Нисэх-Яармаг-Энхтайваны чиглэлийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэр саадгүй зорчих болгох үүднээс хайсаар тусгаарлах туршилтын ажлыг өнгөрсөн ес, аравдугаар сард хийсэн. Ингэснээр түгжрэл тодорхой хэмжээнд саарч, нийтийн тээврийн хурд нэмэгдэж, хувийн унаанаас татгалзах иргэд ихсэх үр дүнтэй гэж тооцсоноо албаныхан онцолж байв. Гэсэн ч тус туршилт үр ашиггүйн дээр иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учир тусгаарлах хайсыг авч, төмрийн хаягдалд тушаасан гэх мэдээлэл цахим хуудаст гарсан.
Тэгвэл 950 гаруй сая төгрөгийн үнэлгээтэй нийт 12 мянган метр урт хашааг замын нэгдүгээр эгнээг тусгаарлаж тавьснаас зарим байршлын хайсыг авчээ. Ингэхдээ тухайн төмрүүдийг хаягдалд тушаагаагүй гэдгийг албаныхан онцлов.
Түгжрэл бууруулах нэрийдлээр тусгаарлах хайс, хашаа байршуулж, туршилт гэж төсвийн хөрөнгийг үргүй зарахын оронд бодитой ажил хийхийг иргэд албаныхнаас шаардаж байгаа юм. Тодруулбал, нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй тусгаарлалтын хашаанаас илүү бодит ажил хийхийг Түгжрэлийг бууруулах үндэсний хороо болон нийслэлээс иргэд шаардаж байна.
Нисэх, Яармаг чиглэлийн иргэд зөвхөн бухимдлаа илэрхийлээд зогсохгүй цахим хуудаст тус замаар зорчдог бүх хүн дургүйцлээ хэлж байгаа юм.
Гэсэн ч цаашид эгнээ тусгаарлах ажлыг зогсоохгүй бөгөөд туршилтыг цаашид албажуулж, нэгдүгээр эгнээг тусгаарлах ажлыг сайжруулж, камержуулалтыг нэмэгдүүлж, зорчих хөдөлгөөнд саад учруулсан иргэд, жолооч нарт хариуцлага тооцохоо албаныхан мэдээллээ.
Холбоотой мэдээ