Өвчний хяналтын төв ба Нийгмийн эрүүл мэндийн тусламж

Хуучирсан мэдээ: 2023.11.15-нд нийтлэгдсэн

Өвчний хяналтын төв ба Нийгмийн эрүүл мэндийн тусламж

Өвчний хяналтын төв ба Нийгмийн эрүүл мэндийн тусламж

Үйлчилгээний хуулийн төсөлд өгөх зөвлөмж

Хуулийн төслийг хэлэлцэхэд бэлэн болжээ. Бид юуг анхаарах ёстой вэ?-

 Нэгдүгээр хэсэг

КОВИД-19-ийн дараагаар  олон улс орнууд нийгмийн эрүүл мэндийн  хуулиуд ба эрх зүйн орчин нь  дараа дараагийн цар тахал болон бусад  нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээний  бэлэн байдалд   дэмжлэг үзүүлэх чухал үүрэгтэй гэж үзэх болов. Өөрөөр хэлбэл, нийгмийн эрүүл мэндийн талаарх ойлголт, хандлага цар тахлын дараагаар тодорхой хэмжээнд  өөрчлөгдсөн гэсэн үг. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан,  бүр цар тахлын өмнө  алсын хараатай төлөвлөсөн нэг чухал ажил бол нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэн хууль эрх зүйн орчинг сайжруулах,  өвчний хяналтын төвийг  байгуулах, шинэ болон сэргэн тархаж байгаа халдвараас сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зэрэг заалтууд билээ.

УИХ-ын намрын чуулганаар дээрх ажлуудын хүрээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийг хэлэлцэн батлахад бэлэн болжээ. Энэ цаг үеийн байдалтай холбогдуулан нийгмийн эрүүл мэндийн дэлхий нийтийн чиг хандлага, өөрчлөлтийн талаар зарим мэдээдэл хуваалцая.

Хөгжсөн орнууд ба хөгжиж буй орнуудын нийгмийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлууд дотор ялгаатай  ба нийтлэг зүйлүүд байгааг ч мөн онцолж байна.

Нийгмийн эрүүл мэнд гэж юу вэ гэдэг тодорхойлолтыг  ч улс орнууд болон олон улсын байгууллагууд өөр өөрөөр  тодорхойлж байгаа ч нийтлэг зүйлүүд цөөнгүй  бөгөөд  нэмэлт шинэ  заалтууд ч ихээр  орж ирсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаан нь өвчнөөс урьдчилан сэргийлж,  наслалтыг уртасгахад чиглэсэн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн төр засаг, хамт олон, иргэн оролцсон зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж тодорхойлсон байдаг.  Тэгвэл судлаачид  эрүүл мэнд нь тухайн хувь хүний  хувийн хариуцлагын  асуудал боловч мөн нийгмээс шалтгаалах  хүчин зүйлүүд нь ч чухал нөлөөтэй болон хувирч байна гэдгийг онцолж байна.

Мөн ирээдүйн нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухааны гол тулгуур болсон:

  • урьдчилан сэргийлэлт – prevention,
  • эрүүл мэндийг дэмжих – health promotion,
  • эрүүл мэндийг хамгаалах – health protection гэсэн 3 ойлголт дээр
  • иргэн ба хамт олны оролцоо буюу participation,
  • тодорхой байх-precision,
  • урьдчилан тооцоолох-prediction гэсэн 3 тулгуур ойлголтыг нэмэх ёстой гэж үзэх болсноор 3P биш 6P тулгууртай болох ёстой гэж үзэж буй тал ч байна.

Энэхүү ойлголт нь цар тахалтай тэмцэхэд улс орнууд өвчлөлийг шинжлэх ухааны нарийвчлалтай тооцоолж, таамаглаж мөн иргэд хамт олон орон нутгийн оролцоотой даван туулсны дараагаар нэмсэн саналууд ажээ. Мөн цар тахлын үед гарсан шинэ технологийн вакцин, генийн судалгааны дэвшлүүд  болон дата технолги дээр гарсан шинэ дэвшлүүд нь нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаан хувьсан өөрчлөгдөж буйн жишээ гэх болжээ.

Зөвхөн нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаан ч биш эрүүл мэндийн шинжлэх ухаанд технологийн дэвшил гарч хиймэл оюун ухаанаас шалтгаалан суурь ойлголт нь өөрчлөгдөж байгаа ба эрүүл мэндийн шинжлэх ухаан нь нотолгоон дээр суурилсан шинжлэх ухаанаас оновчтой буюу precision шинжлэх ухаан болж оношийг маш өндөр нарийвчлалтайгаар эмчийн алдаагүйгээр тавьдаг болсон билээ.

Мөн нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаанд дата технологийн ач холбогдол маш их чухал болж нийгмийн эрүүл мэндийн датан дээр  суурилсан  шинжлэх ухаан болж хувирч байна.

Зураг 1. АНУ CDC байгууллагын 2023 оны 10 сард Ковид шалтгаант эмнэлэгт хэвтэлтийн талаарх тооцоолол хийж буй байдал  https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/science/forecasting/hospitalizations-forecasts.html

Мөн нийгмийн эрүүл мэнд нь тухайн улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой болж эхэлсэн тул Их Британи улсын Английн нийгмийн эрүүл мэндийн байгууллагыг цар тахлын үед буюу 2021 оны тавдугаар сард татан буулгаж хоёр байгууллага болгон хувиргасан байна. Ингэснээр Эрүүл мэндийг сайжруулах ба тэгш байдлыг хангах байгууллага (The Office for Health Improvement and Disparities (OHID) ба Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг (Health Security Agency) байгуулсан нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. Дээрх байгууллага нь  Английг хариуцдаг байсан бол Шотланд, Уэльс ба Умард Ирландыг бүхэлд нь хариуцаж эрүүл мэндийн аюулгүй байдлыг стратегийн түвшинд хангах байгууллага болжээ.

Эрүүл мэндийг сайжруулах ба Тэгш байдлыг хангах байгууллага (The Office for Health Improvement and Disparities (OHID) нь засгийн газрын байгууллагууд, орон нутгийн удирдлага, эрүүл мэндийн бусад байгууллага болон хувийн салбартай хамтран ажиллаж эрүүл мэндийг сайжруулах түүн дотроо эрүүл мэндийн үзүүлэлт нь муу байгаа орон, иргэд нутаг хамт олонд чиглэн онцгой анхааран ажиллах, үүний тулд эксперт зөвлөгөө, анализ хийх, нотолгоо гарган түүн дээрээ бодлого боловсуулан хэрэгжүүлж эрүүл мэндийн сайжруулан тэгш байдлыг хангах үүрэг хүлээжээ.

Гол анхаарах зорилтоо эрүүл мэндийн үзүүлэлт муу байгаа тэр бүлэгт тэр  орон нутагт анхаарах, өвчлөлд хүргэж буй эрсдлүүдийг бууруулах, урьдчилан сэргийлэх боломжтой нас баралт болох  архи, тамхи, таргалалт ба мансууруулах бодисны шалтгаант нас баралтыг бууруулах, эрүүл мэндийн байгууллага болон орон нутгийн удирдлагатай нь хамтран ажиллаж  иргэдийн эрүүл мэндэд эрсдэл үүсгэж буй хүчин зүйлийг яаралтай тодорхойлох мөн эрт илрүүлэгийг дэмжих, мөн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй ажлын байр, орчны эрүүл мэнд, нэн ялангуяа агаар, ус, хөрсний  бохирдол гэх мэт чиглэлд орон нутаг ба хувийн салбартай хамтран ажиллах,  технологи, дата ашиглан бодлого боловсруулан гаргаж олон талт хэлбэрээр хамтран хэрэгжүүлэн нийгмийн эрүүл мэндийг сайжруулах үүрэг хүлээжээ. Нийгмийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг мөн энэ байгууллага хариуцах болжээ.

Мөн сэтгэцийн эрүүл мэнд дээр анхаарах үүргийг эдний байгууллагын чухал зорилт болгон тавьж өгсөн байна. Түүнчлэн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг хөгжүүлэх, бодлого боловсруулан хэрэгжүүлэх, иргэд эрүүл мэндийн ойлголттой, урьдчилан сэргийлж чаддаг болоход дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээжээ.

Энэхүү байгууллагын энэ чиглэлд хийж буй олон ажлын нэг нь орон нутгуудад хүүхдийн таргалалт, архидалтын судалгаа, архины эмчилгээний үр дүнгийн судалгаа гэх мэт судалгаануудыг хийж, нийтлэх ба орон нутгуудыг жагсаан цахимаар нийтэлдэг байна. Энэ байгууллагын Нийгмийн эрүүл мэндийн цахим самбар (дашбоард) нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг ба энэ цахим дашбоардыг шийдвэр гаргагч нар болон иргэд судлаачид ашигладаг байна.

(https://healthierlives.phe.org.uk/topic/public-health-dashboard/area-details#are/E10000024/par/cat-113-7/sim/cat-113-7 )

Нийгмийн эрүүл мэнд бол outcome буюу гарч байгаа үр нөлөөгөөр илэрхийлэгддэг шинжлэх ухаан тул таргалалт, архидалт, амиа хорлолт, зам тээврийн осол хэрхэн буурч эсвэл нэмэгдэж байгааг энэхүү дашбоардаар үзүүлэн хэмжиж орон нутгаа жагсаадаг ба дата төвийг нь засгийн газраас нь чухалчлан  байгуулан өгчээ.

Зураг 2 . Английн Нийгмийн Эрүүл мэндийн байгууллага нь Хүүхдийн таргалалт ба орон нутаг дахь архины эмчилгээний үзүүлэлтийг харьцуулан дашбоард дээр мэдээлж буй байдал https://healthierlives.phe.org.uk/topic/public-health-dashboard/area-details#are/E10000024/par/cat-113-7/sim/cat-113-7

Цар тахлын үед Их Британид байгуулсан нөгөө нэг байгууллага болох Эрүүл Мэндийн Аюулгүй байдлын агентлаг (Health Security Agency) нь цар тахлын ид үед буюу 2021 оны тавдугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба эрүүл мэндийн аюулгүй байдлыг стратегийн түвшинд хангах зорилгоор байгуулагдсан ба эрх зүйн хувьд Эрүүл Мэндийн Яамныхаа харьяа боловч статусыг нь яамны түвшний статустайгаар байгуулжээ. Мөн ТУЗ буюу удирдлагын бүрэлдхүүнийг хараат бус Нийгмийн эрүүл мэндийн томоохон судлаач эрдэмтэдээр бүрдүүлэн байгуулж өгсөн байна.

Энэхүү байгууллагыг байхуулахын өмнө АНУ-н McKinsey зөвлөх фирмээс зөвлөгөө авсан ба тус байгууллага нь тус улс нийгмийн эрүүл мэндийн  аюулгүй байдлыг  хангахын тулд дата, шинэ технологи инновац дээр суурилсан, шуурхай ажилладаг ийм байгууллага байгуулах шаардлагатай гэсэн зөвлөгөөг өгснийг хүлээн авчээ.

Өөрөөр хэлбэл, Нийгмийн эрүүл мэндийг дэмжих байгууллага ба Нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах байгууллагыг тусад нь байгуулсан байна.

Нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах байгууллага нь тус улсын иргэдийг халдварт өвчин ба химийн бодис, цацраг идэвхт бодис ба байгаль орчны аюулаас хамгаалах мөн салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулах зорилготой ажээ. Тухайлбал шинэ болон шинээр сэргэж буй халдварт өвчин, дэлхийн дулаарлаас шалтгаалсан эрүүл мэндийн асуудал, антбиотикийн тэсвэржилт зэрэгтэй тэмцэх ба энэ тэмцлийг хийхийн тулд үндэсний хэмжээнд болон олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэхүү зорилтод хүрэхдээ шинжлэх ухааны судалгаа шинжилгээн дээр үндэслэн хүрнэ гэж тодорхойлжээ.

Стратегийн зорилтын хувьд :

  • нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд бэлтгэх
  • эрүүл мэндэд аюул учруулах ноцтой байдлын үед хариу арга хэмжээ авч амь насыг аварч хохирлыг бууруулах
  • Их Британийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах чадавхийг нэмэгдүүлэх гэж тодорхойлжээ.
  • Энэхүү зорилтдоо хүрэхийн тулд шинжлэх ухааны судалгааг эрчимтэй хийж
    • цаашид гарах эрүүл мэндийн аюулыг таамаглах
    • эрүүл орчинг бий болгох
    • эрүүл мэндийн аюул үүсгэж буй хүчин зүйлийг бууруулах, устгах
    • шинжлэх ухааны үндэстэй үйл ажиллагаа явуулах
    • нөөц бололцоогоо бүрэн ашиглах гэжээ.

Британийн Health Security Agency буюу Эрүүл Мэндийн Аюулгүй байдал хариуцсан агентлагийн дэлхий нийтэд зарласан хамгийн чухал ажлын нэг бол дараагийн цар тахлыг үүсгэх эрсдэлтэй патоген буюу үүсгэгчдийг судалж эхэлсэн ба энэ хүрээнд дараагийн цар тахлын вирусийн эсрэг вакциныг 100 хоногийн дотор үйлдвэрлэж иргэдэд хүргэж чадах дэд бүтцийг бий болгосноо зарласан билээ.

Их Британи улс ДЭМБ-тэй хамтран дараагийн цар тахал үүсгэх эрсдэлтэй вирусууд дээр судалгааг хийж эхэлсэн ба вакциныг нь 100 хоног дотор үйлдвэрлэх дэд бүтэц бий болгожээ

Мөн хувийн салбар ба академик байгууллагуудтай хамтран нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын судалгааны төвүүдийг их дээд сургуулиуд дээр байгуулах болжээ.

КОВИД-19 цар тахлын үед вакциныг амжилттай үйлдвэрлэсэн Astra Zeneca компани Кэмбрижэд байгуулж буй өндөр өртөг бүхий Discovery Center гэх биотехнологийн төв буюу эм үйлдвэрлэх түүн дотроо цар тахлын үед шаардлагатай эмүүдийг үйлдвэрлэх төвийг байгуулахад Британийн засгийн газар болон энэхүү агентлаг дэмжлэг үзүүлжээ. https://www.astrazeneca.com/our-company/our-locations/cambridge.html

Астра Зенека компанийн Кэмбрижэд баригдаж буй Биотехнологийн инновацийн Discovery Center төвийн барилга

Цар тахлын дараа Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг Үндэсний аюулгүй байдалтайгаа холбон үзэж өөрчлөлт хийж буй бас нэг улс бол Япон улс бөгөөд тус улс АНУ-ын жишгээр Өвчний Хяналтын төвийг байгуулах шийдвэр гаргаж эрх зүйн орчинг бүрдүүлэн, барилгын ажлаа эхэлсэн ба мэргэжилтнүүдээ АНУ-д сургаж байна.

Тэгвэл энэ асуудалд эртнээс анхааран үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлсэн оронд АНУ, БНСУ, Тайвань зэрэг улс орох ба эдгээр улсын талаарх болон  Дэлхийн Эрүүл Мэндийн Аюулгүй байдлын санаачилга буюу Global Health Security Agenda талаарх  дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн хэсгээс уншина уу.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУУЛИЙН ТӨСӨЛД ЯМАР ЗААЛТУУДЫГ ОРУУЛАХАД БИД АНХААРВАЛ ЗОХИХ ВЭ?

Нийгмийн эрүүл мэндийн хуулийн төсөлд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах уламжлалт урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих заалтуудаас гадна дараах заалтуудыг оруулах зөвлөмжийг  Дэлхийн Эрүүл Мэндийн Аюулгүй байдлын санаачилга буюу Global Health Security Agenda байгууллага хууль тогтоогч нарт зөвлөмж болгож байна.  КОВИД-19-ийн үед олон улс оронд дараах нийтлэг асуудлууд тулгарчээ.

Үүнд:

  • Нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх
  • Салбар ба агентлаг хоорондын үйл ажиллагааг уялдуулах
  • Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн тусламж үйлчилгээний стандарт
  • Тусгаарлалт ба хөл хорионы зохицуулалт
  • Эмнэлгийн хэрэгслийн инновац, судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлт, худалдан авалт
  • Хилийн нэвтрэх цэгүүд дээрх арга хэмжээ
  • Эм, вакцин, хамгаалах хэрэгсэл, оношлуур, тоног төхөөрөмж, эмнэлгийн орны хүртээмж тэгш хүртээмжтэй байх
  • Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн Эм эмнэлгийн хэрэгслийн бүртгэл ба хэрэглээг зохицуулах, экспорт ба импортын зохицуулалт
  • Эм эмнэлгийн хэрэгсэл, вакцины хэрэглээний дараагаар үүсэх эрх зүйн хариуцлага, вакцинтай холбоотой нөхөн олговор
  • Хүний эрх ба хүний чөлөөтэй зорчих эрхийн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед тэнцвэржүүлэх нь
  • Тандалтыг эрчимжүүлэх, мэдээлэх, биологийн сорьцыг улс орнууд хоорондоо хуваалцан судалгаа хийж шаардлагтай эм вакциныг гаргаж авах
  • Вакцинжуулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх

Дээрх байгууллага нийгмийн эрүүл мэндийн эрх зүйн орчны бэлэн байдал гэсэн ойлголтыг гаргаж ирсэн бөгөөд ингэснээр нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхэд эрх зүйн зохицуулалтыг хийх чадамжтай, хуулийн цоорхойг нөхсөн, функциональ байх ёстой гэж үзэж байна. Ингэснээрээ нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхэд яаран сандран түүхий эрх зүйн зохицуулалт хийхгүй байх, өөрөөр хэлбэл нэг удаагийн шинэ хууль гаргахгүйгээр, бэлэн туршигдсан хэрэгжих боломжтой хуультай байх, нөөцөө нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээнд зарцуулах, урьдчилан сэргийлэлт, эрсдлийн мэдээлэл харилцаа, шаардлагатай судалгаа шинжилгээг эрчимжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа бөгөөд ингэснээр дараах үр дүнгүүд гарна гэжээ.

  • Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед урьдчилан сэргийлэлтийг илүү үр дүнтэй хийх
  • Нийгмийн эрүүл мэндийн салбарын чадавхийг бэхжүүлэх
  • Нийгмийн эрүүл мэндийн тогтвортой санхүүжилт бий болсноор тандалт, урьдчилан сэргийлэлт, мөн хариу арга хэмжээний дэд бүтцүүд бэхэжсэн байна.

Үүний тулд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулиуд дараах асуудлуудад зохицуулалт хийх шаардлагатай ажээ. Энэхүү зөвлөгөөг АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв (CDC) дээрх Нийгмийн Эрүүл мэндийн хуулийн эрх зүйн орчинг судалдаг баг гаргажээ. Тэд дараах чиглэлээр ажилладаг байна.

  • Нийгмийн эрүүл мэндийн хуулийн гол чухал зорилтыг тодорхойлох
  • Нийгмийн эрүүл мэндийн хуулиас гадна нийгмийг эрүүл мэндэд нөлөөлдөг бусад хуулийг судлах
  • Нийгмийн эрүүл мэндийн хуулийн бэлэн байдал
  • Улс орнуудын нийгмийн эрүүл мэндийн хуулийг судлах
  • Зөвлөмж гарын авлага боловсруулах
  • Нийгмийн эрүүл мэндийн хуулийн төсөл гаргах хүртээл болгох (https://www.cdc.gov/phlp/externship.html)

Энэхүү байгууллагын өгч буй зөвлөгөөнд:

  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль ба Олон улсын эрүүл мэндийн дүрэм ба салбар хоорондын үйл ажиллагаа
  • Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу бэлэн байдал ба хариу арга хэмжээ
  • Үндэсний хэмжээний Онцгой байдал зарлах эрх зүйн орчин
  • Үндэсний хэмжээний Онцгой байдлыг удирдах Шуурхай удирлагын төвийн эрх зүйн орчин
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль нь Нийгмийн эрүүл мэндийн Шуурхай удирдлагын төвийг байгуулан ажиллахыг дэмжих эрх зүйн орчинг бий болгох өөрөөр хэлбэл Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх
  • Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг хэн зарлах, цуцлахыг тодорхой болгох
  • Нийгмийн эрүүл мэндийн Шуурхай удирдлагын төвийг байгуулж тогтмол/ түр ажиллуулах
  • Нийгмийн эрүүл мэндийн Шуурхай удирдлагы төвийн үүргийг хуульчлах
  • Нийгмийн эрүүл мэндийн Шуурхай удирдлагын төвийн хариуцлага ба тавигдах шаардлагыг хуульчлах
  • Тус төвийг санхүүжүүлэх эрх зүйн орчинг тодорхой болгох

Зураг 4. АНУ Нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ, шуурхай удирдлагын төвүүд ба салбар хоорондын уялдааг харуулсан зураглал

Мөн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуульд дараах агуулгыг оруулахыг зөвлөмж болгодог байна.

  1. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль ба Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний тогтвортой санхүүжилтийг
  • Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын санхүүжилтийн механизм
  1. Санхүүжилтээ ноцтой байдал үүссэн үед уян хатан зарцуулах эрх зүйг бий болгох
  2. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг зохицуулах нь шаардлага үүсдэг.
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг зохицуулах бүтэц зохион байгуулалт
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн мэдээллийг цуглуулах
  • Эм, эмнэлгийн хэрэгслийг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бүртгэх нь
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн дэд бүтцийг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед зохицуулах нь
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлт, худалдан авалт ба дайчлан ашиглахыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед зохицуулах нь
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бүрдүүлэх, худалдан авах эрх зүйн орчин
  • Эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох болон экспортлох асуудлыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед зохицуулах нь- Import and Export of Medical Countermeasures
  • нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед дархлаажуулалттай холбоотой зохицуулалт-Immunization specific Considerations
  • Санхүүгийн үүрэгтэй холбоотой заалт
  1. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулиар Нийгмийн эрүүл мэндийн тандалтыг real time хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх ёстой
  • Тандалт хийх байгууллагыг тодорхой болгох
  1. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулиар Үндэсний лабораторийн сүлжээг зохицуулах
  • Үндэсний лабораторийн сүлжээг бий болгох
  1. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулиар лабораторийн био аюулгүй байдлын асуудлыг зохицуулах нь
  • Лабораторийн био аюулгүй байдлын асуудлыг хариуцах байгууллага
  • Био бэлдмэл ба хорны био аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ
  • Лабораторийн болон бусад орчинд био бэлдмэл ба хортой харьцах шаардлага дүрэм журам
  • Ажиллах хүний нөөцөд тавигдах боловсролын ба сургалтын шаардлага
  • Био идэвхт бодис болон хорны хадгалалт, тээвэрлэлт ба устгалын зохицуулалт
  • Үй олноор устгах зэвсгийг үйлдвэрлэхийг хориглох зохицуулалт
  1. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулиар Зоонозын өвчний хяналтыг Нэг эрүүл мэнд зарчмаар бүрдүүлэх
  • Мал эмнэлгийн байгууллагын эрх зүйн орчинг бүрдүүлэх нь
  • Тандалт
  • Мэдээлэх тогтолцоо
  • Хариу арга хэмжээ
  • Хилээр малыг хөлөөр нь гаргах зохицуулалт
  • Бүртгэлжүүлэх, ээмэгжүүлэх
  • Малын гаралтай бүээгдэхүүний малын эрүүл мэндийн зохицуулалт
  • Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэд зоонозын хяналт ба зохицуулалт

 

АНУ Ерөнхийлөгчийн хариу арга хэмжээний төлөвлөгөөнд Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын асуудлыг тусгасан байдал.

Мөн  манай улсын одоо хүчингүй болсон “КОВИД-19”-ийн хуулиар зохицуулж байсан хуулийн заалтуудаа энэ хуулиндаа оруулж өгөх тэр үед мөн дутагдаж байсан заалтуудаа нөхөн оруулах шаардлага зайлшгүй үүсэж байна. Манай улсын Гамшгийн хуулийг харахад Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг зохицуулах чадамжгүй харагдаж байгаа бөгөөд Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг эрүүл мэндийн салбар нь манлайлан бусад салбар нь хамтран тусалдаг нь олон улсын жишиг ба энэ асуудлыг  тусад нь хуулиар зохицуулдаг жишиг улс орнуудад байна. Манай улсад ч ийм шаардлага үүсээд байгааг хууль санаачлагч нар анхааран хуулийн төсөлд оруулсныг сайшааж байна.

ДЭМБ БА “ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДҮРЭМ

 \Улс орнууд нийгмийн эрүүл мэндийн  хуулиараа мөн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажиллах салбарын болон салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулдаг ба Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн нөхцөлд “Олон улсын эрүүл мэндийн дүрэм”-ийг чиглэл болгож ажиллаж  Олон улсын эрүүл мэндийн дүрэм болон түүнийг дагаж гарсан шийдвэр бодлогын баримт бичгийг дагаж мөрддөг.

ОУЭМД-д халдварт өвчин болон НЭМ-ийн ноцтой байдал, цацраг, химийн хордлого, хүнсний аюулгүй байдал зэрэг хүний эрүүл мэндэд нөлөөлж болох бүх зүйлс багтсан байдаг. Энэхүү дүрэм нь ДЭМБ-ын гишүүн 194 орон болон гишүүн биш 2 орныг оруулан 196 оронд батламжлагдан хуулийн статустайгаар хэрэгжиж байна. ОУЭМД-д ДЭМБ-ын гишүүн орнуудыг нийгмийн эрүүл мэндийн чадавхаа сайжруулах, лабораториа бэхжүүлэх гэх мэт үүргийг энэ дүрмийг зөвшөөрч баталсан орнууд хүлээдэг ба энэ дүрэм зөвхөн процессыг заасан байдаг ба эрх зүйн орчноо бүрдүүлэх үүрэг нь тухайн улсад нь оногддог.

Энэ оны есдүгээр сард Монгол Улс Олон улсын эрүүл мэндийн дүрмийн  биелэлт дээр өөрийн үнэлгээг энэхүү дүрмийн шалгуурын дагуу есдүгээр сараас хийж байгаа ба ба энэхүү хөндлөнгийн үнэлгээний нэг чухал шалгуур нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг зохицуулах эрх зүйн орчин хэр бүрдсэн байгааг үнэлдэг.  Энэхүү үнэлгээний дүнгээр ямар эрх зүйн орчин дутуу байгаа нь маш тодорхой гарах ба нийгмийн эрүүл мэндийн хуулийн төслийг хэлэлцэн батлахад хууль тогтоогч нарт өндөр ач холбогдолтой үнэлгээ болж байгаа бөгөөд үнэлгээний дүн энэ сарын сүүлээр гарах юм.

ДЭМБ-ын зүгээс өөрийн Үндсэн хуулийн 19 заалтын дагуу 2024 онд цар тахлын бэлэн байдлыг хангах олон улсын конвенц буюу Pandemic Convention -ийг гишүүн орнуудын хүрээнд батлах ба төслийг гишүүн орнуудаараа мөн хэлэлцүүлж байна.

Энэхүү конвенц нь Олон Улсын эрүүл мэндийн дүрмийг орлохгүй ба түүнийг илүү функциональ болгох,  нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед дэлхий дахины хамтын ажиллагааг ДЭМБ нэгдсэн удирлагын дор хэрэгжүүлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, салбар хооронды хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нэгдсэн орнуудын засгийн газар  цар тахлын эсрэг урт хугацааны зорилт тавин ажиллах улс төрий манлайллыг бий болгох юм.

Тамхины конвенцын дараагаар ДЭМБ-ын гишүүн орнууд батлах хоёр дахь конвенц болох юм. Цар тахлын өмнө улс орнуудын нийгмийн эрүүл мэндийн хуулиуд нь   хэрэгжилт сайтай, иргэдийн дэмжлэгийг авсан хууль байх нь чухал гэсэн шалгуур тавигддаг байсан бол цар тахлын дараа нийгмийн эрүүл мэндийн хуулиуд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, тэгш хүртээмжтэй байдлыг дэмжих хууль болж чадаж байна уу гэсэн асуудлыг  ч мөн тавих болжээ. Өөрөөр хэлбэл тогтвортой хөгжлийн зорилтууд дахь эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй зоритлуудыг хангаж байгаа эсэх талаас нь мөн хардаг байна. Түүнчлэн нийгмийн эрүүл мэндийн хуулиуд нь   хүний эрхийг дээдэлсэн, оролцоог хангасан байх шаардлага улам хүчтэй тавигдах болжээ.

Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан үндэсний зохицуулагч байгууллагаа хуулиараа тодорхойлж өгдөг байна. Манай улсад ХӨСҮТ нь үндэсний зохицуулагч байгууллага ба гол үүрэг бол олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх, өвчний дэгдэлт, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед салбар хоорондын уялдааг хангах, хариу арга хэмжээг зохион байгуулах, халдварт өвчний дэгдэлт, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед салбар хоорондын байгууллагыг мэдээллээр хангах, халдварт өвчний дэгдэлт, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг удирдан, чиглүүлэх, зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах, олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 24 цагийн дотор мэдээлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах, олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу мэдээлэл хүлээн авах,  бусад улс оронд бүртгэгдэж байгаа халдварт өвчний мэдээллийг тогтмол хүлээн авч, холбогдох байгууллагуудад хүргэх үүргийг хүлээдэг.

Нийтлэлч О.БАТБАЯР /УОК дэргэдэх Эрдэмтдийн багийн нарийн бичгийн дарга/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж