон сул талтай. Хэрэглэгчийг тагнах эрсдэлтэйг ч сануулж буй. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа автомашины цахим гэрчилгээ тойрсон асуудлыг хөндлөө.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төв. Жолооч нар автомашинаа үзлэг оношилгоонд оруулахаас гадна цахим гэрчилгээгээ наалгаж байв. Зарим жолооч нарын хувьд энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаагаа хэлж байв.
“Таг буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ нь хувь хүний мэдээлэл агуулаагүй. Зөвхөн техникийн мэдээлэл агуулсан нууцлалтай юм. Бид өмнө нь он оноор нь тээврийн хэрэгслийг ялгадаг байсан бол цахимжиж, бар кодтой болсон гэсэн үг. Улаанбаатар хотод 160 гаруй камерыг байршуулж, цахим гэрчилгээг уншуулна. Ингэснээр жолооч татвар, торгуулиа цаг хугацаанд нь төлж, үзлэг оношлогоогоо хийлгэдэг болно.
Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд автомашины цахим гэрчилгээг үнэ төлбөргүй нааж өгч байгаа. Жолооч нарт зөв мэдээллийг өгч, цахим гэрчилгээг нааж байна.
Иргэдийн зүгээс хувь хүний мэдээлэл алдагдана гэх ташаа ойлголттой байна. Төхөөрөмжөөр QR кодоо уншуулаад, автомашины улсын дугаар, жолоочийн гар утасны дугаарыг бүртгүүлнэ. Улсын дугаар, утасны дугаар солигдсон ч машины арлын дугаар бүртгэгддэг учраас асуудал үүсэхгүй" гэдгийг Баянзүрх дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн инженер Б.Ербулан тайлбарлав.
АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААР, ЖОЛООЧИЙН ГАР УТСЫГ БҮРТГЭЖ, ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ НААНА
Автомашины цахим гэрчилгээ наалгаж буй нэгэн жолооч “Цахим үйлчилгээ нэвтэрч байгаа нь сайшаалтай. Торгууль, татвараа цахимаар төлөх боломжтой юм байна. Хувийн мэдээлэл алдагдана гэдэг талаас нь мэдээлэл багатай байна. Саяхан орон нутгаас хотод орж ирээд автомашины үзлэг оношилгоондоо орж, цахим гэрчилгээгээ наалгалаа” гэсэн юм.
Жолооч Г.Батцэнгэлийн хувьд мөн л мэдээлэлгүй байгаагаа хэлж байв. Тэрбээр “Автомашины цахим гэрчилгээний талаар огт мэдээлэл аваагүй. Одоо улсын дугаар аваагүй, импортын тээврийн хэрэгсэл үзлэг оношилгоонд оруулж байна. Хувийн автомашиндаа цахим гэрчилгээг наалгаагүй” гэсэн юм.
Автомашины улсын дугаар, жолоочийн гар утсыг бүртгэж байгаа. Хувь хүний овог нэр, регистрийн дугаар зэрэг мэдээллийг бүртгэж авахгүй байгаа хэмээн жолооч нарын хардлагыг мэргэжилтнүүд үгүйсгэлээ.
Жолооч нар заавал тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд орох шаардлагагүйгээр цахим гэрчилгээгээ наалгах боломжтой гэнэ. Зөвхөн нийслэлийн Баянзүрх дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төв дээр гэхэд өдөрт 200-300 автомашин үзлэг оношилгоонд хамрагдаж, цахим гэрчилгээг наалгаж байгаа аж. “Баасан гаригт автомашинаа үзлэг оношилгоонд оруулахдаа цахим гэрчилгээгээ наалгасан. Цахим болж байгаа нь техник технологийн тал дээр шинэчлэгдэж байгаа гэж ойлгосон. Энэ талаар мэдээлэл багатай байна” гэдгийг бас нэгэн жолооч ярилаа.
ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ ЭХНИЙ ЭЭЛЖИД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ НААНА
Цахим гэрчилгээг 6700 төгрөгөөр нийлүүлж байгаа аж. Үүн дээр наах хөлс, бичиг хэргийн зардал нэмэгдсэн байна. Эхний ээлжид улсын хэмжээнд зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй 1.2 сая тээврийн хэрэгсэлд үнэ төлбөргүй наахаар болжээ. Харин санаатай болон санамсаргүй байдлаар эвдэх, алга болгох, техникийн гажуудал гарахад дахин авахдаа АТҮТ-өөс зөвлөмж гаргасны дагуу тодорхой үнээр худалдан авна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Тендер сонгон шалгаруулалтыг ЗТХЯ-наас хаалттай зарлажээ.
Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга сайд асан Ж.Сүхбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нарын хамтарсан тушаалаар ЗТХЯ-ны Төрийн нарийн бичиг С.Батболдоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан байдаг. Мөн сонгон шалгаруулалтын дэд ажлын хэсэг гарч, машинд наах tag нийлүүлэх компанийг шалгаруулна гэдгийг өмнө нь нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг мэдээлж байлаа.
Зөвхөн таг суурилуулах ажил нь нийт 22.3 тэрбум төгрөгийн төсөвтэй. Үүн дотроо тааг суурилуулах, камержуулах, машины хөдөлгөөн удирдлагын зохион байгуулалтын систем нэвтрүүлэх нь тусдаа, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн байрыг барих ажил гээд тус тусдаа багц ажлыг хийх аж.
"Тендер сонгон шалгаруулалтад яг ямар компаниуд оролцож шалгарсан талаар мэдэхгүй байна. Энэ ажлыг салбарын яам зохион байгуулж байгаа. Ер нь түгжрэлийн нэгдсэн төсвөөс тендер шалгаруулалт, тендерийн баримт бичигтэй холбоотой ажлын даалгаварт шууд нөлөөлдөггүй. Нийслэлийн 32 агентлаг, Аж ахуйт тооцоот үйлдвэрийн газрууд бие даасан худалдан авалтаа хийдэг. Хэдийгээр ЗТХЯ, ЦХХХЯ, НЗДТГ-ын Үндэсний хороо хамтран ажиллаж байгаа боловч худалдан авалт, тоног төхөөрөмжийн хувьд тусдаа бие даан ажилладаг” гэдэг тайлбарыг Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал Ч.Батзориг өгсөн юм.
ЗАМ ТЭЭВЭР, ХӨГЖЛИЙН ЯАМАНД 442 МЯНГАН ШИРХЭГ RFID НИЙЛҮҮЛСЭН БАЙНА
Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал Ч.Батзоригийн өгсөн тайлбар нь "Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 161 байршил дээр радио давтамжийн үелзлийг ашигладаг уншигчийг байрлуулсан. Хатуу дэд бүтцийг байгуулж дууссан. Нийслэлийн хэмжээнд RFID уншигчийн таг буюу цахим гэрчилгээ нийлүүлэлтийг Зам тээвэр, хөгжлийн яаманд 442 мянган ширхгийг нийлүүлсэн. Энэ оны наймдугаар сараас Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ наах ажил ид дундаа үргэлжилж байна. Харин арваннэгдүгээр сараас улсын хэмжээнд цахим гэрчилгээг нааж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар Зам тээвэр, хөгжлийн яамтай хамтран нийт 17 байршилд цахим гэрчилгээг наахаар төлөвлөж байснаас байнгын үйл ажиллагаатай долоон цэг ажиллаж байна.
Үлдсэн цэгүүдийг тогтмол ажиллуулах хүсэлтийг салбар яаманд хүргүүлсэн. Мөн И-Март болон “Ub CAB” компанийн салбаруудтай хамтарч ажиллахаар ярьж байна. Өнөөдрийн байдлаар ЗТЯ болон АТҮТ хамтран 100 гаруй ажилтанг сургалтад хамруулж, цахим гэрчилгээ наах ажилд сургаж бэлэн болгосон" гэх үг.
Цахим системд шилжсэнээр зарим жолооч нар автомашины дугаараа сольж явах, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, улсын дугааргүй машин унах зөрчлийг арилгана гэдгийг албаныхан мэдээлсэн. Долоо хоногийн нэг өдөр дугаарын хязгаарлалттай байдаг 126 мянган машин байдаг. Эдгээр машины ердөө 30 хувь нь хязгаарлалтад орж, 70 хувь нь 20 мянган төгрөгийн торгуулиа төлж, хөдөлгөөнд оролцдог байна.
Мэдээж, энэ нь хотын түгжрэлд хувь "нэмэртэй".
Улаанбаатарт өдөрт 1.6 сая иргэн машинтай замын хөдөлгөөнд оролцож байна. Ойролцоогоор 450-550 мянган тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцож байгаа юм.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ