НЭМЭЛТ:
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар сайд нар мэдээлэл хийж байна. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Зэвсэгт хүчний анги салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байгаа учраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулахаар болсныг онцоллоо. Энэ ажлын хэсэг цаашид цэрэг татахад оюутнуудыг татахгүй байх, цэргийн ангиудад хүний эрх зөрчигдөж байгаа эсэх зэргийг нарийвчлан шалгаж, шалгалтын дүнгээ танилцуулна гэлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.БОЛОРЧУЛУУН:
-Энэ жил үр тариа 456 мянган тонн хурааж авсан. Үүнээс хүнсний ногоо 185 мянган тонн, үр тариа өнгөрсөн жилийнхээс 35 мянган тонноор, малын тэжээл өнгөрсөн жилээс 45 мянган тонноор илүү хураасан. Есдүгээр сарын эхээр үргэлжлэн орсон борооны улмаас нийт хураан авсан үр тарианы 30 хувь нь зэрэглэл буурч, малын тэжээл рүү шилжиж байна. Түүнээс гадна түүхэндээ анх удаа 185 мянган тонн хүнсний ногоо хурааж авсан амжилттай үзүүлэлт гарсан. Хүнсний ногоо эрхлэгч, тариалан эрхлэгчдэд үр олгох, хөнгөлөлттэй зээл олгосноос гарсан үр дүн гэж үзэж байна. Тиймээс монголчууд дотоодын эрүүл хүнсний ногоо хэрэглэх боломж бүрдэж байна. Монгол Улсын хэмжээн арваннэгдүгээр сар гарснаас цас их орж, нийт газар нутгийн 60 гаруй хувь нь зудын байдалтай байна. Энэ жил 69 сая толгой мал өвөлжинө. Хадлан тэжээлийн хувьд хангалттай бэлтгэсэн мэдээлэл байгаа. Сүүлийн жилүүдэд зүүн гурван аймаг хадлангийн өвс хангаж ирсэн бөгөөд гадагшаа өвсийг экспортод гаргахыг хориглосон байгаа. Өвсийг гадагшаа экспортлох нь буруу, ашиг багатай, байгаль экологид нөлөөлдөг учраас дотоодын нөөцөө хангахын тулд экспортыг хориглосон байгаа. Улсын хэмжээнд 9 отрын бүс байдаг бөгөөд яамнаас хувиарлалт хийж байгаа.
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Өнгөрсөн долоо хоногт 2024 оны төсөв батлагдсантай холбогдуулан төрийн худалдан авах ажиллагааны дагуу ирэх жилийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байна. 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 4,9 их наяд төсөвт бүхий 692 шинэ төсөл арга хэмжээ эхлүүлэх бөгөөд үүнийг төрийн худалдан авах ажиллагааны газар, яамд, орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нараар дамжиж зарлагдах гэж байна. 2024 онд зам тээврийн салбарт 1,5 их наядын төсөв бүхий 80 төсөл, боловсролын салбарт 977 тэрбум төсөвт өртөг бүхий 173 төсөл, соёлын салбарт 153,7 тэрбум төсөвт өртөг бүхий 44 төсөл, эрчим хүчний салбарт 202,3 тэрбум төсөвт өртөг 35 төсөл, эрүүл мэндийн салбарт 398,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 78 төсөл арга хэмжээг шинээр хэрэгжүүлнэ.
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
Засгийн газрын ээлжит /2023.11.15/ хуралдаан 08.00 цагт эхэлжээ. Хуралдаанаар цаг үеийн болон Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийг сонсоно гэсэн мэдээлэл бий.
Хуралдаанаар,
- "Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан байгуулах тухай", Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай,
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлангийн тухай,
- Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
- "И-Монгол академи" УТҮГ-ын талаар авах арга хэмжээний талаар, Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэж байна.
Холбоотой мэдээ