Өнгөрөгч долоо хоногт УИХ ирэх жилийн улсын төсвийг баталсан. Олох мөнгөн дүн нь 25 их наяд гаруй, үрэх мөнгөн дүн нь үүнээс 1.5 их наядаар илүү буюу 27 их наяд гаруй байхаар тооцсон агаад Засгийн газраас өргөн барьсан төсөлд төдийлөн засвар ороогүй, ус тосыг нь шахах учиртай гишүүд таг дуугүйхэн кноп дарж орхисны цаана авлига явж байгаа болохыг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлсэн. Ганц Н.Алтанхуяг ч хэлсэн юм биш, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Г.Ганболд үүнийг "гэрэл цохиулсан". Тэгвэл МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр /2023.11.13/хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө "Тэрээр, Гишүүдэд гурван тэрбум төгрөг хуваарилсан зүйл байхгүй. Хөрөнгө оруулалт гэдэг бол УИХ-д 45 хоног хэлэлцээд өнгөрдөг зүйл биш бүтэн жилийн хугацаанд хийгддэг ажил. Зураг, төсөв нь хуулийн дагуу хийгдээд магадлалын байгууллагаар батлагдсан обьектуудад л хөрөнгө оруулалтыг тавьж байгаа" гэж мэлзжээ.
Ямар ч тэнэг хүн "гишүүдэд гурван тэрбумыг өгнө" гээд төсвийн төсөлд суулгахгүй нь тодорхой. Гэхдээ тойргийн хөрөнгө оруулалт нэртэй жил болгон улсын төсөв дээр гишүүдэд "гарын мөнгө" өгдөг бичигдээгүй хууль үйлчлээд удаж байгаа. Гишүүдэд "гарын мөнгө"-ийг нь өгөхгүй бол төсвийг нь батлаж өгөхгүй гэдгийг Сангийн сайд сайн мэдэхтэйгээ.
Харин ч бүдүүн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын Төсвийн ажлын хэсэгт багтсан гишүүд өөрсдөдөө илүү төсөв батлуулсан гэж ангийн нөхөд нь хардаж байгаа гэх. Энэ мэт жил болгон улсын төсвөөс мөнгийг УИХ-ын гишүүд тойргийн хөрөнгө оруулалт нэрээр ах дүү, аав ээж, амраг садангийнхаа компаниар "угаадаг" нь ч худлаа биш.
Анх, Н.Энхбаярын Засгийн газар 2004 онд УИХ-ын нэг гишүүнд жилд 10 сая төгрөг төсөвлөж байсан бол энэхүү далд "авлига"-ын хэмжээ өссөөр 2006 онд 100 сая, 2007 онд 250 сая, 2008 онд 500 сая төгрөг, 2009-2012 онуудад нэг тэрбум, өнгөрсөн 2022 онд дөрвөн тэрбум болж байв. Энэ жилийн хувьд нэг тэрбумаар буурсан ч сонгуулийн өмнө тойргоо услаж, санал зулгаахад зориулж, "гурвын гурван тэрбум"-тай болсон гишүүд цатгалан, төсвөө тэр чигт нь батлуулсан засаг цатгалан үлдэж байна.
Б.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ