Одоогоос хоёр хоногийн өмнө нэг цэрэг 326 дугаар ангид унтаад сэрээгүй гэх харамсалтай хэрэг гарсан. Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хийж байгаа бөгөөд одоогоор шалгалтын ажил дуусаагүй байгаа юм. Харин хохирогчийн ар гэрийнхний зүгээс камерын бичлэгтэй танилцах хүсэлт гаргасан. Улмаар өнөөдөр бичлэгтэй танилцах байсан ч хойшлуулсан байна.
Хохирогчийн аав У.ГАНБАТ:
-Бид камерын бичлэг, задлангийн хариу хоёрт л найдаж байна. Нийт 20 гаруй хоногийн камерын дүрс бичлэгийг үзэхэд 1-2 хоног шаардлагатай. Тиймээс одоогийн нөхцөл байдалд үзэхээс миний бие татгалзлаа. Хүүгийнхээ ажил явдлыг дууссаны дараа бичлэгийг үзнэ. Гэхдээ бичлэгийг хүүгээ цэрэгт очсон өдрөөс эхлээд бүтнээр нь үзнэ.
Би маш гомдолтой байна. Ажил явдлын дараа чадах чинээгээрээ явна.
Хүүг минь ханиадтай байсан зэрэг мэдээлэл цахим хуудсуудаар гарч байна гэсэн. Гэхдээ миний хүү эрүүл саруул цэрэгт татагдсан. Би хүүгийнхээ амийг л нэхнэ. Хүү минь толгой сайтай ухаантай хүү байсан. Мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа учир намайг хэргийн материалтай танилцуулаагүй. Надад ч зав байхгүй. Коридорын бичлэгийг үзэхгүй гэдгээ мөн би мэдэгдсэн. Би өнөөдөр ямар нэгэн бичиг баримтад гарын үсэг зураагүй. Бичлэг үзэхээр бол нууцад хамаарах бичигт гарын үсэг зур гэсэн. Ямар бичлэг дүрс байгааг мэдэхгүй.
Хүүгийн минь нуруунд улайлт байсан. Би цогцостой танилцахдаа нүд амийг нь л харсан. Тухайн үед ямар ч сэхээ байгаагүй.
Хохирогчийн хууль ёсны өмгөөлөгч:
-Өнөөдөр албан ёсоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний аав Ухнаагийн Ганбатыг томилсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эхний мэдүүлгийг өглөө. Цагдаагийн байгууллагаас камерын бичлэгт үзлэг хийх боломжоор хангасан. У.Ганбат гуайн хувьд олон цаг шаардах учир бичлэг үзэхээс татгалзлаа. Шүүх рүү шилжихээс өмнө бид хавтаст хэрэгтэй нь бүрэн танилцана.
Хэргийн газрын үзлэг, холбогдох баримтууд ч гэсэн бүгд авагдсан. Өмгөөлөгчийн зүгээс нийт есөн хүсэлт гаргасан. Хавтаст хэрэгт нэн шаардлагатай ажиллагаануудыг хийх талаар хүсэлтэд тусгасан.
Ор, хөнжил, өмсч байсан хувцас, хумс зэргээс шинжилгээ авахтай холбоотой мөн гутал, хувцсыг хэрхэн эвхэж тавьсантай холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд чухал ач холбогдолтой хүсэлтүүдийг өгсөн. Мөн нотлох баримтуудыг сайтар хадгалах хүрээнд хүсэлтүүдээ тавиад гарч ирлээ. Бид одоо хэргийн оролцогч болсон учир Эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл бий болсон. Тиймээс зөвшөөрөгдсөн мэдээллийг л өгөх боломжтой.