Исландын баруун өмнөд хэсэгт Баасан гаригийн шөнө дундаас өдрийн 14:00 цаг хүртэл 800 орчим газар хөдлөлтийн чичиргээ бүртгэгджээ. Галт уул дэлбэрч болзошгүй нөхцөл үүссэн тул Исланд улс онц байдал зарлав. Энэ хүрээнд далайн эргийн Гриндавик хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг тушаалаа.
Газар хөдлөлтийн хамгийн гүехэн хэсэг нь 3-3.5 км гүнд байжээ.
Үүсч буй магмын хонгил Гриндавик хотод хүрч болзошгүй гэж Исландын Иргэний хамгаалалтын агентлаг мэдэгдсэн байна. "Урьд өмнө байгаагүй том газар хөдлөлт болж магадгүй. Ийм дараалсан газар хөдлөлт дэлбэрэлт үүсгэж болзошгүй. Гэсэн хэдий ч магма гадаргууд ойртож буй шинж тэмдэг хараахан алга байна. Явцыг сайтар хянаж байна" гэжээ.
Харин эрх баригчид магма газрын гадаргад нэвтэрч, хаашаа орж болохыг хэлэх боломжгүй гэж мэдэгдэв. Магма газрын гадаргад гарч ирснээр дэлбэрэлт үүсгэж, лаав болж хувирдаг аж.
"Оршин суугчид хотыг орхих ёстой гэдгийг бид дахин хэлмээр байна. Гэхдээ энэ тийм яаралтай биш. Бэлтгэл ажил, аюулгүй байдлыг хангах, хотоос тайван гарахад цаг хугацаа хангалттай бий. Бид исландчуудад өмнө нь тохиолдож байгаагүй үйл явдалтай тулгарч буй нь тодорхой байна" гэж Иргэний хамгаалалтын агентлаг мэдэгджээ.
Исланд нь Дунд Атлантын нурууны шугамын дагуу Хойд Америк, Евразийг хуваадаг тектоник хавтангийн хил дээр байрладаг. Энд 32 идэвхтэй галт уул байдаг.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ