“Бахархаад байх юм алга” гэж их хааныхаа өдрөөр халагласан хүн бишгүй… Толгой дохимоор бас сэгсэрмээр… Цурхиран уйлах ээж, хүүгийнхээ цогсыг нэхэх эцэг… Алба хаах гээд амиа алдсан цэрэг дахиад нэмэгдэв. Уг нь боловсрол эзэмших эрхтэй. Бүр Үндсэн хуулиар олгогдсон эрх нь. Гэтэл бас цэргийн алба хаах үүрэгтэй. Хэрвээ сурч, боловсрох эрхээ эдлээд талийгаач татгалзсан бол хуулиар хэрэгтэн болох байсан. Ингээд албадан аваад явсан. Албаныхнын хэлснээр орой унтаад, өглөө босч ирээгүй. Гадны нөлөөгүй байж болно. Гэхдээ хүүг эрүүл саруул байсан гэдгийг эцэг, эх нь биш цэргийн үзлэг тогтоочихсон. Хорьхон хоногийн өмнө шүү. Яг ийм шалтгаанаар хүч мөхөсдөж, хүүгээ цэрэгт мордуулсан ээж, аав нар одоо айж, буцааж суллахыг шаардаж байна. “Эх орноо батлан хамгаалах” гэх лоозун өнөөдөр бидэнд яг хэрэгтэй юу? Албадлагын арми байх ёстой юу? Эх орноо хэнээс хамгаалах гээд иргэдээ албадаад байна вэ? Дэлхийн шилдэг гэгдэж буй урд, хойд хөршийн цэрэг, зэвсгээс үнэхээр хамгаалж чадах уу? Гээд олон асуултад бид хариулт хайх бөгөөд өнөөгийн аль ч төрийн албан тушаалтан үүнд үнэн бодит хариулт өгөх чадамжгүй учраас энэ сэдвийг дараа үргэлжлүүлэхээр орхицгооё. Аюултай нь асуудал болгоны шалтгаан нь төр болжээ.
ТИЙМ Ч БИЗ…
Монголчууд ХХ зуунд тэмбүүндээ баригдсан байсан гэх пропоганда одоо ч үргэлжилж буйг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга харуулав. Тэрхүү хуулийн төсөлд хүн амын удмын санг шинээр хамгаалах цус ойртолтоос сэргийлэх үүднээс гэрлэгчид генетикийн шинжилгээ өгсөн байх заалтыг оруулжээ. Монголд цус ойртолт ихэссэн гэх солиорлын үр дагавар ийнхүү хуульд албажин орж ирэв. Мах авахдаа гарал үүслийн бичиг нэхдэг монголчууд гэр бүл болохдоо генийн шинжилгээ өгч цус ойртоогүй гэдгээ нотлох болох нь. Ухнатай зүйрлэдэг УИХ-ын гишүүд мануусыг малтай зүйрлэж байна. Цар тахлаас өмнө цавчаа хийхийн тулд монголчууд тэмбүүндээ баригдсан талаар сайд хадагтай мэдээлэл хийж, “Улаан тариа-II” аяныг санаачлан насанд хүрсэн бүх хүнийг хамруулах тухай ярьж байсан ч азаар түүнээс аймшигтай өвчин гарсан нь Covid-19 байв. Улстөрчдийн тэмбүүний тухай солиорол зогссон ч өвчнөөр дамжуулан мөнгө олох санаархал зогссонгүй. Вакцин хийсэн улс болгосноос гуйж байгаад бидэнд туршигдаагүй вакцин шахсны лайг өнөөдөр эрүүл мэндээрээ эдэлж сууна. Ханиаданд дарлуулан хүүхдүүд эмнэлгээр зулж, залуус унтаад босч ирэхээ байв. Зүрх судалсны өвчин Монголд газар авав. Өглөө зөв, зүгээр явсан залуус орой хорвоог орхих болов. Харин цар тахлын үед зарцуулсан төсвийн тайлан таг. Ингэж эрүүл мэндийн үзүүлэлтээр тэд айлгаж байгаад албадлагаар шинжилгээ, үйлчилгээ хийлгэх хууль гарган мөнгө хийгээд удав. Монгол гэр бүлийн ариун нандин харилцааг “нууц амраг” гэх адгийн амьтад саад болж буйг таслан зогсоож, түүнтэй хариуцлага тооцох заалт энэ хуульд туссан эсэхийг баруун төвийн үзэлтэй намын гишүүн зүүний үзэлтэй эрх баригчдаас асууж элэг доог болов. Хүний эрхийн тухай ойлголт одоо ч хөөрхийлөлтэй хэвээрээ байна. АНУ төрийн хийж болох ажлыг Үндсэн хуульдаа заагаад харин хүний эрхийг заагаагүй нь энэ ойголт өөрөө өргөн агуулгатай төдийгүй төр түүнийг нь боомилохоос сэргийлсэн хэрэг. Харин Монголд хүний эрхийг хуульд зааж байж хамгаална гэх буруу ойлголт яваад буй хэрэг. Буруу ойлголттой учраас буруу л хууль гарна.
УИХ-ын гишүүдийн хэлэлцэж буй энэ асуудал үнэн хэрэгтэй монгол гэр бүлийг хамгаалах бус түүгээр дамжуулан халдах, мөнгө олох л санаархал гэлтэй. Монголчууд нийтээрээ тэмбүүтэйг батлах баримт байхгүй ч өрх бүр ургийн бичиг хөтөлдөг байсан баримт бол бийг санууштай.
ҮГҮЙ Ч БАЙХ…
Гэр бүлийн хүчирхийлэл ярих тоолонд хариуцлагыг чангатгах тухай ярьдаг. Үнэн хэрэгтэй өнөөдөр эрчүүд, эмэгтэйчүүдийн боловсролын ялгаа ертөнцийг харах өнцөг тэнгэр газар шиг зааг засвар гарсныг бид ер ярихгүй. Салалт өндөр байж болно. Үүний шийдэл нь үндэс, шалтгааныг нь олох болохоос салсан нөхрийн данснаас шууд албадлагаар тэтгэмжийг нь авахыг хуульчилах биш. Эр, эм хоёр байтугай эрүү толгой салдаг хорвоод иймэрхүү байдлаар аврагчийн дүрээр монгол гэр бүл рүү халдмааргүй байна. Ердөө 30 гаруй жилийн тэртээд гэрлээгүйнхээ төлөө гэр бүлгүйн татварыг төлдөг байсан залуус өнөөдөр эмээ, өвөө болчихсон, амьдралаа бурууг нь харуулаад сууж байна. Зүүнтнүүд гэр бүлийн харилцааг хамгийн сайшаан магтдаг ч хамгийн ихээр түүний бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол руу нь халддаг явдлын тод жишээ нь энэ татвар. Хэнтэй сууж, хэрхэн амьдрахаа намаар заалгадаг энэ байдал руу алхам алхамаар ухарсаар байна. Түүний тод илрэл нь төрийн боловсруулж буй хууль, түшээдийн хэлж буй үг болгон харуулж байна.
ТЭГЖ Л ТААРАА…
Олон нийт бухимдалтай байна. Ерөндөг алга. Үүнийг тэд дуртайяа шийдэхээр хууль санаачлах бөгөөд тэр нь бухимдлыг улам л төрүүлж байна. Монгол хүний бахархал болсон зүйл болгоныг улстөрчид барж идэж байна. Үр дүнд нь нийгмээрээ уруудаж байна. Улам л мангуу болоод байх.Мангарт манлайлал үгүй…
Л.ХАЛИУ
Холбоотой мэдээ