Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нураах эсэх асуудал олны анхаарлыг татаж буй. Уг барилгыг 2020 онд нураах шийдвэр гарч байсан ч ажил хэрэг болоогүй. Харин энэ удаад Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар иргэдээс авсан саналыг үндэслэн, шийдвэрээ гаргана гэж үзэж буй. Одоогоор эл асуудлаар 3400 гаруй иргэн саналаа өгснөөс 90 гаруй хувь нь Урт цагааны барилгыг нураахыг дэмжээд байгаа юм. Иймд энэ долоо хоногийн VS буландаа талуудын байр суурийг онцолж байна.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч П.НАРАНБАЯР:
Нийслэл өөрөө соёлын өвд бүртгээд авсан 43-хан барилгатай. Социалист бүтээн байгуулалтын үеийн ууган барилга бол Урт цагаан. 1778 оноос хойш энэ гудамж худалдааны гудамж байсан. Оросын эзэнт гүрэнтэй Чин улс цайны гэрээ байгуулах үед цайны замын гол зангилаа газар болж байсан. Судлаачдаас асуусан. Нийслэл Урт цагааны барилгыг хоёрдугаар зэргийн соёлын өвдөө бүртгээд авсныг анхных нь хэлбэр төрхийг хадгалаад сэргээгээд авчихаач л гээд байгаа юм. Нурах аюултай гэдэг дүгнэлтийг мэргэжлийн байгууллага гаргасныг мэдэж байгаа, үүнийг эсэргүүцээд байгаа юм байхгүй. Бид соёлын өвөө устгаж болохгүй. Бид өөрсдөө нураах шийдвэр гаргаж болохгүй. Сэргээх замаар ногоон орчныг нь бий болгох замаар төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх боломжтой. Мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсооч ээ.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ж.САНДАГСҮРЭН:
Урт цагааны тухайд оны өмнө иргэдийн санал гараад асуудал шийдэгдэх учиртай. Урт цагаан шиг явж байсан хоёр гурван концессын асуудлыг нэгбүрчлэн шийдэж нэг талд нь гаргаж явахгүй бол Сүхбаатар дүүргийн хуучин байшин дээр баригдаж байгаа барилгын концесс ээс эхлээд нэр хугалаад унагачихсан ажлууд бий. Энийг дуусгаж аваад Урт цагааны асуудлыг шийдэхгүй бол маш олон жил хотын төвдөө балгастай байж байдаг газар манайхаас өөр улс байхгүй ээ.
П.Наранбаяр даргын яриад байгаа түүх ярих юм бол Улаанбаатар хотын хамгийн анхны эртний барилга бол Дамбадаржаа хийд юм шүү. 400 жилийн түүхтэй хийд юм. Соёл урлагийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа анхаарч, асуудлаа шийдэх нь зохистой юм болов уу гэж бодож байна.
Улаанбаатар хотын захирагч Х.НЯМБААТАР:
П.Наранбаяр төлөөлөгч өө, та өөрөө Урт цагааныг очиж харсан уу, тал нь нураад уначихсан байгаа ш дээ. 2020 оноос хойш нэг ч түрээсийн төлбөр аваагүй. Анхны түрээслэгчийг шалгуулъя гэдэг хүсэлтээ цагдаад өгсөн. НИТХ-д сууж байсан, нийслэлийн удирдлагад ажиллаж байсан хүмүүс өөрсдийн хамаарал бүхий хүмүүсээр анхны түрээсийн гэрээ хийлгээд цааш нь давхар түрээс хийсэн мөнгө угаадаг систем явж байгаа. Маргаж байгаа гээд сүүлийн 3 жил нийслэлд нэг ч төгрөгийн түрээс төлөөгүй. Энэ асуудлыг арваннэгдүгээр сарын 17-нд НИТХ-д оруулна, та бүхэн шийднэ. Өмчийн эзэн нь НИТХ. Өмчийн ашиглалтыг сайжруулах үүрэг хүлээсэн алба тушаалтан нь би. Тийм учраас түгжрэл дээр түгжрэл нэмээд 20 давхар барилга барьж түгжрэл үүсгэх үү, тал нь нурчихсан барилгаа тэр чигээр нь үлдээх үү гэдгээ эргээд ярилцаж, шийдье хэдүүлээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ