Д.Ганбат: Б.Ганхуягаас үг сонсох ёстой

Хуучирсан мэдээ: 2023.11.15-нд нийтлэгдсэн

Д.Ганбат: Б.Ганхуягаас үг сонсох ёстой

Д.Ганбат: Б.Ганхуягаас үг сонсох ёстой

Нүүрсний сонсголыг зохион байгуулах УИХ-ын хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр /2023.11.15/ боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягаас нүүрсний хулгайн асуудлыг тодруулах, мөн нүүрсний том хулгай гарах үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан албан тушаалтнуудад хилийн хориг тавих ёстой” гэсэн асуудлыг хөндлөө.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-“Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдахаас нь эхлээд ажилласан, одоо цагдан хорих байранд хоригдож байгаа Б.Ганхуягийг яаралтай дуудаж, нөхцөл байдлыг тодруулж асуух хүсэлтэй байна.

Түр хорооны хурлаа маргааш үргэлжлүүлээд  энэ нөхрийг дуудаад асуучихвал иргэд ч хүлээж байна, бид ч нэг ажил амжуулаад авчихна. Б.Ганхуягийн үгийг нь сонсох ёстой. Одоогоор шүүх дээр хэрэг нь очоогүй байна. Тэгэхээр дуудаад асуух бүрэн боломжтой. Миний энэ саналыг дэмжиж өгөөч, гишүүд ээ. Бид ганц шинжээч тойроод яваад байж болохгүй.

Хоёрт, хэд, хэдэн хүн дээр хилийн хориг тавих шаардлагатай юм уу гэж бодож байна. Тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд нарт хилийн хориг тавьсан нь зөв байх. Хууль шүүхийн өмнө бүгд тэгш байх ёстой. Ард түмэнд мэдээллийг бүрэн өгөх ёстой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан хүмүүст хилийн хориг тавъя. Тийм албан бичгийг өнөөдрийн дэд хорооны хурлаас гаргах ёстой.

Төмөр замд хийсэн аудитын дүгнэлт гарсан байна, гишүүд тавиад эхэлж. Төмөр зам, оффтейк гэрээ зэргийг эрх бүхий байгууллага болох аудитын газар шалгаад дүгнэлтээ гаргажээ. Энэ байгууллага ажлаа хийгээд байдаг, бид харин 5 сар болоход ажлаа хийгээгүй байна. Шинжээч тойроод яваад байна.

Хууль зүйн сайд хоёр хүнээр дэд хороог ахлуулсан нь төр засгаас хэр их анхаарал тавьж байгаагийн илэрхийлэл гэж бодож байна. Тийм учраас миний гаргасан саналыг дэмжиж өгнө үү.

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

-Түр хорооны өнөөдрийн хурлаар хянан шалгагчийг татах солих, шинжээч нэмэх хасах гэдэг асуудлаа л ярьж байна . Шинжээч томилох эс томилох гэдэг асуудал  түр хорооны сүүлийн хэдэн ч хурлын асуудал болчих вэ. Гэтэл түр хорооны хурал арванхоёрдугаар сарын 4-нд гээд товлочихсон, ердөө хоёр долоо хоногийн дараа болно.  Одоо томилогдож байгаа шинжээч,  хянан шалгагч нар сайн ажиллах боломж байна  уу. Энэ сонсгол 2023 он дотроо амжихааргүй боллоо гэдэг үндэслэлээр хойшлуулчих вий дээ.

Хоёрт, нэг л их шинжээчийг халлаа, солилоо болох юм. Өчигдөр тавьчихаад өнөөдөр буцаан татлаа л гэх юм. Энэний цаана сонсголыг цаг хугацаанд нь явуулахгүй байх сонирхол яваад байгаа юм биш биз.

Гуравт, шинжээч томилохоор Сангийн яамнаас баахан хүмүүс оруулаад ирэх юм. Тухайлбал, Сангийн яамныТөрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нүүрсний будилаан гарч байхад “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан. Нүүрсний хулгайг хуулийнхан шалгаж эхэлсний дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч болсон. Гэтэл одоо шинжээч хянан шалгагчаар санал болгож байгаа нь энэ бүгдийн цаана зарим асуудлыг улс төрийн зорилгоор ашиглах, заримыг нь хаацайлах нөхцөл бололцоо бүрдэх гээд байна. Шинжээч хянан шалгагч томилно гэдэг асуудлаа хардлага сэрдлэггүйгээр явуулах гарцыг хайх ёстой биш үү.

Шинжээч, хянан шалгагчаа хаалттай тодруулдаг, Сангийн яамнаас хэдэн хүн тавьдаг. Сонсгол зохион байгуулах бүрэлдэхүүнд ашиг сонирхол орох юм бишүү. Хараат бусаар ажиллах шинжээч, хянан шалгагчийг оруулж ирье л дээ гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж