Замын халтиргааг арилгахын тулд давс биш хужир цацсан гэх гомдол өнгөрсөн жил дагуулсан. Харин энэ жил тус ажлыг хариуцсан газрууд нь хариуцлага алдахгүйн тулд бэлтгэлээ эртлэн базааж байна. Тодруулбал, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны газрууд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цас хайлуулах байгалийн давс худалдаж сонгон шалгаруулалтыг өнгөрсөн есдүгээр сард зарлаад байсан.
Өнөөдөр мөн Сүхбаатар дүүргээс халтиргаа гулгаа арилгах бодис авах 100 сая төгрөгийн тендер зарлажээ.
Давс, бодисыг нийлүүлэлтэд хэрхэн хяналт тавьдаг талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мэргэжилтний өгсөн мэдээллээр, нийт 15 байгууллага, ТҮК болон хувийн компаниуд гэрээгээр ажил үйлчилгээ эрхэлж байна. Тухайн нийлүүлэгч байгууллага өөрсдөө худалдан авалтуудаа хийж байгаа. Орон нутгийн болон төрийн өмчит болон дүүрэг, хот тохижилтын газрууд бол тухайн тендерийн хуулийн дагуу худалдан авалт хийдэг.
Нийлүүлэгч байгууллагуудын авчирсан давсыг холбогдох лабораторийн шинжилгээ болон холбогдох гэрээнд заасан заалтын дагуу хүлээн авдаг. Ирсэн давсыг шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн лабораторид шинжлүүлээд үзүүлэлтүүдийг нь тодорхойлон гаргадаг.
Мэргэжлийн лабораториудын дүгнэлт болон үзүүлэлтүүдийг дүгнэн ажиллаж байгаа. Худалдан авах ажиллагаа зарлаад тухайн тендерт шалгарсан байгууллага шаардлага хангасан давс, бодисыг нийлүүлэх үүрэгтэй. Хэрэв давс биш хужир байвал хүлээж авахгүй. Төрийн худалдан авалтад хужир болон өөр зүйл авах асуудал байж болохгүй. Холбогдох чанарыг шаардлага хангасан давсыг хүлээн авна. Тодорхой хүлээн авах холбогдох байгууллагууд нь хариуцлага тооцно. Давс биш өөр зүйл худалдан авсан бол холбогдох чанарын шаардлага хангасан давсыг нийлүүлэх. Мөн хууль журмын дагуу хариуцлага хүлээлгэж улсыг хохиролгүй болгуулах зэрэг зохицуулалттай гэдгийг онцолсон юм.
Холбоотой мэдээ