ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас өнөөдөр /2023.11.15/ цэрэг амиа алдсан талаар мэдээлэл хийлээ.
Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.МИШИГДОРЖ:
-Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр хугацаат цэргийн алба хааж байсан иргэн Д нас барсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл өгье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5 заасны дагуу прокурорын зөвшөөрснөөр нийтэд мэдээлэх боломжтой гэж үзсэн хэмжээнд товч мэдээлэл өгнө. Цагдаагийн байгууллагад 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны 06.21 цагт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн байранд хугацаат цэргийн алба хааж байсан иргэн Д нас барсан гэдэг дуудлага мэдээлэл ирүүлсэн. Мөрдөн байцаах алба Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтсийн үзлэгийн баг хэргийн газар ажиллаж, мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэг авах, тухайн анги байрлалд байгаа хяналтын камеруудад үзлэг хийх, талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор шүүх шинжилгээ хийх, цэргийн алба хаагчдын ундны ус, идсэн хоолоос дээж авч байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар арваннэгдүгээр сарын 12-нд талийгаач нэгдүгээр салааны 25 байлдагчийн хамтаар өглөө босч, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж, өглөөний цайндаа орсон. Мөн зааланд бүжгийн сургуулилалт хийх, гадна цас цэвэрлэх, оройн хоолоо идээд оройн тоондоо хамрагдсан байсан. Мөн өдрийн 22:34 цагт амралтын байр руугаа орсон байдаг. Тэгээд арваннэгдүгээр сарын 13-ны өглөө босоход талийгаач босоогүй, нас барсан байдалтай байсан учраас цагдаа, эмнэлгийн байгууллагад хандсан. Талийгаачийн нас барсан байдлыг тогтоохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1.2.1 болон Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2014 оны Цогцост шинжилгээ хийх журам, Шүүх шинжилгээний хууль заасан үндэслэл журмын дагуу шүүх шинжилгээ хийсэн. Одоогийн шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Нас барсан цэргийн ар гэрийнхэнд камерын бичлэгийг үзүүлнэ.
Энэ онд нийт зургаан цэрэг амь насаа алдсан. Тус бүр дээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.
Сүүлийн тохиолдол болсон 326 дугаар ангид өнгөрсөн жил мөн нэг цэрэг амиа алдсан. Тодруулбал, 2021 онд гуравдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 22:35 цагт хугацаат цэргийн алба хаагч нас барсан гэх хэрэгт "Д" гэгчийг холбогдуулан шалгасан. Хан-Уул дүүргийн Анхан шатны шүүхээр 14 жилийн хорих ялаар шийтгэсэн. Одоо ялаа эдэлж байгаа" гэв.
Холбоотой мэдээ