"Одоогоос 34 жилийн өмнө 1989 онд Монголын хөгжмийн зохиолчдын хорооны дарга Н.Жанцанноровын санаачилсан "Алтан намар" хөгжмийн наадмын хүрээнд морин хуурын наадмыг зохион байгуулж, 108 морин хуурч хуурдав. Энэ үеэр Өвөр Монголын Өөртөө Засах орноос морин хуурч Чи Булаг хүрэлцэн ирсэн. Чи Булагийн багш Б.Сандүүрэн. Түүний багш Г.Жамъян. Тэр үед Өвөр Монголд “Тахь” нэртэй Морин хуурын чуулга байдгийг мэдээд Монгол Улс Морин хуурын чуулгатай болохгүй бол болохгүй юм байна гэж хатуу бодсон" тухай Ардын жүжигчин, удирдаач Ц.Батчулуун агсны дурсамж яриа бий.
Дэлхийн сонгодог урлагийн тайзнаа морин хуурын аялгууг эгшиглүүлж, Монголын тал нутаг, цэнхэр тэнгэрийг сэтгэлд нь буутал дүрсэлж чадсан уран бүтээлчид бол Морин хуурын чуулгынхан.
Чуулгын уран бүтээлчид дэлхийн 21 улсад 95 удаагийн 600 гаруй удаа тоглолт хийж, эх орондоо 3000 гаруй тоглолтоо толилуулаад байна. "Морин хуур чуулга одоогоор 36 орон тоотой ажиллаж байна. Цаашид тус чуулгыг өргөтгөж, орон тоог нэмэх, хөгжим хэрэгслийг шинэчлэн сайжруулах шаардлагатай. Ойрын үед Морин хуур чуулгыг өргөтгөхтэй холбоотой шийдвэр гарна" гэдгийг ЕТГ-ын дарга Я.Содбаатар мэдээлэв.
Монгол Улсын Морин хуурын чуулгыг хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн, Ардын жүжигчин, уран сайхны ерөнхий удирдаач Ц.Батчулуун агсан 1992 онд анх үүсгэн байгуулсан түүхтэй. Ц.Батчулуун агсны хувьд БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын Жүжигчин алдарт морин хуурч Г.Жамъянгийн гарын шавь нарын нэг бөгөөд 2015 оны хоёрдугаар сарын 7-нд хүнд өвчний улмаас таалал төгссөн билээ.
- 1971-1985 онд УАДБЧ-д морин хуурч,
- 1985-1986 онд Баянхонгор аймгийн ХДТ-т хөгжмийн багш, удирдаач,
- 1986-1989 онд ХБДС-д багш,
- 1992-2015 онд Улсын филармонийн “Морин хуур” чуулгын дарга, уран сайхны удирдагч
- Чингис хааны академийн академичаар өргөмжлөгджээ.
Тэрээр З.Хангал, Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Г.Алтанхуяг, Э.Чойдог, Ц.Сүхбаатар нарын морин хуурд зориулсан бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд тоглож, Морин хуурын чуулгыг дэлхийд алдартай мэргэжлийн урлагийн байгууллага болгосон, морин хуурыг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн, түүнийг дэлхийд сурталчлахад үлэмж гавьяа байгуулж буй уран бүтээлчдийн “Гал голомт”, “Оюутан хөх огторгуй” зэрэг 10 гаруй дуу, Монголын болон Оросын хөгжмийн зохиолчдын олон томоохон бүтээлийг морин хууранд зохицуулж найруулан хөрвүүлжээ.
МОРИН ХУУРЫН ЧУУЛГА 30 ЖИЛИЙН ОЙГООРОО СОЁЛЫН ЭЛЧЭЭР ӨРГӨМЖЛӨГДСӨН
Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт /2022.10.02/ Соёлын төв өргөөнд болсон. Энэ үеэр Гадаад хэргийн яамнаас тус чуулгыг "Монгол Улсын Соёлын элч" хэмээн өргөмжилж, батламж гардуулсан байдаг. Чуулгын уран бүтээлчид дэлхийн алдарт театр, концертын танхимд тоглолтоо толилуулж, Монголын урлагийн түүхэнд тодоор бичигдэх түүхийг бичсэн билээ. Тодотговол, АНУ-ын Нью-Йорк хотын “Карнеги холл”, НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-гийн танхим, Австрийн Вена хотын филармони, ОХУ-ын Большой театр, Хятадын “Үндэсний их театр” буюу “Сувдан театр”, Мариинский театр, Японы эзэн хааны ордонд хуурын аялгууг эгшиглүүлсэн юм.
Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулгынхан 2023 онд Австралийн Сидней хотын Дуурийн театр болон Францын Версалийн ордны Хааны дуурийн театрт “Монголын сайхан орон” бүрэн хэмжээний тоглолтоо толилуулж, үзэгчдийг бишрүүлж чадсан.
Улсын Филармонийн Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдаж, 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Австри, Герман, Австрали зэрэг улсад тоглолтоо толилуулжээ. Ингэснээр Африк тив, Өмнөд Америк, Антарктид тивд л тоглолтоо хийгээгүй үлдлээ гэдгийг чуулгын удирдаач Д.Түвшинсайхан онцолж байв.
Морин хуурын чуулга, түүний бүрэлдэхүүний хамтлаг, уран бүтээлчдийн ардын дууны “Торгоны хээ”, киноны хөгжмийн “ Хайраар хөгжимдөхүй”, шилдэг бүтээлийн “ Best”, Японы шилдэг дуунаас бүтсэн “Defune” зэрэг 30 гаруй төрлийн цомог гаргасан байна.
МОРИН ХУУР ЧУУЛГА АНХНЫ ТОГЛОЛТОО 1993 ОНД ХИЙЖ, АРД ТҮМЭНДЭЭ ТАНИЛЦУУЛЖЭЭ
Морин хуурын чуулга 1992 оны долдугаар сард Морин хуурын чуулга байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарч, 1993 оны нэгдүгээр сард Хөгжим бүжгийн дунд сургууль дээр байрлаж, чуулгын бүрэлдэхүүнээ тогтож, бэлтгэл сургуулилалтаа эхлэн тус оны дөрөвдүгээр сарын 16-нд анхны тоглолтоо хийж үзэгч түмэндээ Морин хуурын чуулга гэдэг байгууллагыг танилцуулж байжээ.
Дараагаар нь 1994 оны зургадугаар сарын 1-нээс Засгийн газрын шийдвэрээр Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны бүрэлдэхүүнд орсон байна.
Тус чуулга төрийн ёслол хүндэтгэлийн том арга хэмжээнүүд, концерт, тусгай арга хэмжээ, “Алтан намар”, “Морин хуур” зэрэг дуу хөгжмийн наадмуудад байнга оролцохын зэрэгцээ уран сайхны болон баримтат кино, жүжгийн олон арван бүтээлүүдийг тоглохоос гадна Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаа, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Н.Жанцанноров, Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шарав, Төрийн шагналт З.Хангал, Ц.Чинзориг, Ц.Нацагдорж, Урлагийн гавъяат зүтгэлтэн Г.Алтанхуяг, Д.Баттөмөр, залуу хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Х.Алтангэрэл, Д.Түвшинсайхан болон Ж.Бизе, Дж.Пуччини, П.Чайковский, А.Дворжак, А.Хачатурян, Хэ Жин Хау, Чен Кай зэрэг сонгодог болон Монголын орчин цагийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийн урын сантай болжээ.
Холбоотой мэдээ