"ЦССҮТ хувь хүнд цус олгодоггүй"

Хуучирсан мэдээ: 2023.11.15-нд нийтлэгдсэн

"ЦССҮТ хувь хүнд цус олгодоггүй"

"ЦССҮТ хувь хүнд цус олгодоггүй"

Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд Цус сэлбэлт судлалын үндэсний төв төрийн болон хувийн хэвшлийн 70 гаруй эмнэлэгтэй гэрээ байгуулан цус цусан бүтээгдэхүүн нийлүүлэн ажилладаг байна. Зарим эмнэлэг өдөрт дор хаяж 1-2 удаа ирж шаардлагатай бүтээгдэхүүнээ авдаг бөгөөд тэр болгонд тусгай зориулалтын автомашин болон жолооч, сувилагч зайлшгүй шаардагддаг аж. Иймд замын түгжрэлд цаг алдахаас гадна эдийн засгийн хувьд ч өндөр зардал тухайн эрүүл мэндийн байгууллагаас зарцуулагдаж байдаг. Нөгөө талаас яаралтай үед цус зайлшгүй шаардлагатай өвчтөнүүдэд цус цусан бүтээгдэхүүний нөөц хангамж болон, үнийн талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Н.Эрдэнэбаяраас тодрууллаа.

ЦССҮТ-д тулгамдаж байгаа нэн шаардлагатай асуудал болон эмнэлэгүүдэд цус цусан бүтээгдэхүүнийг зөөвөрлөхөд ямар бэрхшээл байна вэ?

-Сүүлийн жилүүдэд эмнэлгүүдийн цус, цусан бүтээгдэхүүний захиалга болон эмнэл зүйн хэрэглээ эрс нэмэгдэж байна. Бидний математик загварчлал ашиглаж хийсэн судалгаагаар 2035 он хүртэл цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, Элэг шилжүүлэн суулгах болон ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс засалэмчилгээ түүнчлэн Монгол Улсад урьд нь хийгддэггүй байсан олон шинэ технологи, оношилгоо, эмчилгээнүүд нэвтэрснээр цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэх шалтгааны нэг болж байна. Үүнээс гадна хүн амын дунд цус цусан бүтээгдэхүүн эмчилгээнд нь зайлшгүй шаардлагатай өвчлөлүүд нэмэгдэх хандлагатай байна. Ганц статистик үзүүлэлт хэлэхэд цус цуглуулалт Улаанбаатар хотын хэмжээнд 2022 онд 32293 болж 2021 оны үзүүлэлтээс даруй 5000 гаруйгаар нэмэгдсэн. Ийм тохиолдол өмнө нь гарч байгаагүй бөгөөд нөгөө талаас нь авч үзвэл эмнэлгүүдийн захиалга өндөр байгааг харуулж байна. 2023 онд цус цуглуулалт өнгөрсөн оны мөн үетэй ойрлцоо байгаа ч эмнэлгүүдийн захиалга өмнөх оны мөн үеэс 2000 гаруй нэгжээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Цаашид Улаанбаатар хотын хэмжээнд цус цуглуулах суурин төвүүдийг шинээр нэмэгдүүлж байж өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах боломж бүрдэнэ. Өмнөх жилүүдэд Цусны албаны хэмжээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ЭМХХ-5 төсөл амжилттай хэрэгжсэн бөгөөд ЦССҮТ 14 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол одоо 36 нэр төрөл болгон нэмэгдүүлсэн. Энэ нь нөгөө талаас өндөр хөгжилтэй орнуудад үйлдвэрлэгддэг цус цусан бүтээгдэхүүнийг яг адилхан техник хэрэгсэл ашиглан үйлдвэрлэж байгааг харуулахаас гадна бүтээгдэхүүнд тавигддаг стандарт шаардлагыг хангаж байгааг илтгэж байна. Дээрх технологи шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэхэд цаашид төсвийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
-Донорын цусны үнэ өссөн гэх мэдээлэл гараад байна. ЦССҮТ цус, цусан бүтээгдэхүүнийг иргэнд худалддаг уу?
-Үгүй. Зарим цахим хуудсаар нэг талыг барьсан ташаа мэдээлэл гарсан байна. ЦССҮТ нь Монгол Улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний нөөц, аюулгүй байдлыг хариуцаж ажилладаг Эрүүл мэндийн яамны харьяа тусгай мэргэжлийн төв юм. Өөрөөр хэлбэл бид 21 аймагт байдаг цусны салбар төвүүдийг мэргэжил арга зүйн хувьд удирдаж ажилладаг. Улаанбаатар хотод улсын хэмжээний нийт цусан бүтээгдэхүүний 80 гаруй хувийг дангаар хангадаг бөгөөд энэ нь хүн амын тал хагас нь амьдардаг, эрүүл мэндийн голлох тусламж үйлчилгээ үзүүлдэг багууллагууд төвлөрсөн байдаг учир арга ч үгүй юм.

ЦССҮТ төрийн болон хувийн хэвшлийн нийт 80 гаруй эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулж цус, цусан бүтээгдэхүүнийг зөвхөн эмнэлгийн захиалгаар бэлтгэн, тухайн эмнэлэгт л олгодог. Харин хувь хүнд цус өгдөггүй болно.

Донорын өгсөн цуснаас үндсэн гурван төрлийн бүтээгдэхүүн хийх цаашид тусгай үйлдвэрлэлийн аргаар олон нэр төрлийн бүтээгдэхүүн болгон бэлтгэдэг бөгөөд эдгээр бүтээгдэхүүн нь өөрийн өртгөөс шалтгаалан харилцан адилгүй өртөг үнэлгээтэй байдаг. Бид 2022 оноос эхлэн Сангийн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан үнийн тарифийг мөрдөн ажиллаж байгаа ба цусны үнэ нэмэгдсэн гэх иргэний мэдээллийн тухайд аль эмнэлгээр үйлчлүүлснийг тодруулах шаардлагатай. Бидний хувьд гэрээний дагуу бүтээгдэхүүнээ эмнэлгүүдэд олгодог бөгөөд тухайн үзүүлж буй тусламж үйлчилгээний үнэлгээнд хэрхэн тооцогдож буйг шууд хэлэх боломжгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж