"Цалин, тэтгэврийн нэмэгдэл 3.4 их наядыг халамж гэж хэлэхгүй байх"

Хуучирсан мэдээ: 2023.11.13-нд нийтлэгдсэн

"Цалин, тэтгэврийн нэмэгдэл 3.4 их наядыг халамж гэж хэлэхгүй байх"

"Цалин, тэтгэврийн нэмэгдэл 3.4 их наядыг халамж гэж хэлэхгүй байх"

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Сангийн сайд Б.Жавхлан нар өнөөдөр /2023.11.13/ 2024 оны төсөв батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.


Сангийн сайд Б.Жавхлан:

-Монгол Улс түүхэндээ анх удаа төсвийн давсан орлогоороо тодотгол хийж байна. Үүнээс 1.5 их наяд нь энэ жилийн сүүлийн хагаст цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулсан зардал байлаа. Ингээд төсвийн гүйцэтгэлээрээ орлого биелээд явж байна. Ирэх жил эдгээр цалин хөлсний нэмэгдлийг бүтэн жилээр нь баталгаажуулж, төсөвт оруулах суурь зардал нь 3.4 их наяд төгрөг болж байгаа. Энийг хэн ч халамж гэж хэлэхгүй байх. Бид цар тахал, дэлхийн геополитикийн дайны нөхцөл байдалтай нүүр туллаа. Өнгөрсөн 2019 оныг хүртэл жил болгон цалин, тэтгэврээ дор хаяж 6-8 хувь нэмдэг байсан бол сүүлийн гурван жилд баланс алдагдсан. Тэр бүр нэмж чадаагүй. Инфляци ч өндөр байсан. Тийм учраас энийг бид эхний боломжоороо нэмж байгаа юм.

Ирэх жилийн 4.9 их наяд төгрөг дээр нэмэгдсэн зардлын 3.4 их наяд төгрөг нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл. Мөн 20-иад хувь нь ирэх жилээс хэрэгжих Боловсролын багц хууль, Нийгмийн даатгалын багц хуулиудын шууд зардалд зарцуулна. Ирэх жил нэг удаагийн арга хэмжээ буюу Олимп, УИХ-ын сонгууль болно.

Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөхөн олговрыг өгнө. Ингээд 4.9 их наядын 300 тэрбум төгрөг буюу тав хүрэхгүй хувь нь өмнөх жилийнхээс нэмэгдэж байгаа хөрөнгө оруулалт юм. Тэгэхээр зарим нь ирэх жилийн сонгууль угтсан төсвийн тэлэлт гэж шүүмжилж байгаа. Тоог харахад тэгж дүгнэж болох ч задлаад харвал зайлшгүй нэмэгдэх ёстой өсөлтүүд байгаа юм. Хөрөнгө оруулалтын хувьд иргэд төсвийн номон дээрээс харж хэлээд байдаг. Гэтэл төсвийн харилцаагаар төсвийн зардлаас гадна гадаад зээл тусламж, төр хувийн хэвшлийн түншлэл гээд олон сувгаар хөрөнгө оруулалтыг хийдэг. Ингээд харвал дүр зураг өөр харагдана.

Бид богино хугацаатай, 5-20 тэрбум дотор хийдэг сургууль, цэцэрлэгийг төсвөөсөө барьж сурсан. Тэгвэл том төсөв шаарддаг эрчим хүч, зам тээвэр зэрэг өндөр өртөгтэй дэд бүтцийн салбарыг гадаадын зээл тусламжаар санхүүжүүлдэг. Ирэх жил "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд эрчим хүч, аж үйлдвэрийн сэргэлтийг дэмждэг зам тээврийн салбарыг хөрөнгө оруулна. Орон нутаг руу чиглэсэн эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжинэ. Жишээлбэл, эрчим хүчний салбарт 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Ингэснээр 13 хувь эрчим хүчний сэргэлт нэмэгдэнэ.

Мөн зам тээврийн салбарт хоёр их наяд гаруй төгрөгийн санхүүжилт бүхий 1000 гаруй километр замыг тавина. Дэлхийн банкны урт хугацааны зээлээр анх удаа 350 тэрбум төгрөгөөр их засвар хийнэ. Улсын чанартай 7000 км том замууд эхнээсээ засвар хийх шаардлагатай болсон.

Нэн тэргүүнд, Дорнод аймаг руу явдаг "Тамын-50" зам болон Өмнөговь аймгаас Дундговь руу явдаг замыг засна. Мөн таван цагариг бүс дээр замын ажлыг хийнэ. Жишээлбэл, Ховд-Улаангом-Алтай-Улиастайг холбосон босоо хоёр холбоос замыг барина. Мөн Чойроос хоёр тийшээ салж явах замыг тавина. Хөвсгөл, Булганаас ирж байгаа урсгал Дархан орохгүйгээр Орхоны гүүрээс салаад Баянчандмань чиглэлээр 170 км орчим зам товчилж явдаг болно.

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ САНД НАЙМАН ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРСӨН

Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах 49 сая ам.долларын санхүүжилт болон Хятадын талаас санхүүжүүлж буй Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт үргэлжилнэ. Гол гурван том дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Мөн эрүүл мэндийн салбарт зураг төсөл нь хийсэн бүхий л том бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаа.

Гамшигтай холбоотой асуудалд нөөц сангаас санхүүжилт гаргадаг. Аймгийн удирдлагуудтай жил бүр гэрээ хийж байгаа. Жил бүр өвөлжилтийн бэлтгэлээ хангаж, аймгийн удирдлагууд өөрсдөө бүрэн бэлтгэлээ хангах ёстой. Юм болгоныг Засгийн газрын нөөц сангаас хариуцна гэж байхгүй. Дийлэх ч үгүй. Сүүлийн хоёр жил 80 тэрбум төгрөгийг нөөцөлж байна. Улсын үйлдвэрийн газруудад томоохон өөрчлөлтийг хийж, Төсвийн хэмнэлтийн хүрээнд чанга бодлого барина. Тухайн үйлдвэрийн  төсвийн орлогыг төвлөрүүлж, үндсэн үйл ажиллагаа, нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Мөн нэг хувиас давсан хөрөнгө оруулалттай бол шаардлагатай бол УИХ-аар батлуулдаг болно. Сүүлийн хоёр жил улсын төсөвт төвлөрүүлдэг мөнгө нь эрс нэмэгдсэн.

Архидан согтууруулахтай тэмцэх сан 2022 оны долдугаар сард шинээр нэмэгдсэн. Сангийн журам 2023 оны нэгдүгээр сард гарсан. Энэ санд найман тэрбум төгрөг төвлөрсөн.

"ТОЙРОГ БҮРТ 3 ТЭРБУМ ТӨГРӨГ ХУВААРИЛЖ, ЯНЗ БҮРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН АСУУДАЛ БАЙХГҮЙ"

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Хавдрын эмнэлгийн санхүүжилтыг 2024 оны улсын төсөвт тусгаагүй байсан. Одоо Засгийн газар гэрээ байгуулж, зураг төслийг нь хийж байгаа. Эцсийн санхүүжилтын дүн гараагүй. Эдийн засаг, хөгжлийн сайд энэ санхүүжилтыг шийднэ. Ирэх 3-4 сард зураг төсөл нь гарна. Газар нь шийдэгдчихсэн. Эхлэлийн хөрөнгө оруулалтад 10 тэрбум төгрөгийг тусгасан. Үүнээс цаашаа ашиглаж чадахгүй юм. УИХ-ын гишүүдэд гурав, гурван тэрбум төгрөг хуваарилсан юм байхгүй. Өөрийнхөө тойрогт хөрөнгө оруулалт ахиу тавих сэтгэлтэй байдаг. Гэхдээ хамгийн чухал нь зураг, төсөвтэй байх шаардлагатай гэдэг шалгуурыг тавьсан.

Тойрог бүрт гурван тэрбум төгрөг хуваарилж, янз бүрийн хөрөнгө оруулалт хийсэн асуудал байхгүй.

Нийт төсвийн зарлагыг 393 тэрбум төгрөгөөр бууруулсан. Тэр мөнгөний 140 тэрбум нь тэтгэврийн нэмэгдэл, 150 тэрбум нь хөрөнгө оруулалт, 80 тэрбум нь урсгал зардлыг нэмэх асуудал байгаа. Төсвийг жалгаар нэг тараагаагүй ээ. Хөрөнгө оруулалтын 150 орчим тэрбум төгрөгийн ихэнх нь 110 объектыг дуусгахад зарцуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж