Алтны салбарын удирдах ажилтнууд ирэх долоо хоногт Дубайн таван одтой зочид буудалд болох уламжлалт Үнэт металлын чуулганд цугларна. Илтгэгчдийн дунд Лондонгийн үнэт металлын зах зээлийн холбооны ерөнхий зөвлөх “Хүнд хэцүү үед засаглалыг сайжруулах нь” сэдвээр илтгэл тавина.
Чуулганаар салбарын анхаарал татсан асуудал болох Оросын алтны худалдааны мэдээллийг хэлэлцэх юм. Их Британийн Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх агентлагаас өнгөрсөн долоо хоногт мэдээлэлдээ, ОХУ хориг арга хэмжээг тойрохын тулд алтыг өргөнөөр ашиглаж байгааг анхааруулж, "улаан дохио" өгчээ. "Их Британи болон дэлхий даяар алтаа зарж борлуулахын тулд худалдах зөвшөөрөлтэй нийлүүлэлтийн сүлжээнд гарал үүслийг нь нуун дарагдуулан шургалж байгаа" санаатай оролдлогын талаар тус агентлаг анхааруулав. Их Британийн засгийн газар Оросын алтны худалдаанд оролцдог тодорхой компаниудын эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ авч байгаагаа зарласан барууны анхны улс юм. Эдгээрт АНЭУ-д төвтэй алтны худалдаачин "Paloma Precious" багтаж байна.
Владимир Путин 2022 оны хоёрдугаар сард Украин руу довтолсоноос хойш тус компани 300 сая ам.долларын орос алт арилжаалсан гэж таамаглаж байна. АНЭУ нь өдгөө дэлхийн зах зээл дэх Оросын "сүүдрийн" алтны үүрэг рольтой холбоотойгоор маш их хяналтанд байна.
Тус металлыг ОХУ-аас АНЭУ зэрэг Москвагийн эсрэг хориг арга хэмжээ аваагүй орнуудын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд тээвэрлэж байгаа аж. Тэнд алтыг арилжахаас өмнө Оростой холбоотойг нь арилгахын тулд хайлуулдаг. "Нэгэнт хайлж, дахин цутгаж, боловсронгуй болгосны дараа гарал үүслийг нь шинжилгээгээр тогтоох боломжгүй” гэж Их Британийн агентлагаас анхааруулав. Алтны энэхүү нууц худалдаа нь ерөнхийлөгч Путины түрэмгийллийн дайнд орлогын чухал эх үүсвэр болж байна. Үүний дийлэнх нь АНЭУ-аар дамжиж байгаа нь тодорхой гэдгийг ажиглагчид хэлжээ.
Лондон бол дэлхийн алтны худалдааны төв бөгөөд уг худалдааг зохицуулдаг Лондонгийн үнэт эдлэлийн зах зээлийн холбоо Украиныг эзлэн түрэмгийлснийх нь дараахан Оросын алтыг хориглосон. Алт цэвэршүүлэх үйлдвэрүүдийг магадлан итгэмжлэн дэлхийн худалдааны жишиг тогтоодог тус холбоо нь 2022 оны гуравдугаар сарын 7-ноос эхлэн ОХУ-д үйлдвэрлэсэн гулдмайг худалдаалахыг хоригложээ. Барууны холбоотнууд ч үүнийг дагаж, 2022 оны долдугаар сараас эхлэн Оросын бүх алтыг экспортлохыг хориглосон байна.
Гэвч эдгээр хориг нь худалдааг хязгаарлахаас илүүтэйгээр чиглэлийг нь өөрчилсөн байна. Эмират улсын ОХУ-ын алтны импорт 2021-2022 оны хооронд 15 дахин өссөн болохыг НҮБ-ын мэдээллээс харж болно.
Гаалийн бүртгэлд үндэслэн тус компанийн арилжаалсан Оросын 300 сая ам.долларын үнэ бүхий алт нь дайны эхний 12 сард АНЭУ-д орж ирсэн нийт шар металын ердөө 7 хувьтай тэнцэж байна.
Дэлхийн алт боловсруулах үйлдвэрүүдийн дийлэнх нь магадлан итгэмжлэгдсэн байдаг бөгөөд энэ нь тэд боловсруулсан грамм алт бүрийн эх үүсвэрийг нотлох ёстой. Мөн жил бүр хөндлөнгийн аудитад хамрагддаг. Магадлан итгэмжлэгдсэн боловсруулах үйлдвэрүүд дэлхийн хэмжээнд жилийн олборлосон алтны 90 орчим хувийг эзэлдэг.
Харин дахин боловсруулсан алтны салбарт хяналт бага байдаг. Итгэмжлэгдсэн боловсруулах үйлдвэрүүд дахин боловсруулсан алтны үйлдвэрлэлийн 50-60 орчим хувийг эзэлдэг.
Энэ нь АНЭУ-ын зах зээлийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг дахин боловсруулсан алт юм. АНЭУ-д алт боловсруулах гурав, дөрвөн томоохон үйлдвэр байдаг. Аль нь ч дээрх холбооноос магадлан итгэмжлэгдээгүй. Энэ өнгөрсөн долдугаар сар хүртэл Эмират алт боловсруулах үйлдвэр нь Лондонгийн үнэт эдлэлийн зах зээлийн холбооны харьяа гишүүн байсан. Гэвч тус холбоо энэ зун зохих шалгалтыг хийж дууссаны дараа нефть боловсруулах үйлдвэрийн гишүүнчлэлийг "цаашдын мэдэгдэл хүртэл" түдгэлзүүлэв. Түр түдгэлзүүлсэн нь Оростой холбоотой байж болзошгүй гэж үзэж байна.
Мөн Арабын Нэгдсэн Эмират улс хариуцлагатай эх үүсвэр олох, мөнгө угаахтай тэмцэх стандартыг хангаагүй "Эмират Гоулд" компанийг Дубайн алтны зах зээлд нийлүүлэхийг хориглов.
Эмират Гоулдын одоогийн эзэмшигч нь "Paloma Precious" юм. Өнгөрсөн есдүгээр сард Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Rockfire Resources" Арабын Нэгдсэн Эмират улсын сайн нийлүүлэгчийн жагсаалтад эргэн орсон тохиолдолд Эмират алтны 100 хувийг худалдаж авахаар тохиролцсоноо зарлав. Үүний дараа тус компани Их Британийн хориг арга хэмжээ гүйлгээнд үзүүлэх нөлөөг тодорхойлохын тулд яаралтай хуулийн зөвлөгөө авч байгаагаа мэдэгдэв.
АНЭУ нь ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ аваагүй учраас Путин эдгээр боловсруулах үйлдвэрт Оросын алтыг чөлөөтэй экспортлох боломжтой. Орос улс Арабын Нэгдсэн Эмират зэрэг найрсаг орнуудад алтаа "угааж" байгаа нь Путин барууныхны хяналтаас гадуур ажилладаг "харанхуйн флот" байгуулж, Их-7-гийн газрын тосны үнийн дээд хязгаарыг тойрч чадсантай адил юм.
АНЭУ-аар дамжин өнгөрч буй Оросын алтны дийлэнх хэсэг нь Хятад, Энэтхэгт эргэлдэж магадгүй. Бүр цаашлаад зарим хэсэг нь Их Британид ч орж ирсэн байх боломжтой.
Орос улс жилд 300 гаруй тонн алт олборлож, 2021 онд эдийн засагт 12.6 тэрбум фунт стерлингийн ашиг олсон. Энэ нь Оросын дайны хүчин чармайлтад "чухал орлогын урсгал" бөгөөд газрын тос, байгалийн хийн дараа орох орлогын гол эх үүсвэр нь алт гэдгийг Гадаад хэргийн яам анхаарууллаа.
"Орос улс газрын тос, байгалийн хий, металлын олборлолт зэрэг олборлох үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүнийг хилийн чанадад зэвсэг худалдан авах, мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөхөд ашигладаг бартер маягийн эдийн засаг болж хувирсан" гэж "Foley & Lardner" компанийн үндэсний аюулгүй байдлын хуульч Кристофер Свифт тайлбарлав.
ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ