"Зууны хамгийн том луйвар явж байгаа газар бол төмөр зам"

Хуучирсан мэдээ: 2023.11.15-нд нийтлэгдсэн

"Зууны хамгийн том луйвар явж байгаа газар бол төмөр зам"

"Зууны хамгийн том луйвар явж байгаа газар бол төмөр зам"

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2023.11.15) болж, Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонслоо. Тайланг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийг түр орлон гүйцэтгэгч, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулсан юм.

Тайланд дурдсанаар, төрийн захиргааны байгууллагууд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгох ажлыг хэлбэр төдий зохион байгуулсан, ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлаагүй. Оффтэйк гэрээг дотоодын зах зээлийн нэгж хооронд байгуулсан ч гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийн заалтууд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцээгүй, харилцан ашигтай байхаар тохиролцоогүй. Гэрээнд илчит тэрэг нийлүүлэх хугацаа, бүтээн байгуулалтын зураг төсөл худалдан авах зэрэг ажлууд дээр алданги тооцох боломжгүйгээр байгуулсан зэрэг олон алдаа гарсан. Мөн Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төвийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах гүйцэтгэгчийг хэрхэн сонгосон нь тодорхойгүй, боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэлийг хуульд заасны дагуу баталгаажуулаагүй. Тавантолгой-Гашуунсухайт өртөөдийн ажилтан албан хаагчдын амьдрах суурьшлын бүс байгуулах 45.0 сая ам.долларыг Гашуун сухайт өртөөний шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтад зарцуулснаар орон сууц барих хөрөнгийн эх үүсвэргүй болсон.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбох ажлыг байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийгээгүй гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн.

Түүнчлэн, Гашуунсухайтын шилжүүлэн ачих терминалын техник, эдийн засгийн үндэслэлд хийсэн магадлалын нэгдсэн дүгнэлтийг төмөр замын байгууламжийн зураг төслийн эксперт дангаараа баталгаажуулсан, гүйцэтгэлийн баталгааг талууд хоорондоо өөрсдөө баталгаажуулж их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид баталгаагүйгээр олгосон байна. Тодруулбал, ажил дууссан тухай мэдэгдэл гарснаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна гэж заасан энэ баталгааг 2019 оны аравдугаар сарын 17-ны өдөр “Бодь интернэйшнл” ХХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар гаргаж, тэр өдрөө баталгаажуулжээ. Өнөөдрийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл худалдан авах болон барилгын ажлын захиалагчийн хянасан гүйцэтгэл 787.1 сая ам.доллар буюу 78.3 хувь, санхүүжилтийн гүйцэтгэл 785.3 сая ам.доллар буюу 78.1 хувьтай байна гэж аудитор танилцуулгадаа дурдсан юм.

Хил орчмын төмөр замын зурвас газрын эзэмшлийг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай байгааг мөнхүү аудитын байгууллага дүгнэлтдээ дурджээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт хийгдэх талбайн 471 га нь улсын хилийн зурвас, 495 га нь улсын тусгай хамгаалалтын Говийн Бага дархан цаазтай газарт, мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын 107 ордыг ашиглахаар төлөвлөсний нэг нь Говийн Бага дархан цаазтай газарт хамаарч байхад холбогдох байгууллагаар шийдвэр гаргуулалгүй үйл ажиллагаа явуулсан байна. Мөн Гашуунсухайт өртөөний зүтгүүр эргэх тойрог, шилжүүлэн ачих терминал зэрэг байгууламж тусгай хамгаалалттай газарт баригджээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтын цэгийг урьдчилан тохиролцоогүйгээс төмөр замаар хил дамжуулан тээвэрлэлт хийх боломжгүй болжээ.

Бүтээн байгуулалтын ажлыг дотоодын хөрөнгө оруулалтаар амжилттай хэрэгжүүлсэн ч зарим үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт дутмаг, нууцлалын зэрэглэлд хамаарч байсан гэх шалтгаанаар холбогдох хууль зөрчсөн, үргүй зардал гаргасан, зориулалт бусаар зарцуулсан зөрчил илэрсэн нь залилангийн эрсдэл өндөр байх магадлалтай байна гэж аудитын тайланд дүгнэжээ.

Түүнчлэн, төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд бүрэн дуусаагүй, төлөвлөгдөөгүй нэмэлт ажлаас санхүүжилтийн хэрэгцээ нэмэгдэж, суурь бүтэц эзэмшигч “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ууд төлөвлөсөн орлогоо олох боломжгүй болж, их хэмжээний өр төлбөр, дамжуулан зээлийн эргэн төлөлт хойшлогджээ.

Хөрөнгө оруулагч “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудын бүтээн байгуулалтын ажлыг 100 хувь санхүүжүүлж, “Тавантолгой төмөр зам”, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ууд дахь хувь эзэмшлээсээ илүү хөрөнгө оруулсан байна. “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг татан буулгаж “Монголын төмөр зам” ТӨХК-д нэгтгэснээр жил бүр нэмэгдсээр ирсэн хөрөнгө оруулалтад үнэлгээ хийгээгүй, үр ашиг хүртэх боломжгүй болсны зэрэгцээ цаашид хэрхэх талаар шийдвэрт хүрээгүй байна.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдах албан тушаалнууд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, гурав дахь этгээдийн баталгаагүйгээр их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид олгосон хэмээн Үндсэний аудитын газрын тайланд мөн дүгнэжээ.

Ажил гүйцэтгэх болон санхүүжүүлэх гэрээг тусад нь байгуулсан, санхүүжилтийн гэрээнд төлбөрийг нүүрсээр 60 сарын хугацаанд ижил хэмжээгээр барагдуулахаар байсныг өөрчилсөн зэргээс болж ажлын гүйцэтгэлээс 56.6 тэрбум төгрөгийн санхүүжилт илүү олгожээ.

Мөн, Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтцийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр шийдвэрлэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны жилийн эцсийн байдлаар олгосон 8.1 сая тонн нүүрсийг өрсөлдөөний журмаар борлуулах биш хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосноос ойролцоогоор 57.4 сая ам.долларын орлого олох боломжийг алдсан гэж аудитын дүгнэлтэд тодотгосон байв.

УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ:

-Зууны хамгийн том хулгай явж байгаа газар бол төмөр зам гэж яригдсан. Хулгай зэлгийний эсрэг тэмцээрэй гэж ард түмэн биднийг шаардсан. Томоохон төмөр замууд дээр аудитын оруулж ирж байгаа дүгнэлтийн эхний хуудсыг сөхөөд харахад Тавантолгойт-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бүтээн байгуулалтыг 950.7 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан бол 3 их наяд 653.7 тэрбум төгрөг буюу 3.8 дахин их дахин хөрөнгөөр хэрэгжүүлсэн ч хил холболтын төмөр замын ажил эхлэлийн шатанд явагдаж байгаагаас одоогоор хил дамжуулан тээвэрлэлт хийх боломжгүй төмөр зам болсон.

Зэвсэгт хүчний анги нэгтгэлийг төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцуулах эрх зүйн зохицуулалт дутмаг.  Зарим зохицуулагдаагүй харилцаанд үйл ажиллагаа явуулснаас хууль зөрчиж,  тодорхойгүй байдал үүсгэсэн байна гэж аудитын дүгнэлтээр тэр чигтээ хууль зөрчсөн асуудал яригдаж байна.

Энэ аудитын дүгнэлтийг дагуулаад Байнгын хороо зөвхөн сонсоод өнгөрч болохгүй. Энэ аудитын дүгнэлтийг дагаад УИХ-аас ямар ажил хийх юм бэ гэдэг тогтоолын төсөл заавал оруулж ирэх ёстой. Эрх мэдлээ хэтрүүлсэн албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах үүргийг Засгийн газарт УИХ-аас чиглэл болгох ёстой.  Мөн тодорхой хугацаа өгөөд тэдний дотор байнгын хороонд танилцуул гэдгийг чиглэл болгох ёстой.  Хяналтын онсгол явуулах уу энэ тухай мөн ярьж нэг чигт нь гаргамаар байна. Байнгын хорооны хурал дээр аудитын энэ аймшигтай хулгай луйврыг чимээгүй  сонсоод өнгөрвөл маш утгагүй зүйл болно.

УИХ-ын гишүүн Г.ГАНБОЛД:

-Тавантолгой-Зүүн баян, Тавантогой-Гашуунсухайтын төмөр замаа салгаж яривал илүү мэдээлэл авах боломжтой гэв.

Гишүүд ийн асуулт тавьж, хариулт авах гэсэн ч дээр нэр дурдсан төрийн өмчит компанийн удирдлага албан тушаалтнууд Байнгын хорооны хуралдаанд ирээгүй тул хэлэлцэхээр төлөвлөсөн энэхүү асуудлыг бүхэлд нь хойшлуулсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж