Сүүлийн жилүүдэд үндэсний баяр наадамд төрүүлсэн бөхчүүд допингийн шинжилгээнд бүдрэх нь ихэссэн. Энэ жилийн баяр наадмын төрүү бөх М.Бадарчаас сэргээшийн төрлийн бодис илэрсэн нь А,Б сорьцоороо батлаглдаж нотлогдсон билээ. Халуун намраар эхэлсэн допингийн хэрүүл хахир өвөл ч үргэлжилж байна. Сүүлд гарсан мэдээллээр үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо есдүгээр сарын 27-ны өдөр хуралдсан гэнэ. Улмаар үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн асуудлыг шийдвэрлэжээ.
Тодруулбал, Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул түүний бүх давааг хүчингүйд тооцож, арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэсэн гэв. Гэвч өдийг хүртэл Ерөнхийлөгч зарлиг буулгаагүй явна. Магадгүй М.Бадарч спортын арбитрт хандсантай холбоотой биз.
Солонгост өөрийн биеэр очиж, Б сорьцоо шинжлүүлсэн гэх М.Бадарч Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрт хандсан. Түүний хандах болсон шалтгаан нь наадмын зохион байгуулах хорооны бөхийн комисс шинжилгээ авах үеэс эхлээд зарлах хүртлээ процессын алдаа гаргасан гэж үзэж байгаа юм.
Процессын ямар алдаа байсныг бид та бүхэндээ “Жижиг чулуугаар томыг буюу буруутай хохирогч М.Бадарч” гэсэн нэртэй нийтлэлээр хүргэсэн.
Өмнөх явдлыг эргэн сануулбал, Э.Оюунболд арслан найман жилээр эрхээ хасуулсан ч спортын арбитрын шүүхэд хандан процессын алдаан дээр дөрөөлөн барилдах эрхээ сэргээлгэж байсан билээ. Тэгвэл энэ удаад ч М.Бадарч энэ замыг сонгосон бололтой. Төр анхнаасаа алдаа мадаггүй ажлаа хийсэн бол өдгөө Ц.Бямба-Отгон арслан цолтой бөхийн өргөөний анхны түрүүгээ өчигдөр/2023.11.15/ хүртээд зогсож байх байлаа. Одоо арбитрын шийдвэр хэзээ, хэрхэн гарахаас шалтгаалж, цол хураах, нэмэх асуудал яригдах нь ээ.
Холбоотой мэдээ