ОХУ-ын засгийн газрын төлөөлөгчид худалдаа болон шинжлэх ухааны хамтын ажиллагааны хэлэлцээр хийхээр Пёньянд Мягмар гаригт /2023.11.14/ иржээ. Хоёр улсын удирдагчид есдүгээр сард ховорхон тохиох уулзалт хийснээс хойш тэдний харилцаа улам бүр гүнзгийрч байна.
Оросын төлөөлөгчдийн багийг Байгалийн нөөцийн сайд Александр Козлов тэргүүлжээ. Төлөөлөгчид хоёр улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хорооны 10 дугаар хуралдаанд оролцоно. Хоёр улсын хооронд зэвсгийн наймааны гэрээ байгуулсан байж болзошгүй үед энэхүү айлчлал тохиож байна.
"Хоёр орны харилцааг бүх салбарт дахин сэргээж, шинэ түвшинд гаргах нь Умардын байр суурь" гэж Хойд Солонгосын Гадаад эдийн засгийн харилцааны сайд Юн Жон Хо хэллээ. Харин Александр Козлов "Хоёр улс ноёрхогч хүчний эсрэг мөр зэрэгцэн тэмцэж байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцсон хэлэлцээрийн дагуу өргөн цар хүрээтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг ОХУ хүсч байна" гэжээ.
Дашрамд дурдахад, Хойд Солонгосын Соёлын сайд тэргүүтэй төлөөлөгчид мөн Мягмар гаригт соёлын форумд оролцохоор Санкт-Петербургт айлчилжээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ