Сан-Франциско хотноо АПЕК-ийн чуулганыг далимдуулан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден орон нутгийн цагаар Лхагва гаригт Хятадын дарга Ши Жиньпинтэй хоёр талын уулзалт хийнэ. Өрсөлдөгч хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалт болох газрыг төрийн өндөр хамгаалалтад авсны дээр аливаа жагсаал, цуглаан, үймээн самуунаас сэргийлэн төмрөөр хашаалсан байна.
Гэвч энэ нь хэвлэл мэдээллийнхний зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулсан бөгөөд "Ши Жиньпинд зориулан Сан-Францискогийн орон гэргүй иргэдийг бүгдийг нь "зайлууллаа". Засгийн газар манай хотыг нэг шөнийн дотор амархан цэвэрлэчихлээ" гэх мэтээр бичиж байна. Түүнчлэн "Коммунист диктаторын аюулгүй байдлын төлөө АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг ашиглаж, ард түмний дуу хоолойг дарангуйллаа" гэх мэт сэтгэгдлийг Твиттерт 244 мянга гаруй дагагчтай "Таагүй үнэн" нэртэй пейжийг хөтлөгч Женнифер Зен бичжээ. Тэрбээр Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом саяхан Бээжинд айлчилсныг онцлон дурдсан байна.
Байден, Ши Жиньпин нарын уулзалтаар Украины дайн, Газын зурвасын зөрчил зэрэг геополитикийн тогтворгүй нөхцөл байдлыг хэлэлцэхээс гадна хоёр орны харилцааны зөрчлийг намжаахыг зорьж байна. "Удирдагчид АНУ-БНХАУ-ын хоёр талын харилцааны асуудлууд, харилцаа холбооны нээлттэй шугамыг хадгалахын ач холбогдлын талаар болон бүс нутгийн болон дэлхийн олон асуудлыг хэлэлцэх болно" гэж Цагаан ордон мэдэгдэв.
Сан-Франциско хот нь хар тамхины наймаа, орон гэргүйчүүдийн асуудалтай олон жилийн турш тэмцэж буй бөгөөд өндөр дээд түвшний уулзалтад оролцогчдын аюулгүй байдлыг өндөр төмөр хашаагаар хангахад хүрчээ. Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын 21 орны удирдагчдын чуулган болох "Moscone Center"-ийг тойруулан төмөр хашаа босгосныг эх сурвалжууд мэдээлсэн.
Калифорниа мужийн төлөөлөгч Нэнси Пелоси, хотын дарга асан Ньюсом нар төмөр хашаа босгосныг "ёс суртахуунгүй, шаардлагагүй" гэж шүүмжилжээ. Гэвч АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болох газраас холгүй орон гэргүйчүүдийн дүүрэг байрладаг тул аюулгүй байдлын төлөө хаалт босгох шийдвэрийг Ардчилсан намаас удирддаг Сан-Францискогийн удирдлагууд гаргасан аж. Сан-Франциско хотын дарга Лондон Брид мэдэгдэлдээ " AПЕК нь хотын эдийн засагт 50 сая гаруй ам.долларын нөлөө үзүүлэхийг тооцоолсон. Энэ нь манай жижиг бизнес, ресторанууд, манай зочид буудалд байрлаж буй хүмүүст дэмжлэг болж ирнэ" гэдгийг онцолжээ.
Холбоотой мэдээ