Л.Оюун-Эрдэнэ эс зоригловоос эвдэрхий тэвштэйгээ үлдэнэ?!

Хуучирсан мэдээ: 2023.11.15-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ эс зоригловоос эвдэрхий тэвштэйгээ үлдэнэ?!

Л.Оюун-Эрдэнэ эс зоригловоос эвдэрхий тэвштэйгээ үлдэнэ?!

 “Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаяр, дэд захирал асан Б.Жаргалсайхан нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүсэн нь: Т.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн 22.4-2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 27 сая төгрөгөөр, Б.Жаргалсайханд Эрүүгийн хуулийн 22.4-2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хасаж, 27 сая төгрөгөөр торгох ял оногдуулав.

2.6 тэрбумын авлига авчихсан хүмүүсийн хувьд 27 сая төгрөгийн  торгууль төлөх бол хэдхэн задгай мөнгөний асуудал байлгүй. Авсан мөнгөнийх нь 10 хувиар нь торгож байна гэдэг толгойг илсэнтэй ижилхэн. Ийм шүүхтэй байвал авлигатай тэмцэнэ гэж ам, шүд өгөх  хэрэггүй биз.

Хэргийг эргэн сануулахад тэднийг Салхитын Мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах ажил"-ын тендер сонгон шалгаруулалтад шалгарсан нэр бүхий компанитай гэрээ байгуулсны хариуд нэг тэрбум 217 сая төгрөг, мөн тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр нэр бүхий ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэг тэрбум 455 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг.

Тэрчлэн “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулууны хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь нэг жил гурван сар зорчих эрх хяз­гаарлах, хахууль авсан болон өгсөн хэрэгт 27 сая төгрөгөөр торгох ял оноож, ний­тийн албанд томилогдох эрхийг нь найман жил хасжээ. Э.Номинчулууныг их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-аас баривчилсан. Атал шүүх нь 27 сая төгрөгөөр торгоод явуулж байгаа нь авлигадын хувьд шийтгэл биш шагнал гэсэн үг.

Энэ мэтчилэн авлига, албан тушаалын аливаа хэрэгт авлигачид  болон шүүгчид адилхан “цатгалан” үлддэг.  Жишээ нь ЖДҮ, Хөгжлийн банкны хэргүүд байна. Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд очиж зээлийг тэгш, хүртээмжтэй хувааж идсэн хэрэгт шүүгдсэн Б.Батзориг, НДС-ийн мөнгийг “Капитал” банкаараа аваад “алга болгочихсон” Б.Ундармаа нарын авлига, албан тушаалын хэрэг мөн л хэдэн задгай төгрөгийн торгуультай дууссан.

Прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын найман хэргийг шүүхэд шилжүүлснээ өнгөрсөн долоо хоног мэдээлсэн агаад тэр дунд  Х.Баттулгын үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд,  ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нарын хэрэг байгаа аж. Манай “шударгуу” шүүхийн практик жишгээр бол тэд чихрийн мөнгөөр торгуулаад өнгөрөх биз.

Тэгээд ч З.Энхболд нь Х.Баттулгын ойрын хүн. Их хувьчлалаас эхлээд “эдийн засгийн” хувьд халаас нэгтэй, улс төр талаасаа хамааралтай явж ирсэн. Т.Мөнхбаяр нь мөн л экс Ерөнхийлөгчтэй ихээхэн ойр дотно гэгддэг. Тэднийг хэн шүүх билээ, өнөө л Х.Баттулгын томилсон шүүгчид шүүнэ. Нэгэнтээ нэг сая ам.долларын хадгаламжтай шүүгчийн талаарх шуугиан дэгдэх үед ШЕЗ-ийн дарга  асан Н.Лүндэндорж “нэг сая ам.доллартай шүүгч байж болдоггүй юм уу” гэж асуултыг асуултаар дарсан. Мэдээж, байж болно. Гэхдээ шүүгчийн дансанд  нэг сая ам.доллар байгаагийн цаана авлига байхгүй гэсэн үг бас биш юм. Монголд насаараа бизнес хийсэн нөхөр насаараа шүүгч хийсэн хүнээс бараг ядуу байгаа шүү.

ШЕЗ-ийн даргаар ажиллаж байсан хүний эхнэр хүүхэд нь авто машинаар хүн дайраад алчихсан тохиолдол дэлхийд байдаг эсэхийг мэдэхгүй. Байлаа гэхэд манайх шиг ял шийтгэлгүй үлдсэн эсэхийг бас мэдэхгүй. Ямар ч байсан л Монголын шүүхийг муухай харагдуулдаг кэйс мөн үү гэвэл мөн.

Иймээс, эндээс тавигдах нэг асуулт нь: Шүүхийг хэн шүүх вэ, манаачийг хэн манах вэ?!

Монголд авлигын хэрэгт холбогдсон шүүгчийн шүүсэн тохиолдол бараг байхгүй. Салхитын мөнгөний ордын хэрэг маргаанаас авлига авсан байж болзошгүй гэж шалгагдаж байсан 11 шүүгчийг гэм буруугүй гэж үзсэн тул 2020 онд бүрэн эрхийг  нь сэргээсэн байдаг.

Гэсэн атлаа цалингаараа “тэрбумтан” болсон шүүгч шүүх засаглалд хар мянгаараа байна. Д.Мөнх-Эрдэнэд авлигын хэргээр ял оноосон шүүгч Т.Бадамжунайг батлан даалтад гаргасан асуудлыг ч адилхан шалгах ёстой. Монголын шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Т.Бадамжунай хоёрт адилхан хандсан цагт л Монголд шударга ёс тогтоно.

Шүүх бол шударга ёсны сүүлчийн зогсоол юм.

Авлигыг жирийн нэг албан тушаалтан авчихгүй. Албан тушаалтай, эрх мэдэлтэй, сүр хүчтэй хүн л авлига авна. Яг л “МАН болон МАХН-ын хоорон дахь олон асуудлыг шийдэж байсан” Т.Бадамжунай шиг аль эсвэл Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг гацааж, М.Энхсайханыг шоронд хийсэн З.Энхболд, Х.Баттулга шиг, тэднээс доошиллоо гэхэд ЖДҮ тараах эрх мэдэлтэй Б.Батзориг шиг, БЗС-гаас өөрийн охиндоо зээл аваад өгчих чадвартай Л.Энх-Амгалан шиг, хуучин автобус шахах “хүч”-тэй Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар шиг хүмүүс болоод тэдний гар хөл болсон цүнх баригчид, утсан хүүхэлдэйнүүд л авлига авна.  Төрд очих гэж улайраад байдгийн цаана “нүд улаан, мөнгө цагаан” байдгийг харуулсан бэлээхэн жишээнүүд байна.  Ногоон, улаан баасны /bus/хэргээс эхлээд…

Авчиг жижиг авлигачид нь шоронд суугаад жинхэнэ авлигачид нь гэм зэмгүй үлддэг. Л.Оюун-Эрдэнэ жинхэнэ авлигачидтайгаа, анд нөхөдтэйгөө тэмцэж чадахгүй даргын ба дайсны тал гэж хандах юм бол эвдэрхий тэвштэйгээ л үлддэг байх даа. Эвдэрхий тэвш гэдэг нь энэ улс орон юм шүү дээ. Түүнээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анд нөхдийнхөө хулгайтай тэмцэнэ гэж ам, өчиг  өглөө гээд авлига алга болчих юм биш л дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж