Сурвалжлага: Тэр хүү цэрэгт яваагүй байсан бол…

Хуучирсан мэдээ: 2023.11.15-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Тэр хүү цэрэгт яваагүй байсан бол…

Сурвалжлага: Тэр хүү цэрэгт яваагүй байсан бол…

Тэр хүү цэрэгт яваагүй байсан бол өнөөдөр эрүүл саруул хичээлдээ явж, ээж аавдаа эрхэлж суух байлаа…  Ийм л харуусал хүүтэй, дүүтэй хүн болгонд төрсөн өдрүүд өнгөрөв.

Зэвсэгт хүчний 326 дугаар цэргийн ангид цэл залуухан 21 настай залуу шөнө унтаад сэрээгүй гэх шалтгаанаар энэ сарын 13-ны өдөр амиа алдсан нь олон нийтийг цочроолоо. Талийгаач хүүгийн эцэг эх уй гашууд автаж үхлийн шалтгааныг тодруулахаар цэргийн ангийн гадна хоносон нь олон нийтийн бухимдлыг бүр ч их төрүүлж, хүүгээ цэргийн албанд мордуулсан хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлэв, халаглуулав, харамсуулав.

2023.11.14. 12.30 цагт.

Цэргийн төв эмнэлгийн Поликлиникийн нэг давхарт хөл толгой нь олдохгүй олон хүн бужигнаж байлаа. Энд цугларсан ихэнх хүмүүс 326 дугаар ангийн алба хаагчдын ар гэрийнхэн, ахан дүүс, найзууд байлаа. Тэд хоол цай барин сууж хаашаа ч юм утсаар ярина. Тэдэн дунд суугаа ахимаг насны иргэн "Манай хүү дажгүй сайн байна. Госпитал дээр ирчихсэн бид нар уулзах гээд хүлээж байна" гэж чанга ярих нь сонсогдоно. Ийм сайхан үг хамаатан садан, аав ээж, ах дүү, найз нөхдөд нь дуулгаж утсаар ярих нэгэн, хүүгээ үнсээд тэврэх ээж, д үрээсээ хараа салгалгүй зогсох аав, ахаа хараад баярласан дүү, ах эгч нар…

Эмнэлэг дээр тус ангийн эхний 50 алба хаагч шинжилгээ, эмчийн үзлэгт орсон учраас ар гэрийнхэн нь албанд мордуулсан хүүтэйгээ уулзаж, сэтгэлээ дэвтээхээр ирсэн нь энэ. Үнэндээ, цэрэгт татагдаад 20 хонож буй хүүгийн нас барсан тухай мэдээллийг сонсоод тэд цочирдож, яаран ирснээ мөн нуусангүй.

"ШӨНӨЖИН ХҮҮДЭЭ СЭТГЭЛ ЗОВИНООД УНТАЖ ЧАДСАНГҮЙ"

Хүүгээ хүлээсэн нэгэн  ээж "Эмчийн амнаас хүүгийнхээ яасныг сонсмоор байна" гэж бухимдаж байлаа. Түүнтэй цөөн хором ярилцахад "Анхнаасаа нарийн шинжилгээг нь өгсний дараа цэрэгт татдаг баймаар байна. Цэргийн үзлэг гэдэг ердөө  нүцгэн биеийг нь гадна талаас нь хараад чагнуур тавьж үзээд аваад явдаг. Энэ  хангалтгүй гэж эх хүний хувьд үзэж байна. Би шөнө сэтгэл зовоод унтаж чадсангүй. Хайран сайхан хүүхэд цэргийн албанд хүүгээ мордуулчхаад ганц ч удаа уулзуулахгүй байна. Хэд хоногийн өмнө цэргийн анги дээр нь очиход ерөөсөө уулзуулаагүй. Гайхаад зогсч байна. Миний хүү цус өтгөрөлттэй байна уу, зүрх нь хэр ачааллаж байна вэ гэдгийг эмчийн амнаас сонсмоор байна. Миний хүү 18 настай. Хүүтэйгээ уулзаагүй болохоор их санаа зовж байна. Надад "ээжээ хүүхдүүд зүрхний асуудлаар их тэнцэхгүй байна" гэж байсан. Хүүхдүүдэд ковидын дараах хор уршиг байж магадгүй. Тиймээс цэрэгт авч явахдаа маш нарийн шинжилгээ хийлгэж байж авч явмаар байна" гэж учирлаж байв.

"МАНАЙ ХҮҮХЭД ХООЛОЙ НЬ ЗАНГИРААД ИХ ТҮГШҮҮРТЭЙ ЯРЬСАН" 

Өөр нэгэн иргэн "Манай хүүхэд утсаар ярихдаа "ээжээ та хурдан ирээрэй" гэсэн. Их түгшүүртэй ярьж байсан. Хоолой нь зангираад хэцүү байна лээ. Хүүхдээ хүлээгээд сууж байна. Гараад ирвэл хүүгээ ямар нэгэн аргаар авч явна. Эд нарт хариуцуулж үлдээх алга. Талийгаач хүүгийн мэдээллийг сонсоод айдастай байна. Ямар сайхан хүүхдүүд улс орноо хамгаална гэж очсон билээ. Өдийд тэр хүүхэд цэргийн албанд очоогүй байсан бол эрүүл саруул байгаа. Эцэг эхтэйгээ байна биз дээ. Хайран сайхан залуу хүүхэд… Хүүхдээ ирж цогцсыг нь аваарай гэж юу гэсэн үг вэ. Хүүхдээ бид аваад харина. Эд нарт итгэх итгэл ерөөсөө алга. Манай хүүхэд унаж татдаг байхгүй юу. Цэргийн ахлагч нь цэрэгт татагдаад удаагүй байхад "Танай хүүхдийн шөрмөс нь зангираад байна" гэж залгаж байсан. Би хэлсэн “Та нарт анхнаасаа хэлээд байхад үзлэгт тэнцлээ гээд аваад явсан. Одоо би хүүхдээ авъя” гэхэд надад “үгүй бичиг авчир” гэдэг хариуг хэлсэн. Тиймээс хүүхдээ өнөөдөр ямар нэгэн аргаар хамаагүй гэртээ авч харимаар байна. Үнэхээр үхэл хагацал сонсоод тайван сууж чадахгүй нь" гэж хоолой нь зангирна.

Нагац дүүтэйгээ уулзахаар ирсэн О.Төрсайхан “Энд уулзаж болно гэхээр нь наашаа ирлээ. Амиа алдсан цэргийн талаарх мэдээ хүнд туслаа. Адилхан эрүүл саруул хүүхдээ явуулчхаад ийм харамсалтай явдал болсон гэхээр хүнд байна. Дүүтэйгээ уулзах боломж байна уу үгүй юу бүү мэд. Байнга үхэл хагацал тохиож байгаа учраас цэрэгт явуулмааргүй санагдаж байна. Ер нь алба хаах нь үүрэг. Гэхдээ явуулмааргүй санагдаж байна. Дэгдэлт, зодуур, нүдүүрийн талаар ярьж байгаагүй” гэж бухимдан хариулав.

ЦЭРГИЙН АНГИД ИРЭЭД 20 ХОНОЖ БАЙНА, НАЙЗЫГАА АЛДСАНДАА ХАРАМСЧ БАЙНА  

Удалгүй эхний шинжилгээ өгсөн 50 байлдагч шинжилгээ өгч дууссаар гарч ирлээ. Тэд аав ээж, ах дүү, найз нөхөд, амраг ханиа харж нулимс нь цийлэгнэн нь хоолой нь зангирна. Үүдэнд хүүгээ хүлээсэн ээжүүд хүүхдээ дуудан духан дээр нь үнсч нулимсыг нь арчина. Аав нар нь хажуунаас нь хоол цайг нь дөхүүлж, цэргийн залуугаа харж сууна. Үнэндээ эцэг эхчүүдийн харцнаас энхийн цагт эрүүл саруул хүүгээ цэргийн албанд мордуулсан ч эргээд ирэхгүй байх вий гэх айдас уншигдаж байлаа. Байлдагч нараас мөр зэрэгцэн явсан талийгаач найзынх нь учир битүүлэг үхлийг асуухад даанч бэрх. Хэд хэдэн цэргүүдээс асуухад "Ирээд хорь хонож байна. Өөрийнхөө хүсэлтээр цэрэгт явсан. Дасан зохицож байна. Цэргийн ангид дэглэлт байдаггүй. Ар гэрийнхэнтэйгээ уулзсандаа баяртай байна" гэхчлэн цээжилсэн мэт жижүүрийн үгээр товчхон хариулт өглөө.

  • Байлдагч А нэрийг нь өөрчлөв. Тэрбээр "Хоолой өвдөөд ханиад хүрснээс өөр зүйл байхгүй. Бүх зүйл цэгцрээд сайхан болж байна. Сая эхо, шүд бусад үзлэгүүдэд хамрагдсан. Цэргийн албанд дарамт шахалт байхгүй. Амиа алдсан цэрэг хоёр давхарт байсан. Би нэг давхарт байсан. Өчигдөр мэдсэн" гэв.
  • Байлдагч Э "Сайн дураараа цэрэгт татагдсан. Ер нь алба хаах дажгүй байна. Талийгаачтай нэг ангид байсны хувьд харамсалтай байна. Зодуур, дэглэлт байгаагүй" гэлээ.

Цэргүүдийн шинжилгээ, биеийн байдлын талаар тус эмнэлгийн Поликлиникийн дарга, хурандаа Б.Болор-Эрдэнэ "Гурван цагийн дараа шинжилгээний хариу гарах байх. Цэргийн албанд татагдаж байгаа залуучууд сум, дүүрэгтээ бүхий л шинжилгээг өгөөд дүүргийн цэрэг татлагаар ороод үзлэгт тэнцээд ирсэн байлдагч нар. Үе шаттай эмч  нарын үзлэгээр ороод тэнцсэн нь ангид хуваарилагдаж байгаа. Тиймээс урьд нь үзлэг шинжилгээ хийсэн. Одоогийн үзлэг шинжилгээ бол 326 дугаар ангийн алба хаагчдын ар гэрийнх нь хүсэлт, мөн дээр нь цэргийн төв эмнэлгийн нийгэмд хүлээсэн үүрэг, хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулаад хийж байгаа нь энэ. Бүх цэргүүд орсны дараа эрүүл мэндийг нь дүгнэнэ. Одоогийн байдлаар энэ цэрэг өвчтэй гэж тухайлан хэлэх боломжгүй байна. Цэргийн төв эмнэлгийн сэтгэл зүйч, сэтгэцийн 2-3 эмч ажиллаж байна. Цэргийн төв эмнэлэг амралтын өдөр бүрэлдэхүүнээр ажиллаж байна" гэх мэдээллийг өгсөн юм.

Хүүгээ харсан ээж аав нарын санаа амарч, элэг нь дэвтсэн нь сайхан. Гэвч армид алба хааж яваа цэрэг амиа алдсан хэрэг нэг бус удаа давтагдаж байгаа нь эцэг эхчүүдийн санааг ихээр зовоож буй. Аргаа барсандаа "Хүүгээ явуулахгүй юмсан" гэж тэд хоорондоо ярилцаж байна. Монгол эр хүн бүр цэрэгт алба хаах үүрэгтэй. Гэхдээ цэргийн алба өөрөө орчин үетэйгээ хамт хөгжих, шинэчлэгдэх, цэрэгт явахдаа, явуулахдаа айдаг бус баярлаж, бахархдаг байх тийм л орчныг бүрдүүлэх цаг болсныг энэ удаагийн харамсалтай хэрэг ойлгуулаад буцсан байгаасай. Өөр дахин аав, ээж ийм хагацал үзэхгүй байгаасай. Үүний тулд батлан хамгаалах, цэрэг татах, цэргийн албаны нэг жилийн хугацаанд юуг, яаг хаанаас эхэлж өөрчлөх ёстой вэ гэдгээс Зэвсэгт хүчний жанжин штаб ажлаа эхлээсэй гэж олон эцэг, эх хүсч байсныг энд онцлоё.

Эргэн сануулбал, 2022 онд зургаан байлдагч амиа хорлосон болон золгүй байдлаар амь насаа алдсан харамсалтай статистик бий. Эцэст нь, эх орон нэрээр цэргийн албанд татчихаад халуун ам бүлд нь хагацал, зовлон үзүүлдэг байдлаа хэзээ засах вэ гэдэгт хэн хүнгүй хариулт нэхэж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж