Оросын газрын тосны хориг арга хэмжээг зөрчсөн байж болзошгүй 100 хөлөг онгоцны мэдээллийг авахыг хүссэн компаниудад АНУ-ын Сангийн яам мэдэгдэл илгээжээ. Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын албанаас Баасан гаригт дэлхийн 30 орчим орны хөлөг онгоцны менежментийн компаниудад уг мэдэгдлийг илгээсэн байна. Энэ нь АНУ болон түүний холбоотнууд Оросын газрын тосны орлогыг хязгаарлах зорилгоор үнийн дээд хязгаар тогтоосноос хойш Вашингтоны хийсэн хамгийн том алхам болов.
"Мөрдөн шалгалтын талаар ямар нэг мэдээлэл өгөхгүй. Гэхдээ Сангийн яам нь үнийн дээд хязгаарыг хэрэгжүүлэх, Украинд дайтах Оросын нөөцийг багасгах үүрэг хүлээсэн" гэж яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
"Их-7", Европын холбоо болон Австрали улс өнгөрсөн арванхоёрдугаар сард Оросын түүхий нефтийн үнийг нэг баррель тутамд 60 ам.доллар байхаар тогтоосон. Гэтэл энэ онд дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөн нь Оросын газрын тос ихэнх тохиолдолд үнийн дээд хязгаараас давсан гэсэн үг. АНУ өнгөрсөн сард ОХУ-ын нефтийг дээд хязгаараас дээш үнээр тээвэрлэсэн хоёр компанид хориг арга хэмжээ авсан.
Өдгөө мөрдөн байцаалт явуулж буй хөлөг онгоцнуудын зарим нь Оросын нефтийг Номхон далайн Козьмино боомтод, зарим нь Финландын булан дахь Приморск боомтод ачсан байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ