Алмааз тансаг хэрэглээ бус ардын сонголт болов

Хуучирсан мэдээ: 2023.11.15-нд нийтлэгдсэн

FASHION

Алмааз тансаг хэрэглээ бус ардын сонголт болов

Алмааз тансаг хэрэглээ бус ардын сонголт болов

Нью-Йоркийн 47 дугаар гудамжийг "Алмаазан дүүрэг" гэж нэрлэдэг. Учир нь тус гудамжны бараг бүх дэлгүүрийн лангууг тоо томшгүй олон эрдэнийн чулуу дүүргэдэг. Нью-Йоркийн загварын долоо хоног өнгөрсөн есдүгээр сард болоход хөл хөдөлгөөн ихтэй 47 дугаар гудамжийг тэр чигт нь хааж, "Лабораторид ургуулсан алмаазан дүүрэг" гэх үдэшлэгийг зохион байгуулжээ. Энэ нь Пандора брэндийн хамгийн сүүлийн үеийн кампанит ажил байлаа. Үдэшлэгт загварын салбарынхан болон Памела Андерсон тэргүүтэй олны танил олон алдартан оролцсон. 

Угтаа бол Пандора энэ төрөлдөө тийм том тоглогчид тооцогдож байгаагүй. Тус брэнд нь 100 ам.доллараас доош үнээр зарагддаг бугуйвчин дээр тулгуурлан боссон юм. Өнгөрсөн жил Пандора дөрвөн тэрбум ам.долларын орлого олжээ.

Очир алмааз нь нэгэн цагт тансаг хэрэглээний хамгийн дээд илэрхийлэл байв. Энэ зах зээлд "Tiffany", "Cartier" зэрэг томоохон брэнд давамгайлж байв. 

Тэгвэл сүүлийн үед байгалийн алмаазтай бүтцийн хувьд ижил боловч хямд үнээр зарагддаг, лабораторид ургуулсан чулуунуудын эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна. Пандора бол энэ төрлийн зах зээлийг олж харсан цөөн хэдэн брэндийн нэг. Пандорагаас гадна ""Brilliant earth" брэндийн борлуулалт өнгөрсөн онд 15.7 хувиар өсч, 440 сая ам.долларт хүрчээ. Зөвхөн лабораторид үйлдвэрлэсэн үнэт эдлэл худалддаг "Dorsey" брэнд л гэхэд өнгөрсөн жил нэг сая гаруй чулуу зарсан байна. 

Лабораторид ургуулсан үнэт чулуу анх 1980 онд бий болжээ. Ингэхдээ цэвэр нүүрстөрөгчийг металл шоо дөрвөлжин дотор их хэмжээний дулаан, даралтанд оруулан, эцэст нь алмааз үүсгэдэг. Эдгээр нь байгалийн чулуунаас бараг ялгарахгүй. "Tiffany"-ийн бугуйвч 20 мянган ам.долларын үнэтэй байхад "Brilliant Earth"-ээс ижил төстэйг нь 3450 ам.доллараар авах боломжтой. 

Хиймэл алмаазны борлуулалт 2016 онд нэг тэрбум ам.доллар хүрдэггүй байсан. Харин 2022 онд 12 тэрбум болж өсчээ. Мэргэжлийн фирмийн мэдээлснээр хиймэл алмааз нь нийт зах зээлийн 17 гаруй хувийг эзэлж байна.

Пандорагийн хувьцааны үнэ өнгөрсөн онд хоёр дахин өсчээ. Гэтэл нөгөө талд алмааз үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, нийлүүлэгч "De Beers" өөрсдийн олборлосон үнэт чулууныхаа үнийг 40 хүртэл хувиар бууруулав. 

Үнэт эдлэлийн зах зээл өөрчлөгдөхийн хэрээр маркетингийн кампанит ажлууд ч өөрчлөгдөв. Тухайлбал, байгалийн чулууны бизнес эрхлэгчид маркетингаа эрчүүдэд зориулж хийх нь элбэг байжээ. Учир нь тансаг алмаазыг эрчүүд бүсгүйчүүдэд авч өгөх нь түгээмэл. Харин одоо үнэт эдлэлийг хүмүүс илүү өргөн цар хүрээнд хэрэглэх болжээ. Загварын янз бүрийн трэнд гарахын хэрээр эмэгтэйчүүд өөрсдөө үнэт эдлэл худалдаж авах нь ихсэв.

Нөгөөтэйгүүр "Лабораторид ургуулсан алмааз нь олборлосон алмаазтай өрсөлдөх хэмжээний биш. Зүгээр л олборлосон алмаазыг нөхөж байна" гэж "Diamond Nexus" компанийн худалдаа, үйл ажиллагаа хариуцсан захирал Сайед Хайдер хэлжээ. Түүний хэлж буй нь өдөр тутмын гоёл чимэглэлд илүү том орон зай байна гэсэн санаа юм. Эмэгтэйчүүд үнэтэй, байгалийн чулуун сүйн бөгж зүүх боловч өдөр тутамдаа өөрт тохирсон өөр ээмэг, зүүлт зүүхийг хүсч байна. 

Мөн сүйт бүсгүйн бөгж бол нэг удаагийн худалдан авалт. Харин өдөр тутмын гоёлдоо зориулж тогтмол давтамжтайгаар лабораторийн алмааз худалдаж авна гэсэн үг.

Лабораторид ургуулсан алмааз нь зөвхөн чинээлэг хүмүүст зориулагдсан байсан зах зээлийг илүү ардчилсан хэлбэрт шилжүүлжээ. 

Дээр дурдсан "Dorsey" брэнд 2019 онд байгуулагдсан. Тус брэндийн борлуулалт 2021-2022 онд 600 хувиар өсчээ. Энэ жил амжилтаа бататгаад зогсохгүй, хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Белла Хадид, Жастин Бибер, Хэйли Бибер зэрэг алдартан "Dorsey" брэндтэй хамтран ажилладаг. Брэндийн хамт олон үнэтэй гоёл чимэглэлийг өдөр тутмын хувцас хэрэглэлийн нэгэн адил сурталчлах маркетингийг ашиглаж байна. 

Пандора

Пандора брэнд ч намрын кампанит ажлаа "Бүх нийтийн очир алмааз" гэсэн үгээр тодорхойлсон. Энэ сард тус брэнд Британийн загварын зөвлөлтэй хамтын ажиллагаагаа эхлүүлж, арванхоёрдугаар сард болох Британийн загварын шагнал гардуулах ёслолын ивээн тэтгэгчээр ажиллах болжээ. 

Харин "De Beers"-ийн гүйцэтгэх захирал Брюс Кливер лабораторид ургуулсан алмаазыг "мөнхийн биш ч гэлээ яг одоо ашиглахад тохиромжтой хямд гоёл чимэглэл" гэж тодорхойлсон байна. 

Өнөөдөр илүү өндөр зэрэглэлийн компаниуд лабораторийн алмаазны зах зээлд хөл тавьж эхэллээ. Тухайлбал, "LVMH" брэнд энэ сард гар хийцийн чулуугаар хийсэн шинэ цуглуулгаа танилцуулав. Байгалийн чулуунаас ялгахын тулд алмаазны шинэ төрлөө цэнхэр өнгөтэй гаргажээ. 

Үндсэндээ үнэт эдлэлийн салбарын томоохон тоглогчдын үл тоомсорлож боломгүй чиг хандлага нь лабораторид ургуулсан алмааз болов. Энэ төрлийн чулууны борлуулалт ойрын хэдэн жилдээ хоёр оронтой тоогоор өсөх хандлагатай байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж